Эрүүл мэндийн сайд Н.Удвал Хавдар судлалын үндэсний төвд ажиллалаа
Эрүүл мэндийн сайд Н.Удвал
2013.09.23

Эрүүл мэндийн сайд Н.Удвал Хавдар судлалын үндэсний төвд ажиллалаа

Эрүүл мэндийн сайд Н.Удвал өчигдөр Хавдар судлалын үндэсний төвийн хамт олонтой уулзаж, ажил байдалтай нь танилцав. Уулзалтын эхэнд ХСҮТ-ийн захирал Л.Төмөрбаатар өөрийн төвийн үйл ажиллагааны өнөөгийн байдлыг Сайд болон албаны хүмүүст танилцууллаа.

Тэрээр хэлэхдээ, улсын хэмжээнд элэг, ходоод, улаан хоолой, уушги, умайн хүзүү, хөхний хорт хавдар зонхилон тохиолдож байгаа бөгөөд өмнөх оны байдлаар 100 000 хүн амд 60-5 хүн дээрх төрлийн өвчнөөр өвчилсөн. 2012 онд 11061 хүн хорт хавдрын хяналтад орсон бөгөөд тэдний 4544 хүн нь шинээр бүртгэгдсэндийг хэллээ.

Хорт хавдар тусах гол шалтгаанд архи, тамхи зэрэг хорт зуршлын зохисгүй хэрэглээ, буруу хооллолт байдаг байна. 2012 оны байдлаар тус төвд 331 812 хүн лабораторийн шинжилгээ хийлгэж, 7458 хүн хэвтэн эмчлүүлж, 1770 хүн хагалгаа хийлгэжээ.

Түүнчлэн бид нийгмийн хариуцлагаа ухамсарлан ажиллаж байдаг байгууллагуудтай хамтран үйл ажиллагаа явуулдаг. Тухайлбал, сүүлийн гурван жилд “Хавдрын эсрэг үндэсний аян”-ыг зохион байгуулж гурав дахь шатлалын тусламж үйлчилгээг үзүүлэхээс гадна олон нийтэд чиглэсэн мэдээлэл, сурталчилгааны ажилд анхаарч хорт хавдраас урьдчилан сэргийлэх аргын талаар зааж зөвлөдөг.

Цаашдаа энэ чиглэлийн ажлыг үргэлжлүүлэн зохион байгуулж байя гэсэн саналыг ард иргэд, орон нутгийн удирдлагуудын зүгээс өгч байгааг харгалзан бидний зүгээс иймэрхүү ажлыг төсөвт тодорхой хэмжээнд суулгавал гэсэн санал байна.

Хавдар судлалын үндэсний төвд ажиллалаа

Мөн манай нэг онцлог бол хавдрын нарийн мэргжлийн тусламж үйлчилгээг үзүүлэхээс гадна орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудад хорт хавдрын нарийн мэргэжлийн чиглэлээр мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч ажилладаг.

Энэ нь зөвхөн ХСҮТ-ийн чадавх бэхжихээс гадна орон нутгийн эмнэлгийн байгууллагуудын хорт хавдраас урьдчилан сэргийлэх, эмчлэх чадавх дээшлэх ёстой. Энэнд бид бодлогоо тодорхой хэмжээнд чиглүүлж ажилладаг. Судалгаа хийсэн. Орон нутгийн түвшинд оношилгооны чадавх давхар сайжрах ёстой. Тэгж байж бид хорт хавдрыг эрт үед нь барьж, эмчлэх юм.

Тэрээр цааш нь тус төвийн шийдвэрлэх асуудлуудыг Сайдад дуулгасан юм. Оношилгоо, эмчилгээний чадамж, хүртээмжийг сайжруулах ажлын хүрээнд дүрслэл, эд зүй, лабораторийн оношилгооны чиглэлээр илүү түлхүү хөгжүүлэх. Эмчилгээний хувьд дурангийн, эрхтэн хадгалах, нөхөн сэргээх мэс засал, элэгний мэс заслыг хөгжүүлэх, туяа эмчилгээний зайн шарлагын аппаратаар хангах, химийн эмчилгээний нэр төрлийг олшруулах хэрэгтэй байна.

Үндэсний хэмжээнд шийдвэрлэх нэгэн асуудал бол эрүүл мэндийн болон эрүүл мэндийн даатгалын тухай хуулинд хавдрын зарим төрлийн үйлчилгээг даатгалаас санхүүждэг болгох, хавдрын эм, эмнэлгийн хэрэгслийн төсвийг бодит хэрэгцээг хангахуйц хэмжээнд олгох, хорт хавдраас сэргийлэх, хянах дараагийн дэд хөтөлбөрийг боловсруулж, батлах, хэрэгжүүлэх шаардлагатай байгааг хэллээ.

 Танилцуулга хийсний дараа Сайд мэс засал, туяа эмчилгээний тасгуудаар явж хэвтэн эмчлүүлэгчидтэй уулзсан юм. Сайдыг тус төвд ажиллах үеэр иргэд, үйлчлүүлэгчид санал хүсэлтээ хэлж байлаа. Орон нутгаас эмчлүүлэхээр ирэхэд 13 дугаар маягтыг авах нь хүндрэлтэй байна гэсэн хүн байсан бол тус эмнэлгийн эмч нарын чадварыг шагшин магтсан хүн олон байв.

Завхан аймгийн Цэцэн-Уул сумаас ирж бөөрний хагалгаанд орсон өндөр настан: “Сайн эмч нарын буянаар, өндөр төрийн ачаар сайхан эдгэрэхээр болчлоо. Амархан эдгэж байна. Эмч нар ард түмэнд сайхан үйлчилж байгаа юм байна. Хэсэг сайхан эмч нар байна аа” гэж уулга алдан суусан юм.

Эрдэнэт хотоос ирж ходоодны хагалгаанд орсон эмчлүүлэгч: “Энэ эмч нарын үйлчилгээ, хүмүүсийн харьцаа ямар сайхан байна аа. Их баярлаж байна” гэв.

Мөн уулзалтын үеэр хөнгөвчлөх эмчилгээ судлалын төрөлжсөн мэргэжлээр мэргэшүүлэх сургалт өнөөдөр дуусч байгааг танилцуулсан юм. Энэхүү сургалт нь хөнгөвчлөх судлалаар төрөлжсөн нарийн мэргэжлээр аймаг, дүүргийн эмч, сувилагч нарыг мэргэшүүлэх улмаар аймаг, дүүргийн түвшинд хөнгөвчлөх тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах зорилготой аж.

21 аймаг, 9 дүүргийн 30 эмч зургаан сарын хугацаатай, 14 аймаг, 3 дүүргийн 17 сувилагч хамрагдаж гурван сарын хугацаатай суралцаж шалгалт өгөн амжилттай төгсчээ.

Тус сургалтад 21 аймаг, 9 дүүргийн 30 эмч зургаан сарын хугацаатай, 14 аймаг, 3 дүүргийн 17 сувилагч хамрагдаж гурван сарын хугацаатай суралцаж шалгалт өгөн амжилттай төгсчээ. Төгсөгчдийн зүгээс ХСҮТ-д хоёр эвхэгддэг орыг бэлэглэсэн юм. Сургалтын хугацаанд орон нутгийн нэг эмч, хоёр сувилагч Австрали улсын Аделейд хотын Өмнөд Австралийн хөнгөвчлөх тусламж үйлчилгээний эмнэлэгт 14 хоногийн дадлага сургалтад хамрагдсан байна.

Уулзалтын төгсгөлд Сайд тус төвийн эмч, ажилчдын төлөөлөлтэй уулзаж Засгийн газраас эрүүл мэндийн салбарт авч хэрэгжүүлж буй бодлого хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар танилцуулж эмч ажилчдын саналыг сонслоо. Сайд тус төвийн хамт олон сайн ажиллаж байна гэдгийг үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамжийн байдлаас харлаа.

Сүүлийн жилүүдэд хавдрын өвчлөл эрс нэмэгдэж үйлчлүүлэгчдийн тоо өссөн хэдий ч орны тоо, орон тоо, цалин хөлс, бусад урсгал зардал нэмэгдэхгүй байна. Энэ асар их өвчлөл, хүндрэлтэй тохиолдлуудыг өөрсдийн бололцоогоор үүрч явааг бид ойлгож байгаа. Бид бодлогын хүрээнд химийн эмчилгээг орон нутагт хийх, мөн туяа эмчилгээний аппаратыг худалдан авахад шат дамжлага их гардаг, хугацаа алддаг тул Засгийн газрын хуралдаанаар оруулж шууд гэрээ байгуулах замаар хангадаг болгохоор ажиллаж байна.

Өргөтгөлийн барилгын шавыг 2010 онд тавьсан. 2012 онд ашиглалтад орох байсан хэдий ч ороогүй. Эрүүл мэндийн сайдын багцаас гаргасан ийм асуудалтай 20 барилга байгаа. Бид холбогдох хүмүүстэй нь уулзаж шийдвэрлүүлэхээр ажиллаж байна.

Ийнхүү Сайд ХСҮТ төвд тулгамдаж буй асуудлуудыг нь шийдвэрлэх тал дээр анхаарна гэдгээ хэлж уулзалт өндөрлөлөө. Тус төв нь 1982 оноос үйл ажиллагаагаа явуулж, өнөөдөр 436 ажилтантайгаар ажиллаж байна.