С.Бямбацогт: Цусаа гартал зодолдоод, тосоо гартал тэврэлдэнэ гэдэг шиг л зүйл болсон
УИХ-ын гишүүн С.Бямбацогттой цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-МАН-ын удирдах зөвлөл өнгөрсөн амралтын өдөр хуралдсан. Хурлаар яг ямар асуудал хэлэлцсэн юм бэ?
-Удирдах зөвлөл ээлжит хуралдаанаа хийсэн. Ер нь жилдээ нэг удаа намын бүлэг, удирдах зөвлөл хамтарч хуралддаг. Ойрын үед нийгмийн хүлээлт болж байгаа Сонгуулийн тухай хууль зэрэг цаг үеийн асуудлуудаа хэлэлцсэн. Мөн хамтарсан Засгийн газрын тухай хэлэлцсэн асуудлууд байгаа.
-Хамтарсан Засгийн газрын тухай ямар асуудлууд хөндөж ярьсан талаар тодруулбал?
-Хамтарсан Засгийн газарт манай нам байх уу. Анхнаасаа хамтарч байж яагаад нөгөө намын гишүүд нь Засгийн газраараа оролдоод улс төр хийгээд байна. Энэ асуудалд бид хэрхэн хандах ёстой талаар хэлэлцэж шийдвэр гаргасан.
-Тэгэхээр хэлэлцээд яах ёстой гэсэн шийдвэрт хүрсэн бэ?
-Ерөөсөө хоёр нам ажил хийхийн тулд хамтарч байгаа. Хоёр намын сонгуулиар амласан зүйлийг биелүүлэхийн тулд хамтарч ажиллаж байгаа гэж ойлгодог.Тиймээс эхнээсээ эцсээ хүртэл хамтарсан Засгийн газар ажиллаж, амлалтаа ажил хэрэг болгож хэрэгжүүлэх ёстой.Тэгэхийн тулд МАН хамтарсан Засгийн газрын болж бүтэхгүй байгаа зүйлийг шүүмжлэлгүй яах вэ. Заавал сонгуулийн бүрэн эрхийн хугацаа дуусаагүй байхад засгаас гарах тухай хөндөгдөж байгаа нь зохимжгүй асуудал.
-АН-ын тухайд хамтарсан Засгийн газрын ажилд хангалтгүй гэсэн дүн тавьж байгаа. Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн биелэлтийг гаргах ажлын хэсэг хүртэл байгуулагдсан байгаа шүү дээ?
-Бид Ардчилсан намын даргаас анх Та бүхэн сандал ширээ, ажил албан тушаалын төлөө нэгдсэн юм уу. Ард иргэдийнхээ төлөө ажил хийх гэж нэгдсэн юм уу" гэж асуусан. Н.Алтанхуяг дарга " Бид ажил хийхээр нэгдсэн. Хамтарсан Засгийн газраас манай нам хөөсөн ч гарахгүй" гэж амлаж байсан хариулт байж байгаа.Тэгэхээр хариултдаа үнэнч байх болов уу гэж найдаж байна.
-Сандал ширээний төлөө нэгдэх гэсэн асуудал бас байхуу?
Сандал ширээ гэдэг чинь албан тушаалын араас хөөцөлдөж байгаагийн хэлбэр шүү дээ. Энд тэнд сул сандал гарвал Ардчилсан намын хүн тавигдаж байна. Албан тушаал бүхнийг 60,40 хувиар хувааж байна шүү дээ. Манайх 40, танайх 60 гэж хуваах гээд л байна.
-Сонгуулийнтухайхуулийг удирдах зөвлөлөөр хэлэлцсэн гэж та хэллээ.Танай нам сонгуулийн ямар тогтолцоотой байх талаар саналаа нэгтгэж чадсан уу?
