Засгийн газрын өргөтгөсөн хуралдааныг яаралтай хуралдуулахыг шаардлаа
УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт, УИХ-ын гишүүн Я.Содбаатар, Л.Энх-Амгалан нар өнөөдөр цаг үеийн асуудлаар хэвлэлийн бага хурал хийлээ. УИХ-ын намрын чуулган завсарласнаас хойш УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд орон нутаг, тойрогтоо ажиллахын зэрэгцээ тодорхой асуудлаар хуулийн төслүүд боловсруулж, хэлэлцүүлэг зохион байгуулж байна.
Гишүүдийг орон нутагт ажиллаж байх явцад өнөөгийн эдийн засгийн нөхцөл байдлын талаар ард иргэдийн тавьж буй санал хүсэлтийг төр засагт хүргэх үүднээс уг хэвлэлийн бага хурлыг зарласнаа бүлгийн дарга С.Бямбацогт мэдээллийн эхэнд онцоллоо.
УИХ дахь МАН-ын бүлгээс улс орны эдийн засаг, санхүүгийн нөхцөл байдал, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, инфляц, ам.долларын өсөлтийн талаар удаа дараа эрх баригчдад шаардлага хүргүүлж, төрийн нүсэр бүтцэд зарцуулж буй зардлыг багасгах, баялаг бүтээгчдээ дэмжиж ажиллах, юуны өмнө тулгамдсан асуудлаар зөвшилцөж ойлголцох шаардлагатайг сануулсаар ирсэн билээ.
Гэтэл ийм богинохон хугацаанд ард олны амьдралыг доройтуулсан түүх ч байгаагүй
Эдийн засгийн цаасан дээрх өсөлт ард иргэдийн амьдралд наалдах нь бүү хэл улам хүндэрч, төрийн албаны хүнд суртал ихэссэн, үнэ тогтворжуулах хөтөлбөрийн үр дүнг хүртэж чадахгүй байгаа талаар очсон аймаг, сумынхан УИХ-ын гишүүдэд хэлж ярьж байгааг МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт мэдээллээ. Тэрээр "Засгийн газар 14 их наяд төгрөгийг эдийн засагт эргэлдүүлсэн ч үр дүн нь муу байна. Ийм их төрийн албан хаагчтай, ийм их мөнгөтэй Засгийн газар өмнө нь байгаагүй. Гэтэл ийм богинохон хугацаанд ард олны амьдралыг доройтуулсан түүх ч байгаагүй гэдгийг уулзсан газар бүхэнд ард түмэн хэлж байна" гэлээ.
С.Батболдын Засгийн газар ажлаа өгөхөд нэг ам.доллар 1305 төгрөгтэй тэнцэж байсан бол өнөөдөр 1794 төгрөгт хүрсэн нь түүхэнд байгаагүй өсөлт болж байна. Сүүлийн долоо хоногийн үзүүлэлтээс харахад ам.доллар өдөрт дунджаар 10 төгрөгөөр нэмэгджээ. Эрх баригчид энэ жилийн улсын төсвийг батлахдаа ам.долларын ханшийг 1384 төгрөг байхаар тооцсон. Гэтэл бодит байдалд энэ нь хэрэгжих боломжгүйд хүрээд байгаа учраас УИХ дахь МАН-ын бүлэг дараах шаардлагыг эрх баригчдад хүргүүлээд байна.
Нэгдүгээрт, УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос нээлттэй хэлэлцүүлэг зарлаж, эдийн засгийн нөхцөл байдлын асуудлаар мэдээлэл сонсох, хүндрэлийг даван туулах арга замыг эрдэмтэн судлаачид, эдийн засагчдаар хэлэлцүүлэх, хоёрдугаарт, Засгийн газрын өргөтгөсөн хуралдааныг яаралтай зарлан хуралдуулахыг шаардлаа. Гуравдугаарт, Засгийн газар эдийн засгийн хямралт байдалд орсноо олон нийтэд ил тод зарлаж, ард түмэн, сөрөг хүчинтэйгээ хамтран хүндрэлийг даван туулах төлөвлөгөө гаргах, дөрөвдүгээрт, баялаг бүтээгч бизнес эрхлэгчдээ бодитой дэмжиж ажиллах нөхцөл үүсээд байгааг онцлов.