Я.Содбаатар: Худалдааны хууль бизнес эрхлэгчдийг дэмжихэд том түлхэц болно
УИХ-ын гишүүн Я.Содбаатар тэргүүтэй найман гишүүн Худалдааны тухай хууль боловсруулсан бөгөөд есөн бүлэг, 29 заалт бүхий уг хуулийн төслийг Хаврын чуулганаар хэлэлцүүлэхээр холбогдох албаны хүмүүсийг оролцуулан хэлэлцүүлэг зохион байгуулж байгаа юм. Энэхүү хуулийн төслийг өчигдөр Тусгаар тогтнолын ордонд албаны хүмүүс хэлэлцлээ. Энэ үеэр хуулийн төслийг санаачлагч УИХ-ын гишүүн Я.Содбаатартай цөөн хором ярилцлаа.
-Хуулийн төсөл боловсруулах шалтгааныг тайлбарлахдаа та ноцтой тоо баримтуудыг дурьдсан. Энэ талаар тодруулахгүй юу?
-УИХ-ын нэр бүхий гишүүд худалдааны хуулийн төслийг өргөн барилаа. Худалдааны салбарын чиглэлээр хийсэн мэргэжлийн байгууллагын судалгаанаас үзвэл Монгол Улсын хэмжээнд нийт худалдааны газрын 45.7 хувь нь зориулалтын бус ажлын байртай, 39.8 хувь нь хадгалалтын онцгой нөхцөл шаарддаг барааг технологийн горимын дагуу хадгалдаггүй, 26.0 хувь нь хүнсний түргэн гэмтэх барааг ТҮЦ, чингэлэг, ил задгай талбайд худалдаалдаг, 50.5 хувь нь барааг тээвэрлэх зориулалтын тээврийн хэрэгсэлгүй байгаа нь бараа бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж байна.
Ер нь гадаад дотоод худалдаанд тавигдах шаардлага, худалдаа эрхлэгчийн эрх үүрэг зэрэг асуудал нь хуулийн тодорхой зохицуулалтгүй явсаар ирлээ. Хуульд мэдээж алдаа оноо байгаа болов уу. Энэ бүхнийг зөвшилцөх гэж холбогдох албан тушаалтнуудыг урилаа.
-Хуулийн төсөл боловсруулах гол зорилго, ач холбогдол нь юу вэ?
-Худалдааны хуулийн эрх зүйн зохицуулалтыг тодорхой болгох нийгэм эдийн засгийн шаардлага байгаа. Ялангуяа Монгол Улс 1990 оноос хойш зах зээлийн харилцаанд шилжиж, худалдаа чөлөөтэй эрхлэх болсон. Үүнийгээ дагаад бид дэлхийн худалдааны байгууллагын гишүүн орон болсон.
Гадаад дотоод худалдаанд үндэсний эрхзүйн орчныг тодорхой болгох хэрэгтэй. Худалдаанд тавигддаг стандарт шаардлагуудыг гадаад, дотоод худалдаанд баримтлах, нөгөө талдаа хэрэглэгчдэд хүрч байгаа бараа бүтээгдэхүүний чанар стандартыг төрийн бодлого зохицуулалтаар хянах, хэрэглэгчдэд чанар сайтай бараа бүтээгдэхүүн хүргэх чиглэлд эрхзүйн зохицуулалт хийж байна.
Худалдааны хуулийн нэр томъёо, төрлүүдийг нь тодорхой болгох ёстой. Мөн худалдаагаар дамжуулж үндэсний эдийн засгийг хамгаалах асуудал зайлшгүй хэрэгцээтэй байна. Монголын худалдааны зах зээл чөлөөт байдлаар, худалдааны хуульд олон үзүүлэлт дутмаг явж байна гэж бид үзсэн.
Олон улсын худалдаанд авдаг хөнгөлөлт чөлөөлөлт их байдаг. Түүнийг Монгол Улс ашиглахгүйгээр 20 гаруй жил явлаа. Далайд гарцгүй жижиг орны хувьд олон улсын гэрээ хэлцлийн хүрээнд хүлээж авдаг боломж нөхцлийг авч ашиглах нь зүйтэй юм гэж үзсэн.
Худалдааны хуульд авч хэрэгжүүлж байгаа өөр нэг зүйл нь чанар стандартад нийцэхгүй бараа бүтээгдэхүүнийг зохицуулна. Энэ бүтээгдэхүүнийг зах зээлээс хэрхэн эргүүлж татах, бизнес эрхлэгчдийн эрх ашгийг хэрхэн хангах, хэрэглэгчдийг хохиролгүй болгох асуудлыг тусгасан.
Мөн үнийн зохицуулалтыг энэ хуулиар зохицуулна. Засгийн газар өөртөө улс төрийн зорилготойгоор үнийг зохицуулж байна. Эсвэл улс төрийн хүчнүүд үнийг зохицуулж байгаа. Мөн зах зээлийн бус аргаар үнийг зохицуулж болохгүй. Тийм учраас үнийн зохицуулалтад хэрхэн оролцох ёстой юм бэ гэдгийг, төр оролцох бол ямар байдлаар оролцох вэ гэдгийг ярина.
-Зах зээлийн зарчмаар явж байгаа худалдааг хуульд барьснаар ямар давуу тал бий болох вэ?
-Зах зээлийн харилцаанд шилжсэнээс хойш аль ч оронд худалдаа үндэсний худалдааны эрхзүйн актаар зохицуулагдаж явдаг. Ялангуяа Монгол Улс ганзагын гэх худалдаагаар 20 гаруй жил явж ирлээ. Энэ бүхний цаана иргэд, хэрэглэгч хохирч ирсэн. Стандарт хангадаггүй бараа бүтээгдэхүүн их орж ирдэг.
Сүүлийн үед гадаад худалдаанд нэлээд өндөр үнэтэй худалдаа хийгддэг болсон. Үүнийг дагаад иргэд, аж ахуйн нэгжүүд хохирч байгаа тал бий. Ялангуяа гадаад худалдааны эрхзүйн гэрээний асуудал бидэнд шинэ зүйл болж байна. Тийм учраас Засгийн газраас аж ахуйн нэгжүүдтэй хийдэг худалдааны гэрээний загварыг баталж өгдөг байя гэдэг санал гаргаж байгаа.