Тээврийн логистикийн талаар салбарынхан нь хэлэлцлээ
УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан Дамжин өнгөрөх тээвэр, логистикийн талаар бодлого боловсруулах Ажлын хэсэг, УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо, МҮХАҮТ, Монголын төмөр замын инженерүүдийн холбоо, "Монгол нүүрс" ассоциаци, Монголын логистикийн холбоо хамтран өнөөдөр “Монголын тээврийн логистик-өнөөгийн байдал, цаашдын хөгжил" онол практикийн бага хурлыг Төрийн ордонд хийлээ.
Тус хуралд УИХ-ын гишүүд, мэргэжлийн холбоод, яам агентлагийн төлөөлөгчид оролцсон Иргэний нисэх, төмөр зам, автозам, нүүрсний тээвэрлэлт зэрэг сэдвээр илтгэл сонссон юм.
УИХ-ын гишүүн, УИХ-ын Ажлын хэсгийн ахлагч Г.Батхүү онол практикийн бага хурлыг нээж үг хэлэхдээ “Бүх төрлийн тээвэр нь өөр өөрийн онцлогоос хамааран давуу, сул талтай.
Тухайлбал, Төмөр замын тээвэр нь бага зардлаар олон тооны зорчигч, их хэмжээний ачааг холын зайнд тээвэрлэхэд тохиромжтой байхад агаарын тээвэр нь богино хугацаанд өндөр зардалтайгаар хязгаарлагдмал тээвэрлэлтийг гүйцэтгэдэг.
Авто тээврийн үйлчилгээ хаалганаас хаалганд хүргэх, богино болон дундын зайнд үйлчилгээ үзүүлэхэд илүү тохиромжтой.
Харин автотээврийн үйлчилгээ хаалганаас хаалганд хүргэх, богино болон дундын зайнд үйлчилгээ үзүүлэхэд илүү тохиромжтой юм.
Эдгээр онцлог давуу талуудыг харгалзан худалдаа, тээврийг хөнгөвчилсөн холимог тээвэр, логистикийн үйлчилгээг төрөөс бодлогоор дэмжин зохицуулах зүй ёсны шаардлага тавигдаж байгааг онцлон тэмдэглэж байна” гэсэн юм.
Дашрамд дурдахад манай улс Логистикийн тухай хуультай болохоор төсөл боловсруулж эхлээд байгаа юм. Учир нь Дэлхийн банкнаас жил бүр тээврийн логистикийн талаар хийдэг судалгаанд Монгол Улс 155 орноос логистикийн индексээрээ 140-д орсон, логистикийг төрөөс бодлогын хувьд дэмжин хөгжүүлэх шаардлагатай болсон зэргээс үндэслэн энэ хуулийг боловсруулах болсон аж.