Хийж бүтээх хүсэл эрмэлзэлтэй залуус хөдөлмөрийн салбарт хувьсал хийнэ
Иргэн, аж ахуйн нэгж, улс орон эдийн засгийн асуудлаа шийдвэрлэх цорын ганц гарц нь хөдлөмөрлөх, бүтээх явдал. Гэвч өөрийн хүссэн ажлаа, үр бүтээлтэй хийе гэхээр хөдөлмөрийн ур чадвар дутах, тухайн ажилдаа гологдох тохиолдол бишгүй гардаг. Тэгвэл Хөдөлмөрийн яамнаас дээрх асуудлыг шийдвэрлэх үүднээс “Үндэсний мэргэжилтэй ажилтан бэлтгэх хөтөлбөр”-ийг хоёр дахь жилдээ хэрэгжүүлж байгаа.
Үүний үр дүнд өнгөрсөн жил 6 мянга 417 мэргэжилтэн бэлтгэж, нийт төгсөгчдийн 79 хувь нь ажлын байраар хангагдсан гэх сайхан мэдээлэл бий.
Харин энэ жилийн эхний ээлжийн 5220 суралцагч өчигдөр төгсөлтөө хийж, хоёрдугаар ээлжийнхний хичээлийн нээлтийн арга хэмжээг “Баялгийг бид бүтээнэ” уриан дор “Буянт-Ухаа” спорт цогцолборт зохион байгууллаа. Энэхүү үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав нар оролцсон юм.
Хоёрдугаар ээлжинд 1728 иргэн бүртгүүлж, ажил олгогчидтойгоо гэрээ байгуулан сургалтад хамрагдахад бэлэн болжээ. Өнөө жилийн “Үндэсний мэргэжилтэй ажилтан бэлтгэх хөтөлбөр”-ийн I ээлжинд нийслэлийн хэмжээнд 31 Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв (МСҮТ)-д 1662 суралцагч, хөдөө орон нутагт 26 МСҮТ-д 3558 суралцагч 948 ажил олгогчийн 7772 ажлын байрны захиалгаас сонгон суралцаж байгаа аж.
Тиймээс Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав “Өнгөрсөн жил “Үндэсний мэргэжилтэй ажилтан бэлтгэх хөтөлбөр”-т хамрагдсан 10 хүн тутмын найм нь ажилтай болж байсан. Энэ жил дээрх үзүүлэлтийг ахиулна” гэдэгт итгэлтэй байгаагаа хэлсэн.
Тэрбээр “Шинэчлэлийн Засгийн газар үндэсний бүтээн байгуулалтдаа монгол залуучуудаа оролцуулах томоохон зорилт тавин ажиллаж байна. Ид хөдөлмөрлөх насандаа яваа залуучуудаа шөнөжин, өдөржин дугаарлаж байгаад гадагшаа явуулдаг биш, дотооддоо ажиллаж, хөдөлмөрлөх боломжийг нээж өгөх үүргийг Засгийн газрын тэргүүн надад өгсөн юм. Энэ ажлыг хэрэгжүүлэхийн тулд “Үндэсний мэргэжилтэй ажилтан бэлтгэх хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж байгаа юм.
Бидний хичээл зүтгэл үр дүнгээ өгч байгаад салбарын сайдын хувьд баяртай байна. Энэ оны хөтөлбөр зарлагдсанаас хойш 12 мянга 444 хүн бүртгүүлснээс ажил олгогчдын ажлын байрны саналтай уялдуулан 6948 мэргэжилтнийг бэлтгэхээр болсон.
Энэхүү ажлыг зохион байгуулахад дэмжлэг үзүүлсэн МСҮТ-үүд, 1000 гаруй компаниудынхаа төлөөлөлд талархал илэрхийлье” гэсэн юм.
“Баялгийг бид бүтээнэ” уриан дор цугласан мэргэжилтэй ажилтнуудаа өөрийн суралцаж буй мэргэжилдээ үнэнч байж амжилттай суралцсан зарим хүмүүсийг Хөдөлмөрийн яамнаас шагнаж урамшуулсан юм.
