Х.Бат-Ялалт: Хэдэн хуульд өөрчлөлт оруулах нь салбарын шинэчлэл болохгүй
“Иргэдийн шударга шүүх” ТББ-ын тэргүүн Х.Бат-Ялалт хууль зүйн салбарт хийгдэж буй шинэчлэлийн талаар байр сууриа илэрхийллээ.
Түүний харж байгаагаар энэ салбарт хийж байгаа шинэчлэл гэгч нь хэдэн хуулийн заалтад өөрчлөлт оруулахаас хэтрэхгүй байна хэмээв. Угтаа хүн болон нийгэм рүүгээ чиглэсэн үйл ажиллагааг идэвхтэй явуулж, гэмт хэрэгүйлдсэн болон хохирсон хүмүүст хууль хэрхэн үйлчилж байгааг харах нь зүйтэй гэсэн юм.
Гэтэл амьдрал дээр байдал эсрэгээрээ байхад хэдэн хуулийн заалтыг өөрчилснөөр байдал дээрдэхгүй гэв. Тиймээс тэрбээр энэ асуудлын хүрээнд “Хууль зүйн салбарын шинэчлэлийг ташуурдах нь” сэдэвт шүүмж, илтгэл хэлэлцүүлэхээр зэхэж байгаа аж. Түүнээс цөөн асуултад хариулт авлаа.
-Таны ярьж, хэлээд байгаад хууль зүйн салбарыг шинэчлэхийг эсэргүүцэж байна гэж харах хүн цөөнгүй байна. Тэд үнэхээр шинэчилж чадахгүй байна уу?
-Хууль зүйн салбарын шинэчлэл буруу байна. Х.Тэмүүжин сайдад таны бодлого буруу байна гэдгийг би өнгөрсөн жилээс л хэлсэн.
Тиймээс Сайдыг хэд хэдэн удаа мэтгэлцээнд дуудсан ч хариу өгөхгүй байсаар өдий хүрч байна. Хууль зүйн салбарт шинэчлэл хийхийг бид эхнээсээ л хүссэн. Одоо ч хүсч байгаа. Харамсалтай нь өнөөдрийн шинэчлэлийн бодлого буруу яваад байгааг л бид хэлээд байгаа юм.
Хууль зүйн салбарын шинэчлэлийн асуудал гэдгийг ерөөсөө л хуультай холбон тайлбарлаад байна шүү дээ. Хууль ерөөсөө л болохгүй байна гэдэг ойлголтыг нийгэмд өгөөд байна. Монгол Улсын 40 хуульд өөрчлөлт оруулчихвал энэ салбарын шинэчлэл болно гэж яриад байгаа. Үүнтэй бол үнэхээр санал нийлэхгүй.
-Хуульд өөрчлөлт оруулах шаардлагагүй юм бол өөр хаана алдаа дутагдалтай байна вэ?
-Өнгөрсөн 2006-2009 онд бид 10 мянга гаруй иргэдтэй биечилж ярилцаж, судалгаа авсан. Гэтэл эдгээр хүмүүс хуульчдад гомдож явдгаа хэлдэг болохоос Эрүүгийн хуульд гомдож байна гэж хэлж байгаагүй.
Өнөөдөр бид хэрэглэвэл зохих хуулиа хэрэглэж үзээгүй байж энэ муу хууль гэж ад үзээд дахин засч байна.
Эрх зүйн шинэтгэл гэж яриад байгаа ч манай улсын эрх зүйн тогтолцоо харьцангуй залуу. Өөрөөр хэлбэл, 1992 онд шинэ Үндсэн хууль батлагдсанаас хойш эрх зүйн шинэтгэл хийгдээд явж байгаа. Өнөөдөр бид хэрэглэвэл зохих хуулиа хэрэглэж үзээгүй байж энэ муу хууль гэж ад үзээд дахин засч байна.
Энэ бол өмсөж үзээгүй хувцсаа надад таарахгүй гээд дахин шинэ хувцас авч өмсч байгаатай л агаар нэг асуудал болчихоод байна. Тиймээс энэ салбарын алдаа дутагдал нь хуульдаа биш хүндээ байна гэдгийг л хэлэх байна.
-Хуульд огт хүрэхгүйгээр шинэчлэл хийх боломж бий юу таныхаар?
-Ямартаа ч одоо байгаа хуулиа яг хэрэгжүүлээд үзье. Үүний дараа болохгүй зүйлээ хуульчид өөрсдөө ярилцах хэрэгтэй. Гэтэл өнөөдөр Хууль зүйн салбарын шинэчлэл хуульчдын биш улстөрчдийн санаачлагаар хийгдэж байгаа нь маш харамсалтай юм..
Хуулиудаа дүгнэж үзээгүй, яг ямар хуулийн зохицуулалт болохгүй байгааг тодорхойлоогүй байж бүхлээр нь өөрчлөх тухай яриад байна шүү дээ. Тэгэхээр тодорхой хугацааны дараа дахиад л энэ хууль болохгүй байна гээд шинэчлэлийн тухай ярьж эхлэхийг үгүйсгэх аргагүй.