Х.Баттулга: 2014 онд тариалангийн салбарт бодлогын шинэчлэл хийх болно
Үйлдвэр хөдөө аж ахуйн салбар энэ онд ямар ажил хийж хэрэгжүүлснийг манай сэтгүүлч салбарын сайдаас нь тодрууллаа. Үйлдвэр хөдөө аж ахуйн яам 2013 онд салбар бүрийн хөгжлийн бодлогоо тодорхойлсон амжилттайгаар шинэ оноо угтаж байна.
Монгол улсын эдийн засаг уул уурхай, хөдөө аж ахуй, газар тариаланд суурилсан байдгийг олон хүн мэднэ энэ ч утгаараа хөдөө аж ахуйн салбарыг дэмжих тэр дундаа газар тариалан мал аж ахуйн салбарт доривтой бодлого хэрэгжүүлснээр эдийн засаг төрөлжиж, ДНБ-ны өсөлт бий болох давуу талтай юм.
Энэ бодлогын хүрээнд шинэчлэлийн засгийн газрын үйлдвэр хөдөө аж ахуйн яам өнгөрч байгаа онд эрчимтэй ажиллаж, салбар тус бүрийн бодлогыг боловсруулж улсын их хуралд өргөн мэдүүлсэн. Мөн газар тариалангийн салбарт эрчимтэй дэмжлэг үзүүлсний үр дүнд арвин ургац хурааж, улаан буудайн дотоодын хэрэгцээг бүрэн хангасан, мал аж ахуйн салбарт биржийн бодлогыг хэрэгжүүлж малын түүхий эдийн бүтээгдэхүүнийг өндөр үнээр худалдан борлуулж, малчид өөрсдөө үр ашгаа хүртэх боломж бүрдсэн юм.
Мөн үйлдвэрлэлийн салбарын хөгжил эрчимжиж, жижиг дунд үйлдвэрлэл тэр дундаа хаалгаа барих шахаад байсан оёдлын үйлдвэрүүд сэргэж ажлын байр нэмэгдсэн, уул уурхайн бүтээгдэхүүнийг боловсруулах стратегийн ач холбогдолтой томоохон үйлдвэрүүд шинээр байгуулагдан үр ашгаа өгч эхэлсэн амжилттай үйлдвэр хөдөө аж ахуйн яам 2013 оноо үдэж байна.
Үйлдвэр, Хөдөө Аж Ахуйн Сайд Х.Баттулга:
Хөдөө аж ахуй, газар тариалан, хүнс, аж үйлдвэр хөнгөн үйлдвэр гээд олон салбарыг хамардаг. Хүнд үйлдвэр дээр бодлогын бичиг баримт 80 хувьтай гарлаа. Тариаланчиддаа зориулсан бодлогын бичиг баримтыг тариаланчидтайгаа хамтарч хийсэн байгаа. 2014 онд тариалангийнхаа салбарт бодлогын шинэчлэл хийх болно.
Мөн хөнгөн үйлдвэрийн салбарт төрөөс анх удаагаа тодорхой хэмжээний хөнгөлөлттэй нөхцөлөөр зээл өгөөд эхэлсэн. Ямар ч байсан салбар болгондоо бид бодлогын бичиг баримтыг бий болгосон удахгүй их хурлаар оруулж бүгдийг нь батлуулна. 2014 он идэвхитэй хөдөлгөөнтэй, амжилттай жил болох байх гэж бодож байна.
Шинэчлэлийн засгийн газрын үйлдвэр хөдөө аж ахуйн яам ирэх онд илүү үр бүтээлтэй ажиллаж, салбар бүрийн хөгжлийн бодлогоо их хурлаар батлуулж эрх зүйн томоохон шинэчлэл хийх зорилтыг тавьсан байна. Энэ зорилт амжилттай хэрэгжиж 2014 онд үйлдвэр хөдөө аж ахуйн салбар ахиц дэвшилтэй ажиллах бүрэн боломж байгаа гэдгийг салбарын сайд нь мэдэгдсэн.