Шилэн дансны тухай хуулийн төслийг Байнгын хороо дэмжлээ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Л.Дашдорж, ажлын алба
2014.04.16

Шилэн дансны тухай хуулийн төслийг Байнгын хороо дэмжлээ

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн /2014.04.15/ хуралдаанаар эхлээд Шилэн дансын тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ.

Төр, засгийг иргэдэд нээлттэй, тунгалаг болгох, иргэдийн мэдээлэл авах эрхийг баталгаажуулах, төрийн санхүүг эрүүл, тогтвортой, сахилга баттай болгож төсвийн ил тод байдлыг хангах зорилгоор “Шилэн дансны тухай” хуулийн төслийг Монгол Улсын Ерөнхийлөгчөөс санаачлан боловсруулж Улсын Их Хуралд өргөн мэдүүлээд байгаа юм.

Хуулийн төслийн танилцуулгыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Л.Дашдорж танилцуулав. Танилцуулгад дурдагдсанаар, төсвийн орлого, зарлага, мөнгөн гүйлгээ, тайлагналын үйл ажиллагаа болон өр, зээл, батлан даалт, өмч, хөрөнгийн зарцуулалттай холбоотой мэдээллийг олон нийтэд нээлттэй, ил тод, иргэдэд ойлгомжтой, шуурхай мэдээлэх байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаа, түүнд хяналт тавих, хариуцлага хүлээлгэхтэй холбоотой харилцааг зохицуулахаар хуулийн төсөлд тусгасан байна. Мөн улс болон орон нутгийн төсвийн орлого, зарцуулалт, мөнгөн гүйлгээ, тайлагналт болон өр, зээл, батлан даалт, өмч, хөрөнгийн зарцуулалттай холбоотой шийдвэр, үйл ажиллагаа “цогц байдлаар” олон нийтэд нээлттэй, ил тод болсноор иргэний хяналтын тогтолцоо бүрдэж, татвар төлөгчдийн хөрөнгийг үр ашигтай захиран зарцуулах төсвийн удирдлагын тогтолцоо бүрдэхэд томоохон нөлөө үзүүлэх ажээ.

 Хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхийг гишүүдийн олонхи дэмжив.