НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Ази,  Номхон далайн бүсийн 32 дугаар бага хурал
2013 оны хурал Ромд болсон
2014.02.14

НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Ази, Номхон далайн бүсийн 32 дугаар бага хурал

НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Ази,  Номхон далайн бүсийн 32 дугаар бага хурал 2014 оны 3 дугаар сарын 10-14-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдана.

Улаанбаатар хотноо болох энэхүү бага хуралд Ази, Номхон далайн бүсийн 46 орныг төлөөлж хүнс, хөдөө аж ахуй, ой, загас агнуурын асуудал хариуцсан сайд нар уригдсан бөгөөд дэлхийн хамгийн их хүн амтай бүс нутгийн хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд тулгамдаж буй болон түүний  тогтвортой хөгжлийн асуудлаарх чухал сэдвийг хэлэлцэнэ.

Бага хуралд оролцогчид Ази, Номхон далайн бүсийн хүнс, хөдөө аж ахуйн өнөөгийн байдал, мөн Мянганы Хөгжлийн Зорилтуудын нэг болох өлсгөлөнг 50 хувиар бууруулах зорилтын биелэлтийн явцыг хэлэлцэнэ. Түүнчлэн малын бэлчээр, ойг нөхөн сэргээх, бүс нутагт байгаль орчинд ээлтэй хөдөө аж ахуйн арга туршлагыг дэлгэрүүлэх, Номхон далайн арлын болон далайд гарцгүй улсуудын хүнсний аюулгүй байдлыг сайжруулах, хоол хүнсний тэжээллэг чанарыг нэмэгдүүлэх зэрэг асуудал хэлэлцүүлгийн гол сэдвүүд байх болно.

Энэхүү бага хурлын эхний 3 өдрийн хуралдаан (3 дугаар сарын 10-12) Засгийн газрын ахлах албан тушаалтны түвшинд явагдана. Харин 3 дугаар сарын 13-14-ний өдрүүдийн хуралдаанд сайд нар болон өндөр хэмжээний төлөөлөгчид оролцоно. НҮБ-ын ХХААБ-ын Ерөнхий захирал Хосе Грациано да Силва мөн энэхүү бага хуралд оролцоно. Хуралдааны сүүлийн өдөр болох хоол тэжээлийн дутагдлаас үүсэх хүндрэлийн асуудлаарх дугуй ширээний уулзалтыг Их Британий БиБиСи телевиз хөтлөн явуулна.