Эрчим хүчний сайд М.Сономпил
2014.04.04

М.Сономпил: Үүргээ биелүүлээгүй “Ойгон нуур” компанийн гэрээг цуцаллаа

Төрөөс зарласан тендерт оролцсон ч гэрээнд заасан үүргээ гүйцэтгэдэггүй байдлаас болж Баянхонгорын 3 сум төвийн эрчим хүчинд холбогдож чадахгүй байна.

Ажил гүйцэтгүүлэх гэрээ байгуулснаас хойш 2 жил өнгөрсөн ч одоо хүртэл үүргээ биелүүлэхгүй байгаа учир салбарын яам гэрээг цуцалж төрийн өмчит компаниар гүйцэтгүүлэхээр болоод байна.

Баянхонгор аймгийн Баянлиг сумаас Шинэжинст сум хүртэлх эрчим хүчний шугам тавих ажлыг гүйцэтгэхээр "Ойгон нуур" компани засгийн газартай 2012 оны 7 сард гэрээ байгуулсан байна. Харин Шинэжинстээс Баянцагаан Баян-Өндөр хүртэлх шугамыг "Энерго стар" компани гүйцэтгэхээр болсон байна.

"Энергостар" гэрээнд заасан цаг хугацаандаа биелүүлж ажиллаж байгаа. Гэтэл Шинэжинстэд ирэх станц Ойгон нуур компаний үйл ажиллагаанаас шалтгаалан өдий хүртэл сунжирч байгаагаас энэ гурван сум эрчим хүчинд холбогдож чадаагүй байна.

Эрчим хүчний сайд М. Сономпил: “Ойгон нуур" компаний үйл ажиллагаа болон эрчим хүчний барилга байгууламж барих зөвшөөрлийг цуцалж байна. Эрчим хүчний яамны дэргэдэх "Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК" болон “Эрдэнэт-Булганы цахилгаан түгээх сүлжээ ХК”-иуд  үлдсэн ажлыг хийж гүйцэтгэхээр шийдвэр гаргалаа.”

Өнгөрсөн 2 жилийн хугацаанд "Ойгон нуур" компанид салбарын яамнаас удаа дараа шаардлага тавьж үйл ажиллагаанд нь хяналт тавьж байсан. Гэтэл тус компани шаардлагатай санхүүжилтийг өөр зориулалтаар хэрэглэсэн нь тогтоогдсон байна.

Ойгон нуур компани 2 жил сунжруулж байгаа энэ ажлыг төрийн өмчийн компани 45 хоногийн дотор хийж гүйцэтгэх үүргийг салбарын сайд нь өглөө. Гүйцэтгэх компаниас энэ ажлыг цаад тал нь 2 сарын хугацааанд хийж дуусгах амлалтыг өгч байлаа.

Эрчим хүч бол үндэсний аюулгүй байдалтай холбоотой салбар. Тиймээс энэ салбарын ажилд хариуцлагагүй хандсан ААН-д хатуу хариуцлага тооцно гэсэн байр суурийг салбар яамнаас илэрхийлж байна.