Д.Бат-Эрдэнэ: Зохиогчийн эрхийн болон Патентын тухай хуулийг шинэчилнэ
Оюуны өмчийн газрын Мэдээлэл, сургалт, сурталчилгааны хэлтсийн дарга Д. Бат-Эрдэнэтэй ярилцлаа.
- Монголын зохион бүтээгчдийн яармагийг зохион байгуулах талаар тодорхой ярихгүй юу?
Дөрөвдүгээр сарын 26-ныг Дэлхийн оюуны өмчийн өдөр, Монгол улсын оюуны өмчийн эрхийг хамгаалах өдөр болгон тэмдэглэдэг уламжлалтай. Энэ жил бид уг өдрийг өвөрмөц байдлаар тэмдэглэх бөгөөд “Монголын зохион бүтээгч иргэдийн яармаг”ийг зохион байгуулахаар боллоо. Уг арга хэмжээг “Төмөрлөг, машин үйлдвэрлэлийн үндэснйи холбоо”, “Зохион бүтээгчдийн холбоо”, “Залуу зохион бүтээгч” нэвтрүүлгийн албатай хамтарч явуулна.
Монгол улс үйлдвэржилтээ хөгжүүлэх, техникийн боловсролыг түлхүү эзэмшүүлэх, шинэ бүтээл, оновчтой санааг зах зээлд нэвтрүүлэх зайлшгүй шаардлагын өмнө ирчихээд байна. Тиймээс бид зохион бүтээгчдийнхээ ажлыг дэмжих, сурталчлах зорилгоор уг яармагийг зохион байгуулахаар шийдсэн.
Монголд металлург, машин үйлдвэрлэлийн салбарыг хөгжүүлж чадвал 300 орчим мянган ажлын байрыг бий болгоно.
“Залуу зохион бүтээгч” нэвтрүүлгийн хамт олон оролцож буйн учир нь зохион бүтээгчдийн гаргасан санаа нь оюуны өмчтэй нягт холбоотой. Оюуны өмчийн байгууллага уг нэвтрүүлэгтэй анхны нэвтрүүлгээс нь эхлээд дөрвөн жил хамтран ажиллаж байна. Чамгүй олон загварыг бүртгэсэн. Цаашдаа дэлхийн зах зээлд зохион бүтээгчдийн ажлыг гаргахад ч хамтарч ажиллана.
Гаднаас вагон вагоноор нь оруулж ирдэг юмыг өөрөө хийчихсэн хүн монголд байна. Тэр хүний бүтээлийг яармаг дээр танилцуулна. Олон үндэсний үйлдвэрлэгчид хийсэн зүйлээ авчирч тавина. Дотоодод хийсэн хадаас хүртэл бий. Түүнчлэн Монголд хийсэн, Японы зах зээлд гаргасан бүтээгдэхүүнүүд тавигдана.
Хөрөнгө оруулагчид яармаг дээр ирж өөрийн түншүүдийг олох боломжтой.
- Оюуны өмчийн газар 2014 онд ямар ажлуудыг төлөвлөсөн бэ?
Оюуны өмчийн газар бол оюуны өмчийн тухай хууль тогтоомжуудыг хэрэгжүүлдэг, оюуны өмчийн бүртгэл, сургалт сурталчилгааг, хяналт шалгалтыг хийдэг. Энэ онд бид юуны түрүүнд Патентын тухай хууль, Зохиогчийн эрхийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар санал авч байна. Түүнчлэн Засгийн Газрын мөрийн хөтөлбөрийн хүрээнд оюуны өмчийн салбарт ажилладаг эрдэмтэн, судлаачдын бүтээлийг эдийн засгийн эргэлтэд оруулах, оюуны өмчийн санг бий болгоход анхаарч ажиллаж байна. Мөн үндэсний шилдэг бренд шалгаруулах ажлыг холбогдох газруудтай хамтарч хийнэ.
Зохиогчийн эрх байнга зөрчигддөгийн шалтгаан нь тухайн хүн өөрийн хийсэн зүйлээ хамгаалж чаддаггүйтэй холбоотой. Бүтээл эзэмшигч маань энэ үүргээ мартдаг.
- Нийгмийн ямар шаардлагын улмаас дээрх хоёр хуулийг өөрчлөх болов?
Ер нь оюуны өмчийн хуулиуд түргэн өөрчлөгддөг. Эдийн засагт олон тооны өөрчлөлт гарч, автоматжуулалт амьдрал нэвтэрсэн. Хамгийн сүүлд 2006 онд шинэчилсэн. Үндсэн шалтгаан гэвэл ийм.
- Яагаад зохиогчийн эрх байнга зөрчигдөөд байна вэ? Хуулийн заалт яагаад хэрэгжихгүй байна?
Бусдын бүтээлийг ашигласан тохиолдолд ямар хариуцлага үүрүүлэх тухай Зохиогчийн эрхийн тухай хууль болон холбогдох хуулиудад тодорхой заасан. Хууль бус бүтээлийг хурааж улсын орлого болгох, тухайн этгээдийг торгох, цаашилбал эрүүгийн хариуцлагад татах заалтууд бий.
- Оюуны өмчийн газарт аж үйлдвэрийн нийтдээ хичнээн бүтээл бүртгэлтэй байдаг вэ?
Аж үйлдвэрийн оюуны өмчид инэ бүтээл, барааны тэмдэг, ашигтай загвар, газар зүйн заалт гэсэн оюуны өмчийн объектууд хамарна. 4000 орчим шинэ бүтээл, 40 000 гаруй дотоодын болон гадаадын барааны тэмдэг, 3000 орчим ашигтай загвар бүртгэлтэй.