Нөхөн үржихүйн эрүүл мэндийн сургалт болов
УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо, УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс,
НҮБ-ын Хүн амын сан, Парламентын сэтгүүлчдийн холбооноос хамтран зохион байгуулсан “Гэр бүл, жендэрт суурилсан хүчирхийлэл, Нөхөн үржихүйн эрүүл мэнд ба хууль эрх зүйн орчин” сэдэвт сургалтад хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлчид хамрагдлаа.
Сургалтыг УИХ-ын НББСШУБХ-ны дарга З.Баянсэлэнгэ, УИХ-ын даргын зөвлөх С.Ламбаа нар нээж, “Гэр бүлийн хууль эрх зүйн орчин” сэдвээр УИХ-ын НББСШУБХ-ны ахлах зөвлөх Л.Лхагвасүрэн, “Жендэрт суурилсан хүчирхийлэл ба хэвлэл мэдээлэл” сэдвээр
Гэр бүлийн хүчирхийллийн үндэсний төвийн хөтөлбөрийн менежер Н.Мөнхсаруул, “Монгол дахь нөхөн үржихүйн эрүүл мэндийн асуудал” сэдвээр ЭМШУИС-ийн Эх барих эмэгтэйчүүдийн төвийн ахлах багш Б.Жаргалсайхан нар мэдээлэл өгч хэлэлцүүлэг өрнүүлэв.
Тус сургалт хүн амын хөгжил, нөхөн үржихүйн эрүүл мэнд, гэр бүлийн харилцааны хууль эрх зүй, жендэрт суурилсан хүчирхийллийн асуудлаар парламентын сэтгүүлчдэд тодорхой, цэгцтэй мэдээлэл өгөхөд чиглэгдлээ.
Иргэд олон нийт, шийдвэр гаргагчдын хооронд гүүр болон ажилладаг мэргэжлийн сэтгүүлчид гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хохирогчийн талаарх мэдээллийг олон нийтэд хүргэхдээ хохирогчийн аюулгүй байдал, эрхийг хамгаалах, нийгэмд сөрөг мэдээлэл өгч айдаст автуулахгүй байхад суралцах,
мөн түүнчлэн гэр бүлийн хүчирхийллийн талаарх асуудлыг зөвхөн хөндөөд орхих бус түүний араас цуврал сурвалжлага хийж олон нийтэд үнэн зөв мэдээлэл хүргэх нь чухал болохыг сургагч багш нар онцолж байлаа.
Нөхөн үржихүйн эрүүл мэндийн сургалтын үеэр
Түүнчлэн энэхүү сургалтаар нөхөн үржихүйн эрүүл мэндийн асуудлаарх сүүлийн үеийн статистик мэдээллийг өгсөний зэрэгцээ сүүлийн жилүүдэд манай улсад үр хөндөлт, эхийн эндэгдэл буурсан үзүүлэлттэй гарч, Мянганы хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд тодорхой амжилтад хүрсэнийг мэдээлэв.
Сургалтын явцад оролцогчид өөрсдийн сонирхсон асуултдаа дэлгэрэнгүй хариулт авч бодит жишээнд үндэслэн харилцан ярилцлаа.