Тодруулбал Өмнөговь аймгийн МСҮТ-ийн суралцагч Д.Төрбат, Технологийн дээд сургуулийн Э.Гантулга, Улаангом хотын МСҮТ-ийн Ж.Эрдэнэчимэг, Завхан аймгийн МСҮТ-ийн П.Жаргалтуяа, Өвөрхангай аймгийн МСҮТ-ийн Д.Жанцансүрэн, Орхон аймгийн Хөдөө аж ахуйн МСҮТ-ийн Ц.Бадарч, Налайх дүүргийн МСҮТ-ийн Л.Ганзориг, техник технологийн дээд сургуулийн Б.Түвшинсайхан нарын шилдэг суралцагчийн шагналаар шагнуулсан юм.
Мөн “Үндэсний мэргэжилтэй ажилтан бэлтгэх хөтөлбөр”-т идэвх санаачлагатай оролцож Хөдөлмөрийн төв биржтэй хамтран ажиллаж байгаа шилдэг аж ахуйн нэгжүүдийг тодруулж урамшуулсан. Шилдэг аж ахуйн нэгжээр “Эко констракшин”, “Мон”Элч”, “Дээд өнгө” зэрэг компани шалгарлаа.
Энэ үеэр ажлын байран дээрээ очих гэж буй зарим мэргэжилтний сэтгэгдлийг сонссон юм.
Өвөрхангай аймгийн МСҮТ-ийн төгсөгч Д.Жанцансүрэн: “Би өнгөрсөн жил мэргэжилтэй ажилтан бэлтгэх хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй байсан ч чадаагүй.
Энэ оны хөтөлбөр зарлагдсанаас хойш 12 мянга 444 хүн бүртгүүлснээс ажил олгогчдын ажлын байрны саналтай уялдуулан 6948 мэргэжилтнийг бэлтгэхээр болсон.
Энд тэнд тогтсон ажилгүй л явж байсан. Харин энэ хөтөлбөрт цахилгаанчин мэргэжлээр суралцсанаар тогтмол ажилтай болох нөхцөл маань бүрдэж байна. Би аймгийнхаа “Эрч хүч хөгжил” компанид мэргэжлийн дагуу ажиллах гэрээ байгуулсан.
Энэ дашрамд хөтөлбөрт хамрагдан хамт суралцаж буй залуусдаа амжилттай суралцаж, гэрээ байгуулсан компаниуддаа үр бүтээлтэй ажиллаарай гэж хүсье” гэсэн юм.
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Б.Бямбачулуун: “Мэргэжилгүй над шиг залууст дулааны улиралд барилгын туслах хийх л ажил олддог.
Тэгээд өвөлдөө бол ажилгүй суухаас өөр аргагүй шүү дээ. Харин Засгийн газраас хэрэгжүүлж буй энэ хөтөлбөрт хамрагдсанаар тогтвортой ажлын байраар хангагдах, аль нэг компанид харьяалагдаад нийгмийн даатгалаа төлөөд явах боломжтой болж байна. Миний хувьд барилгын өрлөгөөр суралцаж байгаа. “Бүрэн цутгамал” ХХК-д ажилд орно. Танхимын хичээлд хоёр сар суусан. Одоо цалинтай дадлагад гараад тодорхой хугацааны дараа компанийн үндсэн ажилтан болох гэрээтэй” хэмээн ярьж байсан юм.
Ийнхүү хийж бүтээх хүсэл эрмэлзлийг нүдэндээ тээсэн залуус ихбүтээн байгуулалтыг түүчээлэх, Монгол Улсын нийгэм эдийн засгийн үсрэнгүй хөгжлийн эд эс нь байх болно гэдэгт эргэлзэх хэрэггүй юм байна гэсэн бодол төрж байлаа.
Нөгөө талаараа Монголд ажилгүйдэл их байна, монгол залуус залхуу гэх шүүмжлэлийг халахад “Үндэсний мэргэжилтэй ажилтан бэлтгэх хөтөлбөр” чухал үүрэг гүйцэтгэж байгаа нь энэ хоёр жилийн хугацаанд харагдаж байна.
Монголчууд цөөхүүлээ ч гэсэн их бүтээн байгуулалтыг бүтээх боломжтой
Манай залуучууд өнөөдөр Хөдөлмөрийн төв биржид хандан “Үндэсний мэргэжилтэй ажилтан бэлтгэх хөтөлбөр”-т хамрагдаж цалинтай суралцан мэргэжил эзэмшээд эх орондоо ажиллах боломжтой болсон.
