С.Ганбаатар: Бид өнөөдөр баталгаатай сайн хүнс, эмээр үйлчилж байгаа гэдэгт итгэлтэй байх ёстой
Цаг хөтөлбөрийн “Зочны цаг”-аар УИХ-ын гишүүн С.Ганбаатар уригдан оролцож байгаа юм.
- Тэгэхээр чуулган завсарласан энэ хугацаанд та хаагуур юу хийв, орон нутагт ажилласан уу?
Орон нутагт ажиллаад Дархан-Уул аймгийнхаа нийт иргэдтэй уулзлаа. Бүх баг, сумдууаар явж бас уулзсан. Иргэд олон асуудлуудыг тавьсан. Тэтгэвэр тэтгэмжийн нэмэгдэл ямар байна, яагаад ийм байдалтай байна, өнөөдөр засгийн газар, оюутолгойтой холбоотой асуудлаар олон зүйл асууж, санаа зовж надаас асууж байна.
Миний хувьд Дархан-Уул аймгийн төсөв ямар шатандаа явж байна, хэдэн цэцэрлэг баригдах гэж байгаа вэ?гээд олон зүйлүүдийг ярьсан. Цаашид Дарханд юу хийх вэ. Миний зүгээс болон бие даагч гишүүдээс чуулганд оруулсан хуулиудаа мөн танилцуулж явлаа. Хүүхэд харах үйлчилгээний хууль энэ хавартаа батлагдах нь тодорхой болж байна.
Ерөнхийлөгчийн өргөн барих хүүхэд харах үйлчилгээний тухай хуультай хамтатган хэлэлцэх байх. Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хууль нэлээд хүчтэй яригдаж байгаа. Энэ хуульд ард иргэдийн эрх мэдэл, эрүүл мэндийн үйлчилгээг хариуцлагатай, үр дүнтэй байлгах талаас нь орж ирж байгаа. Мөн уул уурхайн тухай хуулийг өргөн барьсан. Ялангуяа уул уурхайгаас болж орон нутагт ажиллаж амьдарч байгаа иргэдийн эрх ашиг зөрчигдөж, байгаль орчин сүйдэж байгаатай холбогдуулж хоёр ч хуулийн төсөл өргөн барьсан байгаа. Нийтдээ 7 хуулийн төслийг танилцуулж, саналыг нь авч тэдний санаа бодлыг тусгаж ажиллалаа.
- Тэгэхээр хүнсний тухай хуулийг өргөн барьсан гэж та хэллээ. Хүнсний тухай хууль гэхээр иргэдэд их ойрхон сонсогдож байгаа байх. Энэ талаар тодруулна уу?
-Ойлгомжтойгоор хэлэх юм бол Өнөөдөр Монгол орон хүнсийг ямар ч зохицуулалтгүйгээр хэрэглэж байна. Бид хэр баталгаатай хүнсийг хэрэглэж байна вэ? хортой юм уу, хоргүй юм уу, эрүүл мэндэд хэр ашиг тустай вэ гэдэг дээр мэдлэг мэдээлэл байхгүйгээр хоол хүнс хэрэглэж байна.
Хортой хүнс хэрэглээгүй гэсэн баталгаа байна уу, баталгаа хаана байна. Эм гэхэд хуурамч эмийн эргэлт ихэссэн байгаа. Энэ болгон дээр төрийн хяналтын чанга механизм байх ёстой. Ялангуяа эм, хүнсний хяналтыг сулруулж огт болохгүй. Бараг л неолиберализмын гай шүү дээ. Юу гэвэл төрийн зохицуулалтыг багасгаж, компаниудыг эрх чөлөөтэй байлгая, тэд юу дуртайгаа оруулж ирж болно, энэ төрийн дарам шахалтаа болиулаач ээ гэж яригддаг. Энэ бол 24 жилийн турш яригдсан. Буруу зүйл.
Хүнс, эм дээр ядаж ард иргэд төрийн хүчтэй хяналтыг хүсч байгаа. Бид өнөөдөр баталгаатай сайн хүнс, эмээр үйлчилж байгаа гэдэгт итгэлтэй байх ёстой. Энд төр баталгаа өгөх ёстой. Энэ чиглэлийн хууль юм. Үндсэндээ нэлээд дэлгэрэнгүй бичсэн стандарт, шалгалтын тухай хууль.
- Уул уурхайн тухай хуулийн хувьд?
-Уул уурхайн тухай хуулийг өргөн барьчихсан байгаа. Дээр нь өргөн барьж байгаа нэг хууль нь орон нутгийн ард иргэдтэй уул уурхайн компаниуд хэлэлцээр байгуулж иргэдийн хурлаараа зөвшөөрөл авах ёстой. Энэ зөвшөөрөл үндсэндээ тоглоом болж дууслаа. Ард иргэдийг үнэхээр хүчирхийлж байна.
Өнөөдөр уул уурхайн компаний эзэн тухайн сумын ард иргэдтэй уулзаж, тэдэнтэй, ярьж, зөвшилцөж, ойлголцож байгаа юу гэвэл үгүй ээ. Ард иргэдийг хүчирхийлж байгаа. Энэ ч үүднээс “Уул уурхайн орон нутгийн хөгжлийн гэрээний тухай хууль” байгаа юм. Энэ гэрээнд тодорхой стандарт байх ёстой. Ард иргэд мэдлэггүй, туршлагагүй, чадавхгүй бол бид тодорхой “minimum” стандартыг бид хангаж өгье.
Тэр нь үндсэндээ уул уурхайн компаниуд сумын морины бай шагналыг гаргасан, сумын ойд хандив өгсөн, бараг зарим тохиолдолд сумын засаг даргатай ярьсан зэрэг ярианууд явагддаг. Үгүй. Үүнийг тодорхой хэмжээгээр тэр суманд худаг, усны асуудлыг шийдэж өгөх, хүүхдүүдийн боловсролын асуудалд түлхэц гаргах, ард иргэдийн хөгжлийн асуудлыг шийдээч. Тэгэхгүй хэдэн шуудай будаа тараачихаад хөгжлийн гэрээнийхээ үр дүн гэдгийг болиоч ээ гэсэн ийм чухал хууль юм.
Үндсэндээ уул уурхайгаас үндэсний цөөхөн элит, улс төр, бүлэглэлүүд хожих биш. Нийт ард иргэд ашиг шимийг нь хүртдэг байя гэдгийн илрэл нь энэ хууль.