-Миний хувьд сонгуулийн ямар ч тогтолцоо сонин биш. Хэчнээн сайхан сонгуулийн хууль батлаад түүнийгээ өөрт ашигтай гэж бодоод өөрийнх нь хийж байгаа үг үйлдэл хоёр зөрүүтэй байх юм бол хэн ч сонгогдохгүй. Хийж байгаа үйлдэл хэлж байгаа үг нь үнэхээр нийлдэг байх юм бол ямар ч сонгуулийн тогтолцоотой байсан гараад л ирнэ. Арванхоёрдугаар сарын 31-нээс өмнө Сонгуулийн тухай хуулийг батална гэсэн хууль байгаа шүү дээ.Үнэхээр сонгуулийн хууль ярих гэж байгаа бол сонгуулийн үр дүнд ард түмэн сэтгэл хангалуун байдаг байх ёстой. Ард иргэдийн хүссэн сонголт үнэн зөв илэрдэг байх нь чухал. Ямар нэгэн булхай луйвар сонгуулийг дагалддаг байхыг өөрчлөх ёстой. Өнөөдөр ард түмэн сонгуулийн хууль, тогтолцоо гээд яриад байгаа зүйл байхгүй шүү дээ. Удирдах зөвлөлийн тухайд ойрын үед сонгуулийн хуулийг батлах нь зүйтэй гэдэгт санал нэгдсэн.
-Тэгэхээр ард түмэн шударга сонгууль хүсэжбайхад улстөрчид сонгуулийн хуулийг улстөржүүлж байна гэж хэлэх гээд байна уу?
-Улстөрчид л өөрт ямар тогтолцоо ашигтай вэ гэдэг талаас нь тойруулаад яриад байгаа.Түүнээс биш ард түмэн энэ тогтолцоо нь илүү оновчтой мундаг юм гэж яриад байгаа зүйл огтхон ч байхгүй.Тэгэхээр сонгуулийг будлиантуулж, луйвардсан хүнд эрүүгийн арга хэмжээ авдаг байх талаас нь хуулиа өөрчлөх шаардлагатай байгаа юм.
-Сонгуулийнтухайхуулийг МАН-ын гишүүд санал нэгдээгүй учраас хойшлогдож байгаа гэж АН-ын бүлгийнхэн үзэж байна. Үүнтэй санал нэгдэх үү?
-Удирдах зөвлөл хуралдаад холимог тогтолцоог сонгоно гэж шийдсэн.Түүнийхээ дагуу л явж байна. Харин Төрийн байгуулалтын байнгын хороо болон Сонгуулийн ажлын хэсэг дээр хэнээс, юунаас болоод удаашраад байгааг ойлгохгүй байна. Өнөөдөр өглөө тус байнгын хороонд бүсийн нэмэгдлийн тухай хууль хэлэлцсэн. Түүний өмнө сонгуулийн тухай хуулийг хэлэлцэх байсан. АН-ын бүлгийн дарга Ч.Сайханбилэг байхгүй гэсэн шалтгаанаар хэлэлцэхгүй хойшилсон. Ер нь манай намын байр суурь тодорхой болсон гэж ойлгож байгаа.
-Ер нь танай бүлэг дээр тогтолцооны тухай ярьсан зүйл байгаа юм уу. Сонгуулийн тухай хуулийн анхны хэлэлцүүлгийг хийж эхлэх үед танай намын бүлгийн гишүүдийн санал нэгдээгүй гээд багахан маргаан дагуулж байсан. Саналаа нэгтгэж чадсан уу?
-Хамгийн гол нь сонгуулийн тогтолцоо тийм их чухал эсэхийг би сайн ойлгохгүй байна. Үр дүнг нь илүү анхаарах ёстой.Түүнээс биш надад ашигтай, эсвэл ашиггүй байх болов уу гэдэг талаас нь илүү харсан, сонгуульд нэр дэвших санаатай байгаа хүмүүс өөрсдийнхөө төлөө хэлж ярьж байгаа зүйлийг хэт их дөвийлгөх хэрэггүй байх гэж бодож байна. Хамгийн гол нь ил тод, нээлттэй сонгууль явагдахуйц эрхзүйн үүдийг нь хангах хэрэгтэй.
-Танай намын Удирдах зөвлөлийн хуралдаан дээрнэлээд ширүүн маргаан болсон юм биш үү?
