Монголд Темасекийн загвар тохиромжтой
Улсын Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр
2014.04.18

Монголд Темасекийн загвар тохиромжтой

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачлан Улсын Их Хуралд өргөн барьсан Төрийн аж ахуйн үйл ажиллагааг хязгаарлах тухай хуулийн төсөл болон “Ухаалаг төр”-ийн концепцийн хүрээнд төрийн өмчийн талаар баримталбал зохих бодлогын тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяртай ярилцав.

-Яриагаа цаг үеийн сэдвээс эхэлье. Төр данхайж байгаа талаар өнгөрсөн оноос эхлэн бүх түвшинд хэлэлцэж байна. Ухаалаг төрд шилжиж том төрийг хумих, төр аж ахуйн үйл ажиллагааг хязгаарлах талаар яриад удлаа. Ямар дорвитой алхам хийгдэв ээ?

-“Ром хотыг нэг өдөрт бариагүй” гэсэн үг бий. Байшин барихад газраа бэлдэж, сууриа цутгаад тулгуур баганаа босгодог шиг аливаа өөрчлөлт, шинэчлэлийг алхам, алхамаар ахиулж урагшлуулдаг. Өнгөрсөн он жилүүдэд тунаж хуримтлагдсан олон асуудлыг нэг далайцаар шийдэх гэж оролдох нь тийм ч зөв зүйл биш. Ард түмэн шаардаад, нийгэмд хүлээлт үүсгээд байгаа асуудлуудыг хөндөж, тэдгээрийг шат дараатайгаар, шинжилгээ, судалгаатайгаар  шийдвэрлэх нь өөрөө ухаалаг төрийн зарчим. Энэ л зарчмынхаа дагуу бид эхний ээлжинд Төрийн аж ахуйн үйл ажиллагааг хязгаарлах тухай хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн барьчихаад байна. Энэ хууль маань төрийн өмчийн суурь бодлогыг тодорхойлсон хууль батлагдах хүртэл төрийг нэмж данхайлгахгүй байх, төрийн өмчит үйлдвэрийн газар, компани замбараагүй байгуулж байгаа, хуульд заасан, заагаагүй зохион байгуулалтын хэлбэрийг ашиглан төр аж ахуйн үйл ажиллагаа явуулж буй өнөөдрийн байдлыг хазаарлах зорилготой юм.

-Төр аж ахуйн үйл ажиллагаа явуулах нь буруу гэж үү?

-Буруу, зөвийн асуудал яривал дуусашгүй маргаан болох байх. Хамгийн гол нь өнгөрсөн он жилүүдэд Монгол Улс хувийн өмчид суурилсан олон тулгуурт эдийн засаг байгуулна гэж зорьж хувьчлалын бодлогыг хэрэгжүүлж ирсэн. Гэтэл 2012 оноос хойш төрийн өмчит компани байгуулах байдал эрчимтэй нэмэгдсэн. Хуулийн төслөө өргөн барьснаас хойш гэхэд л Засгийн газар аж ахуйн үйл ажиллагаа явуулах зорилготой 2 бүтэц байгуулчихаад байна. Төрийн эдийн засаг дахь оролцоог аль болох “гадна талаас нь” буюу эрх зүйн орчноор дамжуулах чиг баримжаа алдагдсан байна.

-Тодруулбал?

-Төрийн бодлогыг “дотроос нь” хэрэгжүүлнэ гэж олон тооны төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд, тэдгээрээс гадна иргэний хууль зөрчсөн бизнесийн байгууллагын хэлбэр бүхий нэгжүүдийг байгуулсан. Аж ахуйн үйл ажиллагаа явуулна, алдагдалтай ажиллана, төрөөс санхүүжинэ, төрөөс татаас авна, төсөвт дарамт болно. Аж ахуйн үйл ажиллагааны эрсдлийг татвар төлөгчдөд үүрүүлж байгаа хэрэг л дээ. Дээр нь хувийн хэвшилд байхгүй давуу талыг өөртөө бий болгоно, зах зээлээс шахна. Салбарын яам нь ямар шийдвэр гаргахыг урьдчилаад мэдчихсэн, бэлдчихсэн, өөрийнхөө Төлөөлөн Удирдах зөвлөлд суудаг дарга нартай нь яриад тохирчихсон газартай хувийн хэвшил яаж өрсөлдөх вэ. Төр аж ахуйн үйл ажиллагаа руу орох тусам л хувийн салбарыг, чин шударгаар ажиллаж буй бизнесменүүдээ боомилно, модыг нь бариулна гэсэн үг шүү дээ. Ийм учраас төр өөрийн өмчийн харилцааг зохицуулсан, төрийн эдийн засаг дахь зүй зохистой оролцоог тодорхойлсон хууль батлагдах хүртэл нэмж шинээр аливаа бүтэц, нэгж байгуулах явдлыг хязгаарлах шаардлагатай байгаа юм.

