Бидэнд авилгалыг ил харуулах бололцоо бий
Чингисийн талбайд сандалтай тайван жагсаал зохион байгууллаа. Жагсаалд валютын ханшийн өөрчлөлт амьжиргаанд нь нөлөөлсөн иргэд болон хадгаламж зээлийн хоршооны хохирогчид оролцжээ.
Долларын ханш хэт өссөн нь албан тушаалтнуудын буруу үйлдлээс улбаатай гэж жагсаалд оролцогчид хэллээ. Монгол банк үүнд буруутай учраас албан тушаалтнуудыг нь шинээр томилох хэрэгтэй гэв. Харин О.Баасанхүү гишүүний хувьд авилгажсан албан тушаалтнуудыг шүүх ёстой. Нийтэд нэрийг нь зарлах хэрэгтэй гэсэн юм. Ингээд эхний ээлжинд улсын төсвийг царцаасан хэд хэдэн компанийг аудитын компаниар шалгуулах болсон гэв.
УИХ-ын гишүүн О.Баасанхүү: “Бидэнд авилгалыг ил харуулах бололцоо байна. Жишээ нь, 869 сая төгрөгөөр тендер авчхаад 369 саяыг нь урьдчилж авч, 500 саяыг нь компаниасаа ажлаа дуусгаад авна гэж хэлэн төсвийн тухай хуулиар тодотголд оруулж авч, дараа нь дахиад 300 сая төгрөгийг нэмж авчхаад энэ байдлаа тайлбарлахдаа тендер зарлахгүйгээр нэмэлт гэрээгээр хийсэн компани байна гэдэг. Би иймэрхүү компаниудыг шалгуулахын тулд үндэсний аудитын газар өгчихсөн байгаа. Хамгийн гол нь шударга гараасай гэж хүсч байна.”
Энэ жагсаалд 100 гаруй хүн оролцжээ. Энд оролцогчдын зарим нь хадгаламж зээлийн хоршооны хохирогчид, харин дийлэнх нь ахмадууд байлаа.