-Цусаа гартал зодолдоод, тосоо гартал тэврэлдэнэ гэдэг шиг л зүйл болсон. Ийм зүйл байх шүү дээ. Харин ч асуудалд бодитой хандсан, эрүүлээр ил тод шүүмжилсэн. Иймэрхүү уур амьсгал аль ч албан байгууллага, нам, хаана ч байх ёстой.Тэгэхгүй бие биенээ харахаараа өөд өөдөөсөө малийтал инээчхээд бүлх залгичихсан юм шиг дуугүй байж байгаад дараа нь араар нь янз бүрийн зүйл яриад байх шаардлага байхгүй. Хэлэлцэж буй асуудлаа тойрсон маргаан мэтгэлцээн өрнөсөн. Санаачилгатай, ажил хэрэгч бүтээлч баймаар байна. Болохгүй байгаагаа болгох тал дээр маргалдсан болохоос биш хонь, чоно мэт хэн нэгнийхээ суудлыг авах гэсэн зүйл огт болоогүй. Барын зулзагыг бага дээр нь дарах, залуучууд нь ахмадуудаа зайгаа тавь гэсэн сөргөлдөөн болоогүй. Илүү халуун уур амьсгалтай хурал болсон болохоор зарим хүмүүст өөр мэдрэмж төрсөн байж магадгүй. Яагаад ер нь асуудлыг ил чөлөөтэй зөв буруугаа ойлголцож ярьж болдоггүй юм. Өөрөө сууж байсан байж сэтгэлд нь жаахан хүрэхгүй болохоор гадагшаа шивэр авир гээд яриад байдаг тийм байдлыг халах хэрэгтэй гэдэг зарчмын эхлэл тавигдаж байна гэж бодож байна
-Өмнө нь яадаг байсан юм бэ?
-Дарга л юу гэж хэлнэ түүнийг дагадаг.Даргадаа шүүмжлүүлбэл айдаг. Алийн болгон тийм байдлаар явах ёстой юм.Тодорхой хэмжээгээр өөрчлөх хэрэгтэй.Үүнийг өөр утгаар хүлээж аваад байх шаардлага байхгүй.
-Намын даргын тухай яригдсан сураг байсан?
-Хэн нэгэн хувь хүний тухай асуудал яригдаагүй. Намын дарга муу байна. Ц.Нямдорж суудлаасаа буух нь ч юм уу, хүн рүү хандсан зүйл яриагүй. Юу нь болж байна болохгүй байна гэдгийг ярьсан.
-УИХ, Засгийн газрыг огцруулах тухай асуудлаар иргэний хөдөлгөөнийхөн шаардлагахүргүүлсэнбайгаа.Тэр ч бүү хэл одоо хүртэл жагсаал үргэлжилсээр л байна. УИХ-ын гишүүнийхээ хувьд үүнийг хэр цагаа олсон шаардлага гэж харж байна вэ?
-Иргэн хүн үзэл бодлоо илэрхийлж, эвлэлдэн нэгдэх нь чөлөөтэй. Хуулийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулж байгаа нөхцөлд хөндлөнгөөс шүүмжлэх, магтах хэрэггүй байх.
-Дотор нь байгаа хүний хувьд хэр эрүүл шүүмжилж байгаа эсэх талаар хувийн дүгнэлтээ хийгээд сууж байгаа байх гэж бодож байна. Зөвхөн Засгийн газарт ч биш, УИХ, УИХ-ын гишүүнд хамааралтай шаардлага гэж ойлгож байгаа?
-Ажил хийж байгаа хүмүүс алдаа гаргаж л таарна шүү дээ. Өнөөдрийн Засгийн газрын үйл ажиллагаа зарим талаар удаан байна. Дотор нь байж байгаа хүний хувьд надад ч гэсэн шүүмжлэлтэй хандах олон асуудал байна. Бүсийн нэмэгдлийн асуудлыг зарим гишүүд хойшлуулна гэж яригдаж байна. Гэтэл энэ асуудлыг үе үеийн Засгийн газар, УИХ тавьж байсан. Хоёр нам сонгуулийн мөрийн хөтөлбөртөө оруулаад хамтарсан Засгийн газрын мөрийн хөтөлбөрт оруулж байнга ярьдаг мөртлөө өнөөдөр амлалтаасаа буцах гээд байгаа юм. Энэ мэт наад захын шүүмжлэх асуудал олон байна. Гэхдээ шүүмжлэхдээ сандал ширээний төлөө биш ажлаа сайжруулах талаас нь амлалт биелүүлэх талаас хандах нь чухал.Түүнээс биш хэн нэгнийг бусдаар солих асуудал арай өөр. Бодитой шүүмжлэлийг хүлээж авна. Огцор гээд гудамжнаас хашгирвал нээрээ огцрох ёстой юм байна гэж бодох шаардлагагүй. Эцсийн зорилго нь Монголын ард түмэн сайхан амьдрах ёстой. Урагшаа явж байсан зүйлийг хойшоо ухраах байдлаар бус, удаан бол хурдасгах тал руу нь ярих ёстой.