-Төрийн аж ахуйн үйл ажиллагааг хязгаарлах тухай хуулийн төсөл нь  төрийн өмчийн талаарх бодлогыг тодорхойлсон суурь хууль гарах хүртэл хөрс шороог нь бэлдэх юм байна гэж ойлголоо. Суурь хууль маань өөрөө ямар үзэл баримтлалтай хууль вэ?

-Төр нь эдийн засгийн харилцаанд зохицуулагчийн хувиар оролцох Үндсэн хуулийн үзэл санааг хэрэгжүүлэхэд чиглэнэ. Ардчилсан дэглэмтэй, зах зээлийн эдийн засгийн тогтолцоотой улс орнуудад нийтлэг мөрддөг “төрийн зохицуулах болон өмчлөлийн бодлого салангид байх” зарчмыг бодитойгоор хэрэгжүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлэхэд хуулийн маань амин сүнс оршиж байгаа. Гэхдээ төрийн аж ахуйн үйл ажиллагааг хязгаарлана гээд хөл гарыг нь бүр баглачих юм биш. Эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх чухал ач холбогдолтой томоохон төслийг хэрэгжүүлэхэд төр тэргүүлэгч хэвээр байх юм. Гэхдээ томоохон төсөл нэрийн доор бүгдийг хамруулаад эрхлээд байх боломжийг нь бас хаасан. Өөрөөр хэлбэл, тухайн төслийг Засгийн газар хэрэгжүүлэх шаардлагатай эсэхийг судалгаа шинжилгээнд тулгуурлан УИХ шийддэг байхаар зохицуулж байна.

-Төрөөс аж ахуйн үйл ажиллагаа эрхлэхийг бүр хориогүй юм байна. Ямар чиглэлийн үйл ажиллагааг эрхэлж болохоор тусгав?

-Төр зөвхөн нийтийн хэрэгцээний аж ахуйн үйл ажиллагааг эрхэлж болно. Энэ бол олон улсын жишиг л дээ. Үндэсний аюулгүй байдал, нийтийн эрх ашигт нөлөөлөхүйц эрчим хүч, цэвэр ус, харилцаа холбоо зэрэг салбар яах ч аргагүй төрийн онцгой анхааралд байх ёстой. Боловсрол, эрүүл мэнд, нийгмийн халамжийн салбарыг ч төр авч явна. Ийм учраас энэ салбаруудад яамдынх нь оролцоог бүр хорьчихож болохгүй. Хуулийн хавсралт гэж барим бичиг байхаар бид төлөвлөж байна. Энэ хавсралтад төрийн зайлшгүй авч явах ёстой нийтийн хэрэгцээний хуулийн этгээдийг нэрсээр нь УИХ батлах юм.

-Төр ашгийн төлөөх аж ахуйн үйл ажиллагаа явуулж болох уу?

-Аж ахуйн үйл ажиллагаа гэдэг эцэстээ ашгийн төлөө үйл ажиллагаа байдаг шүү дээ. Нийгмийн хэрэгцээний аж ахуйн үйл ажиллагаа ч ашгийн төлөө байх ёстой. Ашигтай ажиллах эсэх нь дараагийн асуудал. Эдгээрээс гадна зөвхөн нийгмийн хэрэгцээний бус, цэвэр ашгийн төлөө хуулийн этгээдийн хувьцааг төр эзэмшиж болно. Сингапур улсын Темасек корпорацийн үйл ажиллагааны үндсэн зарчим тэр шүү дээ. Засаглалын хувьд Темасек корпораци төрийг төлөөлж зөвхөн хувьцаа эзэмшигчийн чиг үүргийг хэрэгжүүлээд явдаг. Бизнесийн дотоод үйл ажиллагаанд хуруу, хошуу дүрээд байхгүй. Бид ийм засаглалын тогтолцоог Төрийн аж ахуйн үйл ажиллагааны тухай хуульд суулгахыг хичээж байна. Төр ашгийн төлөө аж ахуйн үйл ажиллагаанд үйлдвэрлэл эрхлэгчийн хувиар бус, мэргэжлийн хөрөнгө оруулагчийн хувиар л оролцоно. Манайд одоо үйлчилж буй эрх зүйн орчны хүрээнд маш олон төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компаниуд байгаа. Улс төрөөс ангид байж чаддаггүй гашуун зовлон бий. Асуудлын гол нь засаглалын тогтолцоондоо байгаа.

