2013.09.19

Уул уурхайд гүний ус ашиглахыг хязгаарлана

Уул уурхайн хайгуулд гүний ус ашиглахыг энэ оны наймдугаар сарын нэгнээс эхлэн хориглоод байна. Мөн ашигт малтмал олборлоход гүний ус ашиглахыг 2016 оны нэгдүгээр сарын 1-нээс хориглох шийдвэр гаргажээ.

Өмнөговь аймагт уурхайн үйл ажиллагаа идэвхижсэн учир цаашдаа ундны усны хомсдолд орж болзошгүй гэж аймгийн удирдлагууд сэрэмжилсэн байна.

ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ: Байгалийн нөөцөө зүй зохистой ашиглах ёстой. Нэг талдаа бүтээн байгуулалтаа үгүйсгээд, нэг хэсэг нь бүх зүйлээ хаагаад зогсчихвол улс орны эдийн засгийн өсөлт, төсвийн орлогын бүрдүүлэлт гээд олон зүйлд сөргөөр нөлөөлнө.

Байгалийн нөөцөө зүй зохистой ашиглах ёстой.

Түүнчлэн хэт мөнгө хөөгөөд олборлолт бүтээн байгуулалтаа өрөөсгөл байдлаар аваад явбал байгаль экологийн тэнцвэртэй байдал алдагдана. Улмаар орон нутагт амьдарч буй иргэдийн эрх ашиг хөндөгдөнө гэлээ.

Өмнөговь аймгийн хэмжээнд нийт 130 гаруй гүний ус ашиглагчид буюу аж ахуйн нэгжүүд байдаг. Үүнээс уул уурхайн ашиглалтын үйл ажиллагаа явуулж буй 13 компани бий. Эдгээрийг ус ашигласны татвараас нь авч үзвэл томоохон ус ашиглагчид гэж нэрлэдэг байна.