Тендер зохион байгуулалт, үнэлгээний үйл явц тунгалаг боллоо
Худалдан авах ажиллагааны газар
2013.09.25

Тендер зохион байгуулалт, үнэлгээний үйл явц тунгалаг боллоо

Нийслэлийн худалдан авах ажиллагааны газар тендер зохион байгуулалт, үнэлгээний үйл явцыг шударга, ил тод болгох тал дээр чухалчлан ажиллаж байна. Үүний дүнд хэд хэдэн оновчтой алхмыг хийсний нэг нь тусгайлан тоноглож бэлдсэн Үнэлгээний хорооны хурлын танхимтай болсон явдал юм.

Тус танхимд тендерийн үнэлгээний хурлын явцыг бүхэлд нь видео хэлбэрээр архивлан хадгалдаг болсон байна. Энэ нь тендерийн үнэлгээ хуулийн дагуу, шударга явагдсан эсэхийг баримтжуулдаг олон улсын стандартад шалгарсан аргад тооцогддог.

Тендерийг мэргэжлийн байгууллага зохион байгуулах болсноор сонгон шалгаруулалт хуулийн дагуу хийгдэх болсон. Шаардлагатай тохиолдолд тендерийн үнэлгээний хурлын видео, аудио баримтыг архиваас шүүн шалгах боломжийг бүрдүүлэх нь тус байгууллагын ажлыг олон нийтийн өмнө ил тунгалаг болгоно гэж Нийслэлийн удирдлагууд үзэж байгаа.

Тендерийн үнэлгээний хурлын явцыг бүхэлд нь видео хэлбэрээр архивлан хадгалдаг болжээ.

Мөн нөгөө талаас тендер шалгаруулалтын үр дүнг тухай бүрт нь www.ub-procure-ment.mn мэдээллийн хуудсаараа дамжуулан нийтэд зарлан хүргэж байгаа нь оролцогчдын таашаалд нийцсэн бас нэг ажил боллоо.

Үүний зэрэгцээ тендерт оролцогчдын эргэлзээг арилгах, итгэл төрүүлэх бас нэг алхам нь тендерийн баримт материалыг тус бүрд нь бөгжлөн лацдах ажлыг хэрэгжүүлж эхэллээ. Ингэснээр тендерт оролцогчдоос ирсэн баримт материал бүрэн бүтэн хадгалагдах, мэдээллийн нууцыг чандлах стандартыг улам лавшруулж байгаа юм.