Шилэн дансны тухай хуулийн төслийг өргөн барилаа
Хуулийн төсөл өргөн барив
2014.03.27

Шилэн дансны тухай хуулийн төслийг өргөн барилаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан боловсруулсан Шилэн дансны тухай хуулийн төслийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр, Иргэний оролцоо, эдийн засгийн бодлогын зөвлөх Л.Дашдорж нар Улсын Их Хурлын дарга З.Энхболдод өнөөдөр өргөн барилаа.

Төсвийн болон төрийн, төрийн өмчийн оролцоотой байгууллагуудын нягтлан бодох бүртгэл, санхүүгийн байдлын ил тод ”Шилэн данс”-ны тогтолцоог нэвтрүүлэх, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар баталсан “Шууд ардчилал, иргэдийн оролцоогоор дамжуулан төвлөрлийг сааруулах үндэсний дунд болон урт хугацааны бодлогын баримт бичиг”-т уг хуулийн төслийг боловсруулах зорилтыг дэвшүүлж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Том төрөөс Ухаалаг төр рүү” санаачилгыг хэрэгжүүлэх тухай Монгол Улсын аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмжид үндэслэнуг  хуулийн төслийг боловсруулжээ.

Шилэн дансны тухай хуулийг баталснаар төрийн байгууллагуудын төсвийн орлого, зарлага, мөнгөн гүйлгээ, тайлагналын үйл ажиллагаа болон өр, зээл, батлан даалт, өмч хөрөнгийн зарцуулалттай холбоотой мэдээллийг олон нийтэд нээлттэй, ил тод, иргэдэд ойлгомжтой, шуурхай мэдээлэх байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаа, түүнд хяналт тавих, хариуцлага хүлээлгэхтэй холбоотой харилцааг зохицуулах юм.

ХУУЛЬ САНААЧЛАХ БОЛСОН ШАЛТГААН

Үндсэн хуулинд ч уг нь ийнхүү тунгалаг байх тухай санаа бий аж. “Монгол Улсын иргэн төр, түүний байгууллагаас хууль ёсоор тусгайлан хамгаалбал зохих нууцад хамаарахгүй асуудлаар мэдээлэл хайх, хүлээн авах эрхтэй... төсвийн ил тод байдлыг хангасан байх үүрэгтэй... Төр засгийг иргэдэд нээлттэй, тунгалаг болгох цогц арга хэмжээ авна..” Эдгээр заалт бол Үндсэн хуулиас эхлээд бусад хуулиудад байр зарчим, бөгөөд үүрэг. Энэ зарчим өмнө гарсан боловч одоог хүртэл төдийлэн хэрэгжилтгүй хэвээр байсаар. Энгийн иргэн хүнд мэдээлэл нь олдох битгий хэл асуудлын араас нь хөөцөлдөж яваа эрхээ мэддэг сэтгүүлчдэд ч эдгээр мэдээлэл хол байна. 

Иймдээ ч олон улсын түвшинд ч Монгол Улс төсвийн ил тод байдлын индексээр хангалттай байр эзэлж чадахгүй байна. Тодруулбал, Олон улсын төсвийн түншлэл байгууллагаас эрхлэн гаргадаг Төсвийн ил тод байдлын 2012 оны судалгаагаар Монгол Улс нийт 100 оноо авахаас 51 оноотойгоор Дэлхийн 100 орноос 38-р байранд буюу дунд түвшинд явж байна.

Ийм нөхцөл байдал, дээрээс нь хуулиар хүлээсэн үүрэг нь “Шилэн данс”-ны тогтолцоог хуульчлах гол шаардлага болжээ.


Төсвийн ил тод байдал ба иргэдийн оролцоог хангахтай холбоотой өнөөгийн хууль тогтоомж, журмын хэрэгжилт хангалтгүй байгаад дараах хүчин зүйл нөлөөлж байгаа талаар хуулийн төсөл боловсруулагчид онцолсон байна. Үүнд: төсвийн орлого, зарцуулалт, мөнгөн гүйлгээ, тайлагналын үйл ажиллагаа болон өр, зээл, батлан даалт, өмч, хөрөнгийн зарцуулалттай холбоотой шийдвэр, үйл ажиллагааг “цогц байдлаар” олон нийтэд нээлттэй, ил тод, иргэдэд ойлгомжтой, шуурхай мэдээлэх эрх зүйн тогтолцоо бүрдээгүй. Төсвийн ил тод байдлыг хангахтай холбоотой одоогийн хууль тогтоомжийн зохицуулалтууд нь давхардсан, зөрчилтэй байгаагаас хууль хэрэглэхэд иргэд, төрийн байгууллагад хүндрэлтэй байна. Тухайлбал, төсөв, түүний зарцуулалтыг олон нийтэд мэдээлэх хугацаа, давтамжийг Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хууль, Төсвийн тухай хууль, Төсөв, санхүүгийн ил тод байдлыг хангахад дагаж мөрдөх журамд харилцан адилгүй зохицуулсан байгаа бол төсвийн мэдээллийн нэгдсэн цахим санг хариуцах байгууллага”-ыг Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуульд Мэдээллийн технологийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага байхаар, Төсөв, санхүүгийн ил тод байдлыг хангахад дагаж мөрдөх журамд санхүү, төсвийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага хариуцахаар заасан. Албан тушаалтнуудын үйл ажиллагаанд хэн хяналт тавих, хууль зөрчсөн албан тушаалтанд ямар журмаар, хэн, ямар хариуцлага хүлээлгэх асуудал тодорхой биш, хуулийн хэрэгжилтийг хангах механизмтай холбоотой зохицуулалт алга байна гэж дүгнэжээ.

ХУУЛИЙН ТӨСЛИЙН ЗОХИЦУУЛАЛТААС

Шилэн дансны тухай хуулийн төсөл дээр ажилласан МУИС-ын Элийн засгийн сургуулийн доктор багш А.Энхбат хуулийн төслийн гол санааг дараах байдлаар тайлбарлалаа.

Тэрээр “Монгол Улсын Ерөнхийлөгч “Том төрөөс ухаалаг төр лүү” Үндэсний зөвлөлдөх уулзалтын үеэр шилэн дансны үндсэн гол зарчмуудыг хэлсэн байгаа. Тэгэхээр энэ дагуу манай ажлын хэсгийнхэн хуулийн төсөл шилэн дансны зарчмуудыг энгийн ойлгомжтой байдлаар тусгаж өгсөн. Мэдээлэл иргэдэд энгийн, ойлгомжтой, тогтмол цаг хугацаанд хүргэгдсэн байх ёстой. Мэдээж үүнд төрийн үйлчилгээг хүргэж, татвар төлөгчдийн мөнгөөр цалинжиж байгаа бүхий л байгууллагууд хамрагдана.

Мөн Засгийн газрын болон орон нутгийн тусгай сангууд, төрийн болон орон нутгийн оролцоотой аж ахуйн нэгж, байгууллагууд, гадаадын зээл тусламжаар хэрэгжүүлж буй төслийн нэгжүүд гэх мэтчилэн хамрагдах юм. Улсын төсөв, өр зээл, бонд гэх үйл ажиллагааны зардлууд шилэн дансанд орно гэсэн үг. Ингэснээрээ бид төрийн төсөв, санхүүтэй холбоотой бүхий л үйл ажиллагааг иргэдэд шилэн дансаар дамжуулж, нээлттэй, ил тод байдлаар хүргэх, иргэдийн хяналтыг бий болгох юм. Үүнтэй холбоотойгоор иргэдийн аудит гэж шинэ нэр томъёо гарч ирж байгаа. Иргэдийн аудит нь төрийн байгууллагууд иргэдэд хүргэх ёстой мэдээллээ өдөр тутам, цаг хугацаанд нь хүргэж байгаа эсэх дээр хяналт тавина.

Түүнчлэн бас нэг зохицуулж байгаа үйл ажиллагаа нь төсөвт байгууллагуудын өдөр тутмын гүйлгээ, шилжүүлгэн дээр нэг, хоёр, гуравдугаар гарын үсэг зурж байгаа нөхдүүд “Шилэн дансны мэдүүлэг”-ийг бөглөх ёстой. Үүгээрээ дамжуулаад тухайн төлбөрийн даалгаврыг гүйцэтгэж байгаа дарга, ерөнхий нягтлан нь “Төлбөр гүйцэтгэхээсээ өмнө ашиг сонирхлын аливаа зөрчилд автаагүй” гэдгийг нотлох юм. Тухайн төлбөрийн даалгаврыг гүйцэтгэх үүргийг аль нэг сайд, эсвэл агентлагийн дарга зүгээр л амаараа өгчихдөг. Тэгэхээр цаашдаа ямар нэгэн аман даалгавар байхгүй болно. Ингэснээр хариуцлагыг эзэнтэй болгож, тухайн төлбөр гүйцэтгэх үйл ажиллагаа, ялангуяа тендер, худалдан авах үйл ажиллагаатай холбоотой төлбөрүүд ямар нэгэн хууль зөрчсөн байвал хариуцлагыг шууд тооцох механизм нь бүрдэж байгаа юм” гэв.

Мөн ямар хэмжээний мөнгөн дүн ил болох талаар “Төсвийн байгууллагууд нэг сая төгрөгийн үнийн дүнгээс дээш ямар нэгэн урсгал болон хөрөнгө оруулалтын зардлуудаа тайлагнаж, нээлттэй байлгах ёстой. Өнөөдөр өглөө 9:00 цагаас орой 16:00 цаг хүртэл мөнгөн гүйлгээ хийлээ гэхэд дараагийн ажлын өдрийн 12:00 цаг гүйлгээний утга, дүн, ямар байгууллагад шилжүүлсэн гэх зэрэг мэдээллүүд нээлттэй болох ёстой” гэж тайлбарлалаа.

Ийн хуулийн төсөл дараа дараагийн хэлэлцүүлэгт орох замдаа гарлаа. Зарчим зөв, хийх ёстой гэдэг нь тодорхой. Харин яг хэрхэн зохицуулах вэ гэдэг нь хараахан тодорхой бус байна.