-Шинэ хуулиар энэ засаглалын тогтолцоог засч чадах уу? Ямар хувилбар санал болгож байна?

-Энэ талаар би дээр хэлсэн. Темасекийн хувилбарыг баримжаалж байгаа гэж. Удирдлага, зохион байгуулалтын хувьд улс төрөөс ангид байлгах нь гол зорилго. Тийм учраас Төрийн өмчлөлийн бодлогыг хэрэгжүүлэгч нь Темасекийн Монгол хувилбар холдинг компани байх юм. Хөрөнгө оруулалт хийх замаар эзэмшсэн компаниудын үнэт цааснаас гол төлөв бүрдэх үндсэн болон эргэлтийн хөрөнгөтэй байна. Цорын ганц хувьцаа эзэмшигч нь төр, түүнийг төлөөлж Сангийн яам байна. Холдинг компани нь улс төрийн нөлөөллөөс ангид байх нөхцөлийг бүрдүүлсэн Төлөөлөн удирдах зөвлөлтэй байх нь хамгийн чухал. Тэнд хэдэн яамных нь сайд, дарга, эсвэл хамаатан нь очоод суучихгүй. Ингэхийн тулд зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлэх хороо гэж байна. Тэр хорооны шүүлтүүрээр дамжиж ТУЗ-ийн дарга, гишүүдэд нэр дэвшүүлнэ. Нэр дэвшүүлэх хороо ч өөрөө шүүлтүүртэй байх ёстой. Тэнд нь улс төрчид ороод суучихдаг бол өнөөдрийн алдааг засч чадахгүй. Тийм учраас шалгуур, нөхцөл тавина.

-Сингапурын хувьд Ерөнхийлөгч нь Темасекийн тогтолцоонд их чухал байр суурьтай оролцдог шүү дээ?

-Тийм ээ. Манайд ч бас их тохиромжтой болов уу. ТУЗ-ийн гишүүд, даргыг нэр дэвшүүлсний дараа Ерөнхийлөгч томилохоор төсөлдөө тусгаад байгаа. Монгол Улсын Ерөнхийлөгч гэдэг бол төрийн тэргүүн, ард түмний язгуур эрх ашгийг илэрхийлэгч. Аль ч улс төрийн хүчинд хамаарахгүй, гол чигийг баримталж шийдвэр гаргах институци. Эрх баригч нам, эвслээс хамааралтай УИХ, Засгийн газар гэсэн хувилбаруудаас хамгийн тохиромжтой нь юм болов уу даа гэж харагдаж байна. Төрийн өмчийг удирдах, хамгаалах, захиран зарцуулалтад хяналт тавих нэрээр бизнесийн үйл ажиллагаанд хэт хутгалдан оролцох төрийн албан тушаалтнуудаас ангид байж чадвал бизнесийн шийдэл гаргалтад саад учрахгүй.  Ингэснээр хувийн хэвшилтэй нэгэн адил уян хатан, мэдрэмжтэй, түргэн шуурхай ажиллах, бизнесийн эрсдлээс зайлсхийх замаар ашигтай ажиллаад эхэлнэ. Төсөв саалийн үнээ шиг байдгаа болино шүү дээ. Хуулийн төсөлд олон нарийн зохицуулалтуудыг тусгаж байгаа, олон судалгаанууд ч энэ чиглэлээр хийгдэж байна. Санхүүгийн тайлан тооцоог олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн аудитын байгууллагаар баталгаажуулах, УИХ-д үйл ажиллагаагаа болон санхүүгээ тайлагнах, ирээдүйн өв сан, бусад институцтай хэрхэн харилцах гээд нарийн зохицуулалтуудыг тусгаж байна.


-Ярилцлага өгсөнд баярлалаа.