Байнгын хорооны дарга Д.Батцогт тойрогтоо ажиллалаа
Улсын Их Хурлын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Батцогт нэгдүгээр сарын 23-наас 27-ны өдрүүдэд Ховд аймагт ажиллалаа.
Байнгын хорооны дарга Д.Батцогт Ховд аймагт ажиллах үеэрээ тус аймгийн Иргэдийн хурлын дарга Б.Баярсайхан, Аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Т.Баяртогтох, Хөдөлмөрийн хэлтсийн дарга С.Эрдэнэчимэг, Нэгдсэн эмнэлгийн Ерөнхий эмч Б.Юра болон сургуулийн захирлууд, ахмадын холбооны болон төрийн албан хаагчид, иргэдийн төлөөлөлтэй уулзсан байна.
Ховд аймагт сургууль, цэцэрлэгийн хүрэлцээ муу, одоо байгаа гурван цэцэрлэгийг аймгийн Мэргэжлийн хяналтын газраас үйл ажиллагааг нь зогсоож, барилгыг акталсан боловч хүүхдийн цэцэрлэгийн хүрэлцээ муу байгаагийн улмаас тус цэцэрлэгүүдийг ажиллуулсаар байгаа аж. Мөн Халдвартын эмнэлэг, Арьсны эмнэлгийн барилгын талаар аймгийн Мэргэжлийн хяналтын газраас үйл ажиллагаа явуулахыг хориглосон дүгнэлт гаргасан байна.
Гэтэл Нэгдсэн эмнэлгийн Хүүхдийн тасаг нийт 40 ортой боловч байнгын хорооны даргыг очих үеэр 70 хүүхэдтэй эмчлүүлж, эмчлүүлж байгаа хүүхдээ асарч, сувилж байгаа эцэг, эх нийлээд 40 ортой хүүхдийн тасаг 130 гаруй хүнтэй байлаа. Аймгийн болон тухайн байгууллагуудын удирдлагууд шинэ цэцэрлэг, хүүхдийн эмнэлэг бариулах ажлыг хөөцөлдөж, газрын асуудлыг нь шийдвэрлэн техникийн нөхцөлийг нь судалж, зарим барилгын зураг төслийг гаргах шатанд явж байгаагаа байнгын хорооны дарга Д.Батцогтод танилцуулав.
2015 оны төсөвт эдгээр ажлуудын хөрөнгө оруулалтын санхүүжилтийг тусгуулахаар хүсэлт тавьж байв.
Ховд аймгийн Хөгжимт драмын театрын уран бүтээлчид 120 сая төгрөгийн өртөг бүхий Дуулалт бүжиг бүтээхээр ажиллаж байгаагаа мөн танилцуулж, энэ өртөг зардлаас 84 сая төгрөгийн санхүүжилтийг Соёл, спорт, аялал жуулчлалын сайдаар дэмжүүлэн шийдвэрлүүлж өгөх, түүнчлэн баруун бүсийн төв, тулгуур аймаг болохын хувьд тус аймагт шинэ театр барихаар болж, зураг төслийн ажлын зардал нь 2014 оны төсөвт тусгагдаж, 2 га газрын асуудлыг шийдвэрлэсэн байгаа тул театрын барилгын ажлын хөрөнгө оруулалтыг дэмжиж, 2015 оны улсын төсөвт мөн тусгуулж өгөхийг хүссэн юм.
Аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн үйл ажилагаатай танилцах үеэр Хэлтсийн дарга С.Эрдэнэчимэг, сум хөгжүүлэх сангийн санхүүжилтийг Хөдөлмөрийн яам сумдад шууд хуваарилж, төслийг сумын Иргэдийн хурал, орон нутаг шалгаруулдаг хэдий ч сумдад жижиг дунд үйлдвэрлэлийн чиглэлээр хөнгөлөлттэй зээлэнд хамрагдсан иргэдийн эрхэлж буй үйл ажиллагаанд ажил үүргийн дагуу аймгийн Хөдөлмөрийн хэлтсээс хяналт тавих боломжийг бүрдүүлж өгөхийг хүсэж байв.
Улсын Их Хурлын гишүүн Д.Батцогт хэлэхдээ, бүсчилсэн хөгжлийг дэмжиж, Бүсийн оношлогоо, эмчилгээний төвийн үйл ажиллагааг сайжруулах чиглэлээр Засгийн газар хоорондын хэлэлцээрээр Бельги улсаас хөнгөлөлттэй зээл олгохоор шийдвэрлэгдсэн, энэхүү Засгийн газар хоорондын хэлэлцээрийг идэвхжүүлэх, төслийг эхлүүлэх ажлыг хурдасгахад анхаарах болно гээд сумдын эрүүл мэндийн төвийн үйл ажиллагааны төсөв хүрэлцэхгүй байгаа, бүсийн оношлогоо эмчилгээний төвийн төсөв зөвхөн аймгийн хэмжээнд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэхээр батлагдаж ирж байгааг болон бусад байгууллагад тулгамдаж байгаа асуудлууд, түүнчлэн Ховд аймагт ажиллаж, амьдарч байгаа төрийн албан хаагчид, ажилтнуудын нийгмийн баталгаа, тэтгэмжийн зарим тодорхой асуудлаар салбарын яамдын холбогдох хүмүүст хандаж, шийдвэрлүүлэхээр цаашид хамтран ажиллах болно гэлээ.
Ховд аймгийн Нийтийн номын сангийн захирал техник, технологийн дэвшлийг ашиглан цахим номын сан байгуулах, мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд номын сангийн үйлчилгээ үзүүлэх зорилгоор брайл үсгээр хэвлэсэн ном хэвлэлийг унших тоног төхөөрөмж, номын фондтой болохоор төсөл боловсруулснаа танилцуулсан бол тус аймгийн Иргэдийн хурлаас 2014 оны 9 дүгээр сард аймагтаа “Ирээдүй-Хөрөнгө оруулалт форум”-ыг зохион явуулахаар төлөвлөсөн талаар танилцууллаа.