“Хүүхэд хамгааллын орчин” сэдэвт сургалт боллоо
Хүүхдийн төлөө үндэсний газар /ХТҮГ/, НҮБ-ын Хүүхдийн сан, “Нийгмийн ажлын хөгжлийн төв” ТББ хамтран “Хүүхэд хамгааллын орчин” сургалтыг ХТҮГ-ын болон харьяа байгууллагын ажилтнуудад зориулан зохион байгууллаа.
Сургалтыг Их Британи улсын “King’s College Hospital NHS Foundation Trust” эмнэлгийн Хүүхэд хамгааллын нэгжийн хүүхдийн нас баралт, хүүхэд хамгааллын ахлах мэргэжилтэн Катерин МкГарритин, Нийгмийн ажлын хөгжлийн төвийн гүйцэтгэх захирал Ц.Эрдэнэчимэг нар удирдан явуулсан.
Сургалтаар Их Британы хүүхэд хамгааллын бодлого, эрх зүйн орчин, суурь зарчмууд, хүчирхийллийн төрөл хэлбэр, хүчирхийлэлд өртсөн хүүхдэд илрэх үр дагавар, хүүхдийн эрх зөрчигдсөн тохиолдолд хэзээ, ямар арга хэмжээ авах талаар, хамтын ажиллагаа ба сайн туршлага гэсэн сэдвийн хүрээнд мэдээлэл өгч, Монгол улсын хүүхэд хамгааллын орчин, нөхцөл байдалтай харьцуулан харилцан туршлага солилцлоо.
Их Британи улс нь Хүүхдийн эрхийн тухай конвенцийг санаачлан батлуулсан улс орны нэг бөгөөд хүүхэд хамгааллын бодлогын хүрээнд хүчирхийлэлд өртсөн хүүхдийн бодит кейс, сургамжинд тулгуурлан олон нийтийн дунд болон мэргэжлийн ажилтнуудын хэлэлцүүлэг өрнүүлдэг байна.
Хэлэлцүүлгийн үр дүнд хууль эрх зүйн орчныг хүүхдэд ээлтэй болгож, өөрчлөн ирсэн түүхэн туршлагатай улс юм. 1889 онд хүүхэд хамгааллын тухай анхны заалт хуулиндаа оруулсан бөгөөд цагдаа хүчирхийлэлд өртсөн хүүхдийн асуудлаар шаардлагатай гэж үзвэл эцэг, эхээс нь тусгаарлах үүрэг хүлээсэн байна.
1894 онд хуулийн заалт нэмэгдэн хүүхэд шүүхэд мэдүүлэг өгөхдөө нотолгоо үзүүлэх эрхтэй болжээ. 1999 онд шинэчлэгдсэн Хүүхэд хамгааллын тухай хуулинд Хүүхдийн байгууллагад ажиллах хүмүүсийг сайн шалгаж авах шаардлагыг оруулсан байна.
Их Британи улсын “King’s College Hospital NHS Foundation Trust” эмнэлгийн Хүүхэд хамгааллын нэгжийн хүүхдийн нас баралт, хүүхэд хамгааллын ахлах мэргэжилтэн Катерин МкГарритин хүүхдийн нас баралтын статистик үзүүлэлт, өвчний түүхийг нарийвчлан шалгаж, үнэлгээ дүгнэлт хийдэг талаар дэлгэрэнгүй танилцууллаа.
Тус улсад нярай хүүхдийн хавирга хугарсан байвал хүчирхийлэлд өртсөн байх 70% магадлалтай, дунд чөмөг нь хугарсан бол 43%, хөлд ороогүй хүүхдийн гуяаны яс хугарсан бол 100%, мөчний мушгирсан хэлбэртэй ясны хугарал 15 сар хүрээгүй хүүхдэд тохиолдсон бол хүчирхийлэлд өртсөн байх өндөр магадлалтай гэдгийг судалгааны үндсэн дээр нотлон цагдаа, эмнэлгийн ажилтнуудад мэдээлэл өгдөг байна.