Я.Санжмятав мэргэжилтэй ажилтан бэлтгэх хонх цохилоо
Хичээлийн шинэ жил эхэлж, төр засгийн эрхмүүд их, дээд сургууль, цэцэрлэгийн нээлтэд оролцсон бол Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав Төв аймаг дахь "Зуунмод МСҮТ"-ийн хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцож, мэргэжилтэй ажилтан бэлтгэх анхны хонхыг цохилоо.
Уул уурхай, барилга, зам тээвэр, аж үйлдвэр зэрэг эдийн засгийн тэргүүлэх салбарт мэргэжилтэй ажилтны хэрэгцээ өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж буй. Энэ хэрэгцээ шаардлагыг хангахын тулд Хөдөлмөрийн яам байгуулагдсан даруйдаа мэргэжилтэй ажилтан бэлтгэх ажлыг улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа 80 гаруй МСҮТ-өөрөө дамжуулан эрчимтэй бэлтгэж эхэлсэн.
Тэдгээрийн дөрөв нь Төв аймагт үйл ажиллагаагаа явуулж байна. Байгуулагдаад 30 гаруй жилийг үдэж, 10 мянга гаруй мэргэжилтэй ажилтан бэлтгэсэн Зуунмодын Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв нь 50 гаруй багш, ажилтантай. Энэ хичээлийн шинэ жилд 800 гаруй элсэгч хүлээн авч, барилга, сантехник, нийтийн хоол зэрэг мэргэжлээр сургах аж.
Хэдийгээр барилга, үйлчилгээний чиглэлээр сургалт явуулдаг ч энэ жилийн хувьд эрэлт хэрэгцээгээ дагаад барилгын бетон арматур, сантехник, цахилгаан гагнуурчин гэсэн мэргэжлээр элсэлт авчээ. Суралцагчдын олонх нь хоёр жилийн турш суралцаад шууд л ажлын байртай болдог гэж Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирал н.Алтангэрэл ярьж байв.
Салбарын сайд Я.Санжмятав суралцагчдад хандан "Залуус их, дээд сургуулийг шүтэх нь харьцангуй багасч, богино хугацаанд мэргэжилтэй ажилтан болж, өөрийгөө болон гэр бүлээ тэжээх, улсынхаа хөгжил цэцэглэлтэд хувь нэмрээ оруулах хүсэл эрмэлзэлтэй болