Л.Энх-Амгалан: Эдийн засгийн үзүүлэлтүүд унасныг төсвийн гүйцэтгэл харууллаа
УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан 2013 оны Монгол Улсын төсвийн гүйцэтгэлтэй холбоотой мэдээлэл хийлээ.
Тэрээр "Энэхүү гүйцэтгэлээр эдийн засгийг тодорхойлдог гол үзүүлэлтүүд унасан байдалтай гарлаа. ДНБ-ийг 18.5 хувиар өсгөнө гэж төлөвлөж байсан бол гүйцэтгэлээр 11.5 хувьтай гарсан байх жишээтэй. УИХ-аас баталсан мөнгөний бодлогод тусгаснаар инфляц найман хувьтай байна гэсэн бол гүйцэтгэлээр 12.5 хувьтай гарсан.
Инфляц бол гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт гэсэн үг. Монгол Улсын зээлжих зэрэглэл буурсан. Гадаад худалдааны алдагдал хүлээсэн, гадаад худалдаа агшсан, өрийн хэмжээ байх ёстой хэмжээнээсээ нэмэгдсэн гээд эдийн засагт асах ёстой бүх "гал" ассан байна. Тийм учраас УИХ анхаарлаа хандуулах цаг болжээ. Валютын ханш нэмэгдсэнээс эдийн засагт ямархуу эрсдэл үүсээд байгааг тоон үзүүлэлтээр хэлье. Долларын ханш 1794 төгрөг болж өссөнтэй холбогдуулаад зөвхөн 2012 онтой харьцуулахад Монгол Улсын өрийн хүүний хэмжээ 35 хувиар нэмэгдсэн байна. Бид жил бүхэн зээлийн хүүнд 150-180 тэрбум төгрөг төлж байгаа. Зөвхөн валютын ханшийн өсөлтөөс болж энэ зээлийн хэмжээ 35 хувиар өссөн гэсэн үг.
2014 оны улсын төсөвт хөрөнгө оруулалтыг нэг их наяд төгрөгөөр төсөвлөсөн. Ингэхдээ эрх баригчид төсөв батлуулахад ам.долларын ханшийг 1384 төгрөгөөс хэтрүүлэхгүй гэж амлаж байсан. Гэтэл валютын ханш 1794 төгрөгт хүрснээс болж нэг их наяд төгрөгийн хөрөнгө оруулалтын өртөг нэмэгдэх зайлшгүй эрсдэл үүсээд байна.
Аж ахуйн нэгжүүд тендерт оролцох сонирхолгүй болж байна гэсэн үг. Монгол Улсын нийт зээл зургаан их наяд төгрөг орчим байгаа. Үүнээс хоёр тэрбум орчим ам.доллартай тэнцэх зээл авсан аж ахуйн нэгжүүд ханшийн өөрчлөлтөөс болоод зээлийн эргэн төлөлтийн хувьд маш том эрсдэл хүлээж байна" гэлээ.
Түүнчлэн Л.Энх-Амгалан гишүүн УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан улс орны нийгэм, эдийн засагт үнэлэлт дүгнэлт өгөх ажлын хэсгээс өнгөрсөн тавдугаар сард гаргасан дүгнэлтийг намрын чуулганаар хэлэлцээгүйг онцоллоо. Мөн УИХ-ын намрын чуулганаар Эдийн засгийн байнгын хорооноос байгуулсан ажлын хэсгээс эдийн засгийг идэвхжүүлэх, валютын ханшийг тогтворжуулах талаар Засгийн газарт тодорхой үүрэг өгсөн тогтоолыг хүргүүлжээ. Гэтэл өнөөдрийг хүртэл Засгийн газар ямар нэг арга хэмжээ аваагүйг тэрээр мөн санууллаа.