130 га газарт техникийн зах барина
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит VI хуралдаан өчигдөр болж, ирэх оны төсвөө баталсан байна.
Мөн энэ удаагийн хуралдаанаар дүүргийн Засаг даргын бүрэн эрхийн хугацаанд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр, эдийн засаг, нийгмийн 2013 оны зорилтын биелэлтэд үнэлэлт дүгнэлт өгч, дүүргийн 2014 оны эдийн засаг, нийгмийн зорилт, төсөв, газар зохион байгуулалтын төлөвлөгөөг тус тус баталжээ.
Дүүргийн 24, 25 дугаар хорооны нутаг дэвсгэрийн “Баянхошуу уул”, 24 дүгээр хорооны “Бумбатын рашаан” орчим, 32 дугаар хорооны нутаг дэвсгэр шинэ товчооноос Эмээлт хүртэлх засмал замын урд хэсэг газрыг орон нутгийн тусгай хамгаалалтад авах тухай асуудлыг хэлэлцэж шийдвэрлэжээ. Дээрх газар нутгийг орон нутгийн тусгай хамгаалалтад авснаар байгалийн унаган төрхийг нь сэргээх боломж бүрдэж байгаа аж.
Мөн өнгөрсөн наймдугаар сард хуралдсан Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын V хуралдаанаар “Сонгинохайрхан уул”-ын зүүн бэл, “Бурхантын ам”-ыг тус тус орон нутгийн тусгай хамгаалалтад авсан билээ.
Тусгай хамгаалалтанд авсан Сонгинохайрхан уулын зүүн бэл орчмын газар дээр Улаанбаатар хотын төвлөрсөн техникийн зах байгуулахаар төлөвлөлт хийгдэж Нийслэлээс Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд хүсэлт гаргасны дагуу хамгаалалтын бүсээс 130 га газрыг чөлөөлөхөөр энэ удаагийн хэлэлцэн шийдвэрлэжээ.