Шинэ хуулиар гадаадын хөрөнгө оруулалтын сангууд монголд орж ирэх боломжтой
Хөрөнгийн бирж дээр тоглох тоглогчдыг илүү олон болгох, гол нь гадаадын томоохон хөрөнгө оруулалтын сангуудыг монголын бирж дээр оруулж ирэх гол зорилгыг хөрөнгө оруулалтын тухай хууль агуулж байгаа юм.
Хөрөнгө оруулалтын сангийн тухай хууль батлагдсанаар ямар боломж бий болох талаар УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Б.Гарамгайбаатарын байр суурийг сонирхлоо.
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Б.Гарамгайбаатар:
Монголд олон улсын жишигт дүйхүйц хөрөнгө оруулалтын нэг хэлбэрийг оруулж ирж байгаа. Нэг ёсондоо банк, арилжааны банк гэсэн нэг хэсэг байсан бол одоо хөрөнгө оруулалтын сан, хөрөнгийн бирж, үнэт цаасны хууль, хөрөнгө оруулалтын сангийн хууль гээд цогц бүтэц бий болж байна.
Ингэснээр янз бүрийн хөрөнгө оруулалтын санг монголд үйл ажиллагаанд оруулах боломжийг нээж байгаа. Тэр нь зөвхөн гадаадын хөрөнгө оруулалтын том сангууддаа биш. Гол нь иргэдийн гар дээр байгаа сул чөлөөтэй мөнгө ганцхан хадгаламж руу явдаг байсан бол өнөөдөр илүү үр дүнтэй хөрөнгө оруулалтын салбар луу хөрөнгөө хийж, арвижуулах боломжтой.
Хөрөнгийн биржид тусгай мэргэжлийн менежментийн багаар удирдуулсан компаниар дамжуулж, хөрөнгөө өсгөх боломжийг нь нээж өгч байна. Мөн энэ хуулиар гадаадын хөрөнгө оруулалтын сангууд монголд орж ирэх боломжтой гэлээ.
Тоймч: Монголын хөрөнгийн бирж дээр гадаадын томоохон хөрөнгө оруулалтын сангууд орж ирэх боломжийг нээх нь мөнгөний урсгалыг монгол улс руу чиглүүлэх нэг арга зам юм.
Хөрөнгө оруулалтын сан бүрдсэнээр гадаадын биржүүдэд явуулдаг иж бүрэн үйл ажиллагаа монголд бий болох эхний суурийг тавьж байна.
Гэхдээ хууль хичнээн сайн гараад бирж өөрөө асар өндөр хариуцлага, итгэлцэл дээр тогтдог учраас манайд энэ талын боловсон хүчин, чадварлаг мэргэжилтнүүд, туршлага шаардлагатай болохыг хөндлөнгийн судлаачид хэлсээр байгаа юм.
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Б.Гарамгайбаатар:
Хөрөнгө оруулалтын тухай хуулиар тодорхой салбарт бүтээн байгуулалтын чиглэлийн хөрөнгө оруулалт орж ирэхэд тэр нь гадаадад тодорхой хөрөнгө оруулалтын сангууд юм уу, хөрөнгийн биржээр хөрөнгө оруулалтыг босгож буй хэлбэр.
Манайд тийм хэлбэр бий болж байна гэсэн үг. Тэгэхээр монголын зах зээл дээрээс юм уу, монголд байгаа илүүдэл хөрөнгө оруулалтуудыг энд босгох. Мөн үнэт цаасны тухай хуулиар гадаадын томоохон аж ахуйн нэгжүүд манай хөрөнгийн бирж дээр тоглолтод оролцох боломжтой болсон.
Хөрөнгө оруулалтын сан бүрдсэнээр гадаадын биржүүдэд явуулдаг иж бүрэн үйл ажиллагаа монголд бий болох эхний суурийг тавьж буй хэлбэр гэсэн юм.