40-өөс дээш насныхан ажил хөдөлмөр эрхлэх бололцоо нээгдлээ
“40-өөс дээш насны иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр”
2014.03.06

40-өөс дээш насныхан ажил хөдөлмөр эрхлэх бололцоо нээгдлээ

Хөдөлмөрийн яамны санаачилгаар хэрэгжих “40-өөс дээш насны иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр”-ийн нээлт МҮЭ-ийн Соёлын төв ордонд боллоо.

 Шинэчлэлийн Засгийн газрын 2012-2016 оны мөрийн хөтөлбөрт 150 мянган байнгын ажлын байр шинээр бий болгох зорилт дэвшүүлсэн. Уг зорилтын хүрээнд Хөдөлмөрийн яамнаас энэ онд “Эзэнтэй Монгол”, “Хөгжлийн бэрхшээлтэй иргэний ажлын байрыг дэмжих хөтөлбөр”, “Хөдөлмөрт бэлтгэх хөтөлбөр”, “Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр”,

“Аж ахуй эрхлэлтийг дэмжих хөтөлбөр”, “Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр”, “Үндэсний мэргэжилтэй ажилтан бэлтгэх хөтөлбөр”, “40-өөс дээш насны иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр” гэсэн 8 хөтөлбөр, “Ахмад мэргэжилтний зөвлөх үйлчилгээ” гэсэн нэг төсөл хэрэгжүүлэх юм. Нээлтээ хийж буй уг хөтөлбөр нь зөвхөн 40-өөс дээш насны ажилгүйчүүдыг ажлын байраар хангахад чиглэгдэж байгаа гэдгээрээ онцлогтой.

Энэхүү нээлтийн ажиллагаанд Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Хөдөлмөрийн дэд сайд Ж.Батхуяг нарын албаны хүмүүс оролцов. Ерөнхий сайд энэ үеэрээ хэлэхдээ, Өнөөгийн нийгэмд 40-өөс дээш насны иргэдийг ажилд авахгүй байна гэсэн шүүмжлэлийг иргэдийн зүгээс байнга ирүүлдэг. Иймд эдгээр ажил хөдөлмөр эрхлэх сэтгэл зүтгэлтэй ч ажилд орж чадахгүй байгаа иргэддээ зориулж уг хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр боллоо хэмээн онцолсон.

0-өөс дээш насны ажил идэвхтэй хайж байгаа 12 мянган иргэн Хөдөлмөр эрхлэлтийн мэдээллийн санд бүртгэлтэй байгаагаас 3500 гаруй нь нийслэлд байдаг.

Мөн 40-өөс дээш насныхныг ажлын байраар хангахын зэрэгцээ нэгдэж нэг үйлдвэрлэл эрхэлж буй иргэдийг тоног төхөөрөмжөөр дэмжих, зээлийн хүүг бууруулах, борлуулалтыг нь идэвхжүүлэх, түрээсийн төлбөр дээр дэмжлэг үзүүлэх зэргээр хамтарч ажиллана. Засгийн газар уг хөтөлбөрийн санхүүжилтэд 3.1 тэрбум төгрөг төсөвлөсөн ба энэ жилийн төсөвт  17 тэрбум төгрөгийг 40-өөс дээш насныхныг зээл авахад зориулж суулгасан гэдгээ Шинэчлэлийн Засгийн газрын тэргүүн нээлтийн индэр дээрээс мэдэгдэв.  

Одоогийн байдлаар улсын хэмжээнд 40-өөс дээш насны ажил идэвхтэй хайж байгаа 12 мянган иргэн Хөдөлмөр эрхлэлтийн мэдээллийн санд бүртгэлтэй байгаагаас 3500 гаруй нь нийслэлд байдаг. Харин энэ бүх ажилгүй иргэдийг ганц энэ хөтөлбөрөөр хангана гэж ойлговол өрөөсгөл гэдгийг ч Ерөнхий сайд хэлж байсан. Тэрбээр энэ хөтөлбөр ажил хөдөлмөр эрхлэе гэсэн тэмүүлэлтэй хүнд зориулагдсан тул иргэд гэрээсээ гарч, хөтөлбөрт идэвхтэй оролцохыг уриаллаа.

Манай иргэд уг хөтөлбөрт хамрагдахын тулд төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэнэ тариалах, сургуулийн бага насны хүүхдүүдийг зохион байгуулалттайгаар автобусны буудал болон сургуульд хүргэж өгөх, тосч авах, байгаль хамгаалах, нөхөн сэргээх зэрэг ажлыг санаж сэдэж ажил хэрэг болгох хэрэгтэй болж байна. Тухайлбал, ЕБС-ийн орчимд эргүүлээр ажиллахыг хүссэн тохиолдолд дүүргийн Хөдөлмөрийн хэлтэст бүртгүүлж, явган хүний нэг гарц дээр 1-3 иргэний бүлгийг ажиллуулах бөгөөд бүлэг баг тус бүрийг сарын 200 мянган төгрөгөөр урамшуулах аж. Бүлгийн ажиллах хугацаа жилд 8  сараас ихгүй байх жишээтэй.

Шинэчлэлийн Засгийн газраас хэрэгжүүлж буй энэхүү хөтөлбөр хэрэгжиж эхэлснээр хөдөлмөр нийгмийн салбар гэж ерөнхийд нь ярьдаг, авч хэлэлцдэг цаг үеэ өнгөрөөж, харин зорилтот бүлгүүдэд чиглэсэн тусгайлсан хөтөлбөрүүд мөр мөрөө даган амьдралд нэвтэрч, тэр хэрээр ажилтай орлоготой монгол хүний тоо нэмэгдсээр байх бололцоо ийнхүү нээгдлээ.