Онцгой байдлын үе дэх хүүхэд хамгааллыг бэхжүүлэх нь
“Хүүхэд хамгааллын байгууллага, хүний нөөцийн чадавхийг Онцгой байдлын үе дэх хүүхэд хамгааллын чиглэлээр бэхжүүлэх нь” төсөл
2013.09.30

Онцгой байдлын үе дэх хүүхэд хамгааллыг бэхжүүлэх нь

Засгийн газрын тохируулагч агентлаг Онцгой байдлын ерөнхий газар, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хүүхдийн төлөө үндэсний газар,  Японы Хүүхдийг Ивээх Сан хамтран “Хүүхэд хамгааллын байгууллага, хүний нөөцийн чадавхийг Онцгой байдлын үе дэх хүүхэд хамгааллын чиглэлээр бэхжүүлэх нь” төслийн хоёр дахь шатны үйл ажиллагааг 2012 оны 10 дугаар сарын 01-нээс 2013 оны 09 дүгээр сарын 30-ны хооронд амжилттай хэрэгжүүллээ.

Төслийн хоёр дахь шатны үйл ажиллагаа нь Засгийн газрын холбогдох яам, агентлаг, ажилтнуудын зүгээс гамшгийн өмнө, дунд болон дараа үед, гэр бүлийн халамж, хамгаалал дутагдсан хүүхэд бүрийн хамгаалагдсан байх орчныг бүрдүүлэхэд хувь нэмэр оруулах мэдлэгийг дээшлүүлэх, хүүхэд хамгааллын байгууллагын хүний нөөцийн чадавхийг сайжруулахад дэмжлэг үзүүлэх, онцгой байдлын үе дэх хүүхэд хамгааллын асуудалд хүүхдийн өөрсдийнх нь оролцоог түлхүү хангахад чиглэгдсэн юм.

Уг төсөл Улаанбаатар хотын хүүхдийн асрамж, халамжийн зарим газрууд, ЕБС болон Дорнод аймгийн хоёр сургууль, цэцэрлэгт хэрэгжсэн.

Олон улсын хүүхдийн “Найрамдал” төвд болсон төслийн үр дүнг хэлэлцэх уулзалтад 6 байгууллагын хүүхдийн оролцооны бүлгийн хүүхдүүд, Онцгой байдлын ерөнхий газар, Хүүхдийн төлөө үндэсний газар, Японы Хүүхдийг Ивээх сан, Нийслэлийн Боловсролын газрын оролцож, харилцан туршлагаа хуваалцан, төслийн үр дүнг хэлэлцлээ.

Төсөл хэрэгжих хугацаанд дараах үр дүн гарсан гэж дүгнэлээ.

Онцгой байдлын үед авах анхан шатны тусламжийн талаар сургалт явууллаа

§  Гамшиг онцгой байдлын үед дагаж мөрдөх Хүүхэд хамгааллын журмын төслийг боловсруулж Хүүхдийн төлөө үндэсний газарт танилцуулав. Онцгой байдлын үе дэх хүүхэд хамгаалал болон нөлөөллийн сургалтад төрийн болон хүүхдийн эрхийн байгууллагын 140 ажилтан, албан хаагч хамрагдаж ойлголт мэдлэг нь нэмэгдсэн.

§  Төсөлд хамрагдсан Улаанбаатар хот болон Дорнод аймгийн боловсрол болон халамж асрамжийн чиглэлийн байгууллагуудын ажилтнуудын онцгой байдлын үе дэх хүүхэд хамгааллын талаархчадавхи дээшилж, тухайн байгууллагууд гамшгаас хамгаалах бэлэн байдлын төлөвлөгөөтөй болсон.

§  Төслийн хамтрагч 6 байгууллага дээр хүүхдийн оролцооны бүлгүүд байгуулагдсан.

§  Нийт 70 гаруй хүүхэд гамшгаас хамгаалах бэлэн байдлын сургалтанд хамрагдаж, эдгээр хүүхдүүд 3500 гаруй хүүхдүүдэд мэдлэг мэдээллээ түгээж танилцуулсан байна.