Эмийн салбарт чанарын ноёрхлыг тогтооё
Монгол, Германы ялгаа. Германд эмийн санд ороод дураараа эм авч чадахгүй. Жороор олгох дадлыг маш сайн мөрддөг. Харин манайд энэ байдал ямар байдаг вэ?
2014.04.01

Эмийн салбарт чанарын ноёрхлыг тогтооё

Төрөөс эмийн талаарх баримтлах бодлого шинээр боловсруулагдаж УИХ-д өргөн баригдсантай холбогдуулан  эмийн салбарын экспертүүд болон эм үйлдвэрлэгчид, эм ханган нийлүүлэгчид, эрдэмтэн судлаачид, салбарын мэргэжлийн холбоо болон төрийн бус байгууллагуудын төлөөллөөс бүрдсэн 25 эксперт оролцсон онлайн хэлэлцүүлгийг өрнүүллээ. Хэлэлцүүлэг  маань нийт давхардсан тоогоор 14945 хүнд хүрчээ.

ТОП-10 тулгамдсан асуудалд шийдэл, гарц хайж байна

  1. Эм хүнсний зохицуулалтын агентлагыг байгуулах
  2. Эмийн үйлдвэрлэл, хангамж үйлчилгээтэй холбогдсон бодлого хууль эрх зүйн баримт бичиг, түүний хэрэгжилт уялдааг судалж хэтийн чиглэл тогтоох
  3. Эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлэхэд эмч, эм зүйч, иргэд , төрийн байгууллага зэрэг олон талын оролцогчдыг хамруулсан урт хугацааны бодлого хэрэгтэй
  4. Импортын эмийн бүртгэлд онцгой анхаарах, чанар муу эмийг зах зээлээс татах
  5. Импортыг орлох дотоодын эм үйлдвэрлэлийг дэмжих, импортод квот тогтоох.
  6. Үйлдвэрлэгчдэд хөнгөлөлттэй зээл, дэд бүтцээр хангах. Үйлдвэрийн цогцолбор барихад дэмжлэг үзүүлэх
  7. Эмнэлэгт нийлүүлж байгаа эм эмнэлгийн хэрэгслийн тендерийн худалдан авалтыг бодитой судалгаа, үр дүнгийн мониторинг хийх
  8. Тусгай зөвшөөрлийн шалгуурыг өндөрсгөж, шалгаруулах комиссыг хараат бусаар томилох
  9. Жоргүйгээр олгосон эмээс болж өвчтөн хохирвол хэн хариуцлага хүлээх талаар хууль эрх зүйн зохицуулалт байхгүй

10. Дотоодын эмийн үйлдвэрлэлд мэргэшсэн мастер, технологич, техникийн инженер, засварчин бэлдэх асуудлыг анхаарах.

Өнгөрсөн 10 гаруй жилийн хугацаанд үйлчилж байсан бодлого, хууль эрх зүйн орчин маань хүн амаа яаж эм эмнэлгийн хэрэгслээр тасралтгүй жигд хангах тухай л яригдаж байсан болохоос биш чанар, аюулгүй байдлын асуудал орхигдсон байсныг бүгд хүлээн зөвшөөрсөн.

Эмийн үндэсний бодлого иргэн таны эрүүл мэндэд ямар нөлөөтэй талаарх тус хэлэлцүүлгээс мэдээлэл аваарай. Мөн өөрийн санал бодлоо бичнэ үү. http://vip76.mn/forum?id=27

Харин одоо ойрын арван жилд баримтлах бодлогыг гаргахдаа чанар, аюулгүй байдлыг ягштал мөрдөж ажиллах үйлдвэрлэл, хангамжийг бий болгох, олон улсын чанар стандартын шаардлагад нийцсэн эмээр үйлчлэх, цахим жорыг нэвтрүүлэхэд бүгд нэгэн зэрэг гараа өргөж байгааг хэлэхэд таатай байна.

Мөн импортын хамаарлаас гарч дотоодын эм үйлдвэрлэлийг дэмжихэд тодорхой дэмжлэг үзүүлэх алхамууд хийгдэж байгааг хэлэх хэрэгтэй. Импортыг орлох дотооддоо үйлдвэрлэх боломжтой эмийг зөв бодлогоор дэмжинэ гэсэн үг. Парацетамолыг үндэсний арван үйлдвэрлэгч үйлдвэрлэж байхад, хажуугаар нь импортолсоор л байгааг зохицуулах шаардлагатай.

Харин хамгийн гол сэтгэл зовоосон асуудал нь зохисгүй хэрэглээ бөгөөд хүн ард руу чиглэсэн сургалт, сурталчилгааг түлхүү хийх хэрэгтэйг шат шатны байгууллагууд анхаарах биз ээ. Ялангуяа хүмүүс өөрсдөө эмийн сан орох гэж яарахаас илүүтэйгээр эмчийг сонгох нь ямар ашиг тустайг ойлгох нь чухал.

Эм хоол биш, талх биш.

Эм нь маш онцгой бүтээгдэхүүн учир үндэсний аюулгүй байдлын хэмжээнд авч үздэг. Онцгой бодлогоор дэмжих ёстой. Эм хоол биш, талх биш. Тиймээс зарим талаар эмийн зохисгүй хэрэглээг төрийн хатуу бодлогоор хязгаарлах ёстой. Эмийн сан болон эм үйлдвэрлэгчдэд өгдөг тусгай зөвшөөрлийг олгодог комиссын гишүүдэд өндөр шаардлага тавьж, мэргэжлийн хүмүүсийг оруулах ёстой.

Улаанбаатар хотод гэхэд 600 гаруй эмийн сан ажиллаж байгааг цэгцлэх цаг болсон. Нөгөө талаас олон улсын туршлага болохоор зүйлийг дотооддоо хэрэгжүүлэх шаардлагатай нь харагдсан.

Юу гэвэл эм хүнсний зохицуулалтын албыг байгуулвал нэг жилд таван удаа ирдэг төрийн байгууллагын уялдаагүй шалгалтыг зохицуулах боломжтой. Мэргэжлийн хяналтын байгууллагаас эм, эрүүл мэнд, хүнсний асуудлыг цөмийг нь салгах ёстой бөгөөд өнөөдрийн тогтолцоогоор МХГ бол төлөвлөгөөт хяналтын байгууллага ажээ. Дээрээс өгсөн захиалгын дагуу хяналт тавьдаг. Эм, хүнс хоёрт жилд, сард, улиралд нэг удаа хяналтыг тавьж болохгүй. Өдөр бүр хянах ёстой гэдэгт санал нэгдэж байгаа юм. Энд монгол хүний эрүүл мэнд яригдаж байна.