Д.Сумъяабазар: Хариуцлагагүй байдлаас салах цаг болсон
Нийслэлийн МАН-ын хорооныхон харин ч эв түнжинтэй, итгэл, зорилготой байгаа шүү гэдгээ харин ч нэг харууллаа.
Тодруулбал, тэд өчигдөр АСА циркэд “Итгэлцэл, эв нэгдэл-Нэгдэгтүн” гэсэн уриатай “Намын анхан шатны байгууллагуудыг дэмжих жилийн ажлын нээлт, Намын ажилтны зөвлөгөөн” зохион байгуулав. Уг арга хэмжээнд намын удирдлагууд болох намын дарга М.Энхболд, Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат, УИХ дахь намын бүлгийн дарга С.Баямбацогт болон парламентад суусан жил, хэлдэг үгээрээ аргагүй л “акул” болсон Ц.Нямдорж, Д.Дэмбэрэл нар ирсэн юм.
нийслэлийн МАН-ын дарга Ц.Сандуй, нийслэл хариуцсан нарийн бичгийн дарга Д.Сумъяабазар нар “Итгэлцэл-Эв нэгдэл” илтгэлээрээ анхан шатны байгууллагын гишүүдээ нэгдүүлж чадлаа. Илтгэлдээ “Салах шаардлагатай”, “Багасгах хэрэгтэй”, “Сайжруулах шаардлагатай”, “Шинээр үүсгэх хэрэгтэй” зэрэг стратегиудыг дэвшүүлсэн байна.
Энэ ажлын жилд баримтлах дөрвөн стратеги нь бодит байдалтай нэгдсэн судалгаа, нарийн тооцооллын дүнд буй болсон гэдгийг зөвлөгөөнд оролцсон нийт гишүүд үнэлж дэмжсэн аж. Хамгийн гол нь нийслэлчүүд төрөлх хотоо зөв суурьшилтай, бие даан хөгжих эрх зүйн статустай, өөрийгөө тэтгэх эдийн засагтай, сайн засаглалтай болохыг хүсч байгааг энэ үеэр илэрхийлжээ.
УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар илтгэлдээ “Аль нэг намын гишүүн байна, түүний төлөө ажиллана гэдэг хүнээс маш их ухаан шаардсан, сэтгэл нэхсэн зүйл байдаг” хэмээн онцлоод “Өчигдөргүй өнөөдөр, өнөөдөргүй маргааш гэж үгүй”-г сануулан, “Хариуцлагагүй байдлаас салах цаг болсон”-ыг уриалж байсан юм.