Цөмийн технологи нэвтрүүлэх чиглэлээр 63 төсөл хэрэгжүүлжээ
Цөмийн энергийн газрын дарга Н.Тэгшбаяр тэргүүтэй албаны хүмүүс 09-р сарын 15-20-ны хооронд Бүгд Найрамдах Австри Улсын Вена хотод болсон ОУАЭА-ын 57-р Ерөнхий бага хуралд оролцоод ирлээ.
2013.10.14

Цөмийн технологи нэвтрүүлэх чиглэлээр 63 төсөл хэрэгжүүлжээ

Монгол Улс Олон Улсын Атомын Энергийн Агентлаг (ОУАЭА)-т гишүүн орноор элсч орсны 40 жилийн ой энэ сард тохиож байна. Харин тус Агентлагийн Техникийн Хамтын ажиллагааны хөтөлбөрт 1975 оноос эхлэн хамрагдаж ирсэн.

Техникийн хамтын ажиллагааны тусламжийн хүрээнд 1975-2012 онд манай улсын хүнс, хөдөө аж ахуй, эрүүл мэнд, геологи, уул уурхай, үйлдвэр, байгаль орчин, боловсрол, шинжлэх ухаан, цацрагийн хамгаалал, аюулгүй байдлын  салбарт цөмийн технологи нэвтрүүлэх чиглэлээр  63 төсөл хэрэгжүүлж, тодорхой үр дүнд хүрсэн.

Улмаар ОУАЭА-ийн урилгаар манай улсаас Цөмийн энергийн газрын дарга Н.Тэгшбаяр тэргүүтэй албаны хүмүүс 09-р сарын 15-20-ны хооронд Бүгд Найрамдах Австри Улсын Вена хотод болсон ОУАЭА-ын 57-р Ерөнхий бага хуралд оролцоод ирлээ.

Ийнхүү манай улс 40 жилийн хугацаанд шинжлэх ухааны оргил Цөмийн технологид суурилсан техник, технологийг эх орондоо амжилттай нутагшуулах, нийгэм эдийн засгийн үр нөлөөтэй ажилласныг нь ОУ-ын атомын энергийн агентлагийн Ерөнхий захирал Ю.Амано өндөрөөр үнэлсэн. Мөн ОУАЭА-ийн техникийн хамтын ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд цөмийн технологи нэвтрүүлэх, цацрагийн хамгаалалт, аюулгүй байдлын чиглэлээр манай улсын нийгэм, эдийн засгийн холбогдох салбарт хэрэгжиж байгаа төслүүдийн хэрэгжилтийн биелэлт 2013 оны 09 сарын байдлаар 92 хувьтай байгааг тус агентлагийн Техникийн хамтын ажиллагааны газраас сайшаасан байна.