Хөдөлмөрийн яамнаас хэрэгжүүлж буй уг хөтөлбөрт 18-45 хүртэлх насныхан байгаа гэдгийг онцлох нь зүйтэй байх. Гагцхүү тэд вагон вагоноороо хүрэлцэн ирж барилга барьдаг хятад ажилчдыг, нийслэл Улаанбаатар хотоор нэг байгаа вьетнам авто засварчид, нийтийн хоолны тогооч нарыг орлон эх орондоо сайхан ирээдүйг бий болгохын тулд хүссэн ажилдаа мэргэшиж байгаа нь энэ билээ.
Монголчууд бид цөөхүүлээ ч гэсэн хийе гэсэн нэгнээ дэмжээд явбал их бүтээн байгуулалтыг өөрсдийн гараар бүтээх боломжтой. Хоёр жилийн өмнө Монголын залуучууд гадаадад ажиллахаар цэнгэлдэх хүрээлэнд хонон өнжин дугаарлаж бүртгүүлдэг байсан бол өнөөдөр Хөдөлмөрийн төв биржид хандан “Үндэсний мэргэжилтэй ажилтан бэлтгэх хөтөлбөр”-т хамрагдаж, цалинтай суралцан мэргэжил эзэмшээд эх орондоо ажиллах боломжтой болсон” гэдгийг Ерөнхий сайд Н.Алтанхуяг баялаг бүтээгчидтэй уулзах үеэрээ хэлсэн. Засгийн газраас хөтөлбөрийн хүрээнд МСҮТ-д суралцагчдад сар бүр 190 мянган төгрөгийн тэтгэлэг олгож, ажлын хувцсаар хангадаг байна.
Ерөнхий сайд Н.Алтанхуяг оролцохдоо “Манай залуучууд өнөөдөр Хөдөлмөрийн төв биржид хандан “Үндэсний мэргэжилтэй ажилтан бэлтгэх хөтөлбөр”-т хамрагдаж цалинтай суралцан мэргэжил эзэмшээд эх орондоо ажиллах боломжтой болсон” гэж хэллээ.
Иргэдээ ажилтай, орлоготой болгох, нөгөө талаас ирээдүйд хийгдэх үндэсний бүтээн байгуулалтад оролцох дотоодын ажиллах хүчийг бодлоготойгоор бэлтгэх, хөдөлмөрийн зах зээлд мэргэжилтэй, чадвартай ажилтан нийлүүлэх бодлогод томоохон түлхэц болж буй энэ хөтөлбөрт Засгийн газар онцгойлон анхаарал хандуулж байгаа.
Тиймээс Хөдөлмөрийн яам “Үндэсний мэргэжилтэй ажилтан бэлтгэх хөтөлбөр”-ийг цаашид хэрэгжүүлж, ажил хайгч бүр олон иргэдийг ажилтай орлоготой болгож, Монгол хүн өөрөө эх орныхоо бүтээн байгуулалтыг түүчээлэх учиртай хэмээн үзэж байна. Олон олон таатай боломж бүрдүүлсэн тус хөтөлбөрт иргэд ч олноор хамрагдаж, өөрсдөө идэвх санаачлагатай оролцож байна.
Өдрөөс өдөрт өсөн нэмэгдэх барилга байгууламжийг тойроод ажлын байр нэмэгдэх болсон энэ үед тус салбарт мэргэжилтэй ажилтан хамгийн их хэрэгцээтэй болж байгаа. Мөн энэ онд бүтээн байгуулалтын нөр их ажлууд хийгдэж, зарим аймгийг Улаанбаатар хоттой автозамаар холбохын зэрэгцээ орон сууцжуулах хөтөлбөр хэрэгжинэ.
Түүнийгээ дагаад сайн арматурчин, өрлөгчин, авто засварын мэргэжилтэн чухал. Тиймээс та ажил хайж байгаа бол Хөдөлмөрийн яамны харьяа Хөдөлмөрийн төв биржид хандан бүртгүүлж, “Үндэсний мэргэжилтэй ажилтан бэлтгэх хөтөлбөр”-т хамрагдаж “цалинтай” суралцан мэргэжилтэй болж, ажилтай болох алтан боломж иргэн бүрт байна. Монгол хүн бүр ажилтай, орлоготой байх болтугай.