ХАА-ны газар тендер зохион байгуулалт, сонгон шалгаруулалтыг ил тод, шударга байлгах дэвшилтэт алхмуудыг хийж байна
Худалдан авах ажиллагааны газар
2013.09.25

ХАА-ны газар тендер зохион байгуулалт, сонгон шалгаруулалтыг ил тод, шударга байлгах дэвшилтэт алхмуудыг хийж байна

Нийслэлийн худалдан авах ажиллагааны газар 2013 оны нэгдүгээр сард байгуулагдан ажиллаж байна. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр хийгдэх бараа, ажил үйлчилгээний тендерийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үүргийг мэргэжлийн байгууллага хүлээснээр төсвийн хөрөнгийг зөв, ил тод, үр дүнтэй зарцуулахтай холбогдсон бүх л үйл ажиллагааг шинэ шатанд гарган ажиллах шаардлага тулгарсан юм.

Иймд Худалдан авах ажиллагааг ил тод, өрсөлдөх тэгш боломжтой, хариуцлагатай зохион байгуулах үүднээс Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар дараах арга хэмжээг зохион байгуулан ажиллаж байна. Үүнд:

1.Худалдан авах ажиллагааг хуулийн хүрээнд зүй зохистой явуулах талаар авч хэрэгжүүлж буй ажил

-Ашиг сонирхлын зөрчил үүсэхээс урьдчилан сэргийлж, үнэлгээний хороо байгуулагдах бүрт үнэлгээний хорооны гишүүд ашиг сонирхлын мэдүүлэг гаргаж хэвшсэн.

-Албан үүргээ тэгш шударгаар хэрэгжүүлэх нөхцөлийг бүрдүүлэх үүднээс үнэлгээний хорооны бүх үйл ажиллагааг тусгай тоноглол бүхий өрөөнд зохион байгуулж, дуут дүрс бичлэгийн хэлбэрээр архивлан хадгалдаг болсон. Энэ нь тендер шалгаруулалтын үйл явцад аливаа маргаан гарсан тохиолдолд хууль эрх зүйн хүрээнд хурлын дүрс, дуутай баримтыг архиваас шүүн үзэх боломжийг бүрдүүлж байна.

-Мэргэжлийн байгууллага болон мэргэжилтнүүд нийтийн ашиг сонирхлыг дээдлэн ажиллаж байгаад итгэх олон нийтийн итгэлийг дээшлүүлэх үүднээс тендерийг нээсэн даруйд тендерт оролцогчдын өмнө тендерийн материалыг нүхэлж, тусгай лацаар битүүмжилдэг болсон.

-Үнэлгээний хорооны шийдвэрийг хуульд нийцэж буй эсэх талаар захиалагчийн хувиар хянаж, баталгаажуулах ажилбарыг явуулахын тулд "Хяналт шалгалтын байнгын комисс"-ыг журмын дагуу томилон ажиллуулж байна.

-Үнэлгээний хорооны үйл явцыг хянаж, баталгаажуулах, гаргасан шийдвэрийг олон нийтэд цагийн хоцрогдолгүй мэдээлэх үүднээс цахим оффис түүнээс мэдээлэл татаж өгөгдлийн сан үүсгэдэг цахим мэдээллийн нэгдсэн санг үүсгэлээ.

Энэхүү систем нь төрөл бүрийн тайлан, статистик мэдээлэл гаргах, дүн шинжилгээ анализ хийх болон газрын цахим хуудас, Сангийн яамны нэгдсэн мэдээллийн сан гэх мэт шаардлагатай олон нийтийн мэдээллийн эх үүсвэр лүү автоматаар цагийн хоцрогдолгүй мэдээлэл дамжуулах боломжтойгоор хийгдээд байна.

Мөн Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд болон дүүргүүдийн худалдан авалтын мэдээллийг нэгдсэн мэдээллийг санд оруулах боломжтой болсноор Нийслэлийн хэмжээнд хийгдэж буй бүх хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээний худалдан авах ажиллагааг бүртгэж, сонгон шалгаруулалтыг удирдлагаар хангах, хууль эрх зүйн хүрээнд явуулж байгаа эсэхэд хяналт тавих, иргэд олон нийтэд нэгдсэн мэдээллийг цаг тухай бүрт хүргэх боломжтой болж байна.

-Нийслэлийн худалдан авах ажиллагааны газар шинэ тутам байгуулагдсан худалдан авах ажиллагааны мэргэжлийн байгууллага учир мэргэжилтнүүдийг сургах, хөгжүүлэх, дадлагажуулах шаардлага нэлээд тулгарсан.

Тиймээс Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, Сангийн яамтай хамтран олон удаагийн давтамжтай сургалтуудыг явуулсан. Долоо хоног бүр газрын мэргэжилтнүүд болон дүүргүүдийн мэргэжилтнүүдийг оролцуулан худалдан авах ажиллагааны талаарх техникийн зөвлөлгөөнийг явуулж хэвшээд байна.

Мөн зураг төсөв унших, санхүүгийн шинжилгээ хийх, ашиг сонирхол үүсэхээс сэргийлэх, албан хэрэг хөтлөх, иргэд олон нийттэй зүй зохистой харилцах чиглэлээр АТГ, Мэргэшсэн нягтлан бодохын институт, Архивын ерөнхий газар, Төрийн албаны салбар зөвлөл, Барилгын хөгжлийн төв зэрэг байгууллагуудтай хамтран 20 орчим сургалтыг зохион байгуулсан. Сургалт хөгжлийн асуудалд анхаарснаар мэргэжилтнүүдийн хандлага, итгэл үнэмшил, ур чадвар дээшилсэн байна.

Өнөөдрийн байдлаар сонгон шалгаруулалт хийгдсэн 320 ажлын 15 ажилд оролцогчид гомдол гаргасан бөгөөд 10 гомдол нь үндэслэлгүй, үндэслэлтэй нь тогтоогдсон хоёр гомдол гаргагчийн талд НХААГ-ын мэргэжилтнүүд санал өгсөн байдаг. Өөрөөр хэлбэл, үндэслэлтэй гомдол нь сонгон шалгаруулалт явагдсан нийт ажлын 0,93 хувийг эзэлж байгаа нь мэргэжилтнүүдийн үйл ажиллагаа мэргэжлийн төвшинд явагдаж байгааг илтгэж байна.

2.Мэдээллийн ил тод байдлыг хангах талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээ

Мэдээллийн ил тод байдлын тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийг тус тус үндэслэл болгон ажиллаж байна. Үүнд:

-Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр худалдаж авч буй бараа, ажил, үйлчилгээний төлөвлөгөөг хуулийн хугацаанд багтаан 2013 оны нэгдүгээр сарын 15-ны дотор www.procurement.mn, www.ulaanbaatar.mn, www.ub-procurement.mnболон бусад арав гаруй цахим хуудас, өдөр тутмын сонин хэвлэлд мэдээлсэн байна. Мөн уг төлөвлөгөөг хөрөнгө оруулалтын нэмэлт төсөв батлагдсан даруйд дээрх мэдээллийн хэрэгсэлд нэмэлтээр оруулан мэдээлж байсан болно.

-Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр худалдаж авч буй бараа, ажил, үйлчилгээний төлөвлөгөөний дагуу зарлагдаж буй тендерүүдийн урилгыг албан ёсоор www.procurement.mn, www.ulaanbaatar.mn, www.ub-procurement.mn сайтууд болон Өдрийн сонин, Нийслэл таймс, Ардчилал зэрэг өдөр тутмын сонинуудад тогтмол хэвлүүлж байна.

Мөн албан бусаар хандалт ихтэй www.olloo.mn, www.news.mn зэрэг цахим хуудсанд мэдээлж байгаа бөгөөд www.gogo.mn, www.time.mn цахим хуудсуудтай хамтран ажиллахаар программын  холболтыг хийж байна. Мөн тухайн ажлын онцлогоос хамаарч мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллагуудын цахим хуудсанд тендерийн зар, урилгыг мэдээлэн ажиллаж байна.

-Иргэд олон нийтийн мэдээлэл авах тогтсон эх үүсвэртэй болох үүднээс байгууллагын албан ёсны цахим хуудас болох www.ub-procurement.mn-ыг хөтлөн явуулж байна. Өнгөрсөн хугацаанд 42551 зочид уг сайтаар зочилж, тендер шалгаруулалтын талаарх мэдээллийг авсан байна.

Уг цахим хуудсаар тендерийн төлөвлөгөө, урилга, шалгаруулалтын үр дүн, явц байдлын мэдээ, анхааруулга, санамж зөвлөгөө болон байгууллагын дотоод үйл ажиллагааны талаар мэдээллийг иргэд олон нийтэд хүргэж байна.

Өнгөрсөн хугацаанд манай газраар хийгдэх бүх ажлын төлөвлөгөө, 479 ажлын урилга, мөн нийт гэрээ хийгдсэн 250 ажлын үр дүнг шалгарсан ба шалгараагүй компаниудын мэдээллүүдийг шалтгаантай нь хувь хүн албан байгууллагын нууцын тухай хуульд нийцүүлэн олон нийтэд бүрэн мэдээлээд байна.

-Хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээний Худалдан авах ажиллагааг иргэд олон нийт, аж ахуй нэгжүүдэд ил тод байлгах үүднээс нэгдсэн мэдээллийн лавлах системийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг хангаад байна.

Энэхүү лавлагааны төхөөрөмж нь мэдээлэл авахад хялбар, ойлгомжтой байхаар програмчлагдсан бөгөөд тендерийн төлөвлөгөө, урилга, нээлтийн тэмдэглэл, үр дүн, гэрээний хэрэгжилтийн талаарх мэдээллүүдийг дугаараар нь шүүн үзэх, хэвлэх боломжтойгоор хийгдэж байна.

3.Худалдан авах ажиллагаанд иргэд, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ

-Үнэлгээний хороонд төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоод, иргэдийн төлөөллийг 1-3 хүний бүрэлдэхүүнтэйгээр оролцуулан ажиллаж байна. Мөн иргэд олон нийтийн оролцоог өргөтгөх зорилгоор 400 орчим иргэдийг худалдан авах ажиллагааны суурь мэдлэг олгох сургалтад хамруулсан.

Өнөөдрийн байдлаар Нийслэлийн хэмжээнд үнэлгээний хороонд орж ажиллах боломжтой 1200 орчим иргэн, төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоодын төлөөллийн мэдээллийн сан бүрдсэн байна.

-Газрын үйл ажиллагаанд иргэд олон нийтийн хөндлөнгийн хяналт, үнэлэлт дүгнэлт өгүүлэх үүднээс газрын даргын дэргэд орон тооны бус олон нийтийн зөвлөлийг байгууллаа.

-Тендерт оролцогчдын чадавхийг дээшлүүлэх үүднээс тендерийн өмнө уулзалт, зөвлөгөөнийг тогтмол явуулж байгаа бөгөөд тендерт хэрхэн бэлтгэх талаарх сургалтыг явуулж, гарын авлагаар хангаж ажиллалаа.