УИХ-ын чуулганы хуралдаан Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн төсөл болон холбогдох хуулийн төслүүдийг хэлэлцэж байна.
2013.09.20

Түгээмэл тархацтай ашигт малтмалын хуулийн төслийг дэмжлээ

УИХ-ын чуулганы хуралдаан Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн төсөл болон холбогдох хуулийн төслүүдийг хэлэлцэж байна. УИХ-ын гишүүд хуулийн төсөлтэй холбогдуулан асуулт асууж байна. УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр “Энэ асуудал ээлжит бус чуулганы хуралдаанаар зайлшгүй орох шаардлагатай юм уу. Мөн эдийн засгийн ерөнхий бодлоготой уялдахаас гадна хот төлөвлөлтийн бодлоготой уялдах ёстой юм биш үү.

Хэрхэн уялдуулъя гэж бодсон юм бэ. Орон нутагт боловсон хүчний тоо нэмэгдэхгүй байх үндэслэл байхгүй юм биш үү. Орон тоо нэмэгдэх байх. Түүнчлэн давхар геологийн ажил хийх вий дээ” гэв. Харин Уул уурхайн сайд Д.Ганхуяг “Эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогын тухайд Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн төслийг тусад нь боловсруулах шаардлагатай гэж үзсэн. Хуулийн төслийг хэлэлцэж батлах шаардлага бий. Аль ч төрлийн ашигт малтмал хяналт тавьж байгаа нь орон нутгийн удирдлагууд шүү дээ. Тэгэхээр ойртуулах нь зөв гэж бодож байна” хэмээсэн юм.

Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн төслийг богино хугацаанд батлах хэрэггүй. Нухацтай, мэргэжлийн хүмүүсийн судалгааны дүнд хуулиа батлах шаардлагатай гэв.

УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ “Зөвшөөрөл олгохдоо эрх мэдлийг нь орон нутагт яагаад өгч байгаа юм бэ” гэхэд Д.Ганхуяг сайд “Түгээмэл тархацтай ашигт малтмалын баялаг нь орон нутагт бий. Тиймээс орон нутагт эрх мэдлийг нь өгч, хяналт тавих үүргийг нь хүлээлгэх хэрэгтэй гэж бодсон” гэлээ.

Ийнхүү уг хуультай холбогдуулан гишүүд асуулт асууж дууслаа. Харин УИХ-ын гишүүн Я.Содбаатар үг хэллээ. Тэрбээр “Орон нутагт эрх мэдлийг өгч буй нь эрдэс баялгийн салбарт байж болохгүй. Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн төслийг богино хугацаанд батлах хэрэггүй. Нухацтай, мэргэжлийн хүмүүсийн судалгааны дүнд хуулиа батлах шаардлагатай. Орон нутагт эрх мэдлийг өгөхөөр харин авлига нэмэгдэнэ” хэмээв. УИХ-ын дарга З.Энхболд хэлэлцэх асуудлаар санал хураалаа. Чуулганы хуралдаанд 45 гишүүн оролцсноос 38 гишүүн дэмжиж, хуулийн төслийг УИХ-ын Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ.