«Эх орон 36» хөтөлбөр хэрэгжиж байна
2013.08.26

С.Эрдэнэ: Иргэдийнхээ эрх ашгийг хамгаалахын төлөө шаардлагатай бүх арга хэмжээг авахад бэлэн

Өсвөр насны хүүхдүүдэд эх оронч үзэл суулгах үүднээс УИХ-ын гишүүн, ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ, УИХын гишүүн С.Одонтуяа нар хамтарч «Эх орон 36» хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа билээ.

Энэ хөтөлбөрийн хүрээнд Олон улсын хүүхдийн «Найрамдал» төвд нэгэн үйл ажиллагаа болсон юм. Энэ үеэр С.Эрдэнэ сайдтай ярилцлаа.

-«Эх орон 36» хөтөлбөрийн зорилго юу вэ. Яагаад ийм хөтөлбөр хэрэгжүүлэх болов?

-Хүүхэд залуучуудын хөгжлийн асуудалд гол байр суурь эзэлдэг зүйл нь эх оронч үзэл, аливаа эрсдэлийг даван туулах чадвар, түүнийгээ дагаад тэсвэр тэвчээр, хатуужил байдаг. Энэ эх оронч үзэл одоогийн хүүхдүүдэд дутагдаж байна.

Одоогийн хүүхдүүд онлайн орчинд ихэнх цагаа өнгөрөөдөг болоод ч тэр үү, их эрх танхи, сулбагар болсон. Бидний хойч үе амьдралын наад захын зүйлийг мэдэхгүй, хүний үг даадаггүй болж өсч байна. Тиймээс тэднийг ядаж халуун, хүйтэнд өөрийгөө аваад явах чадварт сургах гээд л ажиллаж байна даа.

-Нэрнээсээ эхлээд л эх оронч үзлийг хүүхдүүдэд таниулах зорилоготой гэж ойлголоо?

-Хамгийн гол нь эх оронч үзэл. Тэдэнд эх орноороо бахархах, эх орноо хайрлах, эх орон гэдэг зүйлийн үнэ цэнийг мэдрүүлэх үүднээс УИХ-ын гишүүн С.Одонтуяа бид хоёр хамтарч хэрэгжүүлсэн ажил юм. Энэ ажил маань ч маш амжилттай боллоо.

Ирэх жилээс энэ үйл ажиллагааг үндэсний хөдөлгөөн болгон өргөжүүлэх зайлшгүй шаардлагатай гэдгийг ойлгосон. Нийт 21 аймаг, нийслэлийн есөн дүүргийг хамруулах төлөвлөгөөтэй байгаа. Батлан хамгаалахын яам, БШУЯ- тай хамтарч хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.

-Эмзэг бүлгийн, амьжиргааны түвшин доогуур өрхийн хүүхдүүд иймэрхүү үйл ажиллагаанд тэр бүр хамрагдаж чаддаггүй. Энэ тал дээр хүүхдүүдээ яаж сонгосон бэ?

-Бид сургууль, хороодын холбогдох хүмүүстэй хамтарч амьжиргааны түвшин доогуур өрхийн хүүхдүүдийг түлхүү хамруулах бодлого баримталсан. Тэдний хувьд иймэрхүү сургалтад хамрагдаад байх нь ховор. Энд байгаа 550 хүүхдийн бараг 50 хувийг энэ чиглэлээр сонгосон.

-Цаашид энэ хөтөлбөрийг улам өргөжүүлнэ гэж байна. Алслагдсан аймгийн хүүхдүүд хэрхэн хамрагдах вэ?

«Эх орон 36» хөтөлбөрийн хүрээнд "Найрамдал" төвд

-Алслагдсан аймгуудын хувьд өөрсдийнх нь хүүхдийн зуслан, хүүхдийн байгууллагуудад нь түшиглэн ажиллах төлөвлөгөөтэй бай¬на. Нийслэл болон төвийн бүсийн аймгуудад ч мөн адил тухайн бүсийн хүүхдийн байгууллагуудтай нь хамтарч ажиллана.

-Сэдвээсээ хазайгаад, танай ХАХНХЯ-тай холбоотой асуулт тавья. Цалингийн доод хэмжээ нэмэгдэх гэж байна. Энэ талаар?

-Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ ирэх сарын 1-нээс нэмэгдэж, 192 мянган төгрөг болно. Үүнийг дагаад тэтгэвэр, тэтгэмж гээд хөдөлмөрийн үнэлэмжүүд ч өснө. Манай яам Үндэсний статистикийн газартай хамтраад цалин хөлс, ялангуяа тэтгэвэр, тэтгэмжийн талаар судалгаа гаргасан.

Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлөөр хэлэлцэж тодорхой саналуудыг Засгийн газарт хүргүүлнэ. Ингээд Засгийн газраас шийдвэр гарсан даруйд бид тэтгэвэр, тэтгэмжийг хэдэн хувиар, хэзээнээс эхэлж нэмэх вэ гэдгийг шийднэ.

-Цалин, тэтгэмж нэмэгдэх сургаар инфляци өсдөг бичигдээгүй хууль бий. Үүнийг хэрхэн зохицуулах вэ?

-Ер нь шинэчлэлийн Засгийн газраас дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрт нэг зорилт бий. Цалин, тэтгэвэр нэмснээ сүржин маягаар зарлахаа болих хэрэгтэй гэж. Цалинг амьжиргааны хэрэгцээ шаардлагыг харгалзаж нэмнэ.

Ингэхдээ юм хийж байгаагаа гайхуулж байгаа юм шиг зарлахгүй. Ингээд зарлачихаар түүнийг дагаад юмны үнэ өсчихдөг. Цаашид ч цалин, тэтгэмж, нийгмийн хамгааллын аливаа асуудлыг шийдвэрлэхдээ зарлахаас аль болох зайлсхийнэ.

-Саяхан «Оюу толгой» компаниас олон хүн гэнэт ажлаасаа халагдлаа. Өмнө нь ийм олон хүн зэрэг ажилгүй болж байгаагүй. Тийм болохоор нийгмийн хамгаалал талаас нь эдгээр хүмүүсийн асуудлыг хэрхэн шийдэх вэ?

-Ажилгүйдлийн тэтгэмж олгох асуудал, мөн нийгмийн хамгаалал талаас нь авах арга хэмжээнүүд байна. Ер нь энэ асуудал гадны хөрөнгө оруулагчидтай анхнаасаа ямар гэрээ байгуулах вэ, хэн нь ямар үүрэг, хариуцлага үүрэх вэ гэдгийг сайн тохирох ёстойг харуулсан сургамж боллоо.

Энэ төсөл анхнаасаа хууль зөрчсөн. Миний хувьд өмнө нь ч гэсэн УИХ-д ажиллаж байх хугацаандаа хэрэгжүүлэхийг нь дэмжиж байсан. Гэхдээ гэрээний тал дээр эсэргүүцэж байсан. Тэр байр суурь маань одоо ч хэвээр.

Анх«Оюу толгой» төслийн хүрээнд олборлолтын үйлдвэрийг байгуулахдаа 2.7 тэрбум ам.долларын хэмжээнд барьж байгуулах ТЭЗҮ-ийн тооцоо гарч байсан. Гэтэл өнөөдөр хэдэн тэрбум болж хувирав. Цаашдаа бид гадны хөрөнгө оруулагчидтай гэрээ хэлэлцээр хийхдээ нэн тэргүүнд монгол хүний эрх ашгийг бодож байх нь зүйтэй. Өнөөдөр ийм нөхцөл байдал үүссэн шалтгаан нь тэр үеийн шийдвэр гаргасан хүмүүстэй холбоотой.

-Энэ асуудал яамны хүрээнд шийдэгдэх боломжтой юу. Эсвэл бүр Засгийн газрын хэмжээнд яригдах уу?

-Уул уурхайн яамнаас энэ асуудалд тодорхой яриа хэлэлцээр хийж байгаа. Оюу толгой төслийнхөн ч гэсэн энэ асуудалд анхаарч ажиллаж байгаа. Шаардлагатай гэвэл бид ч нийгмийн хамгаалал талаасаа, иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах үүднээс бүх арга хэмжээг авахад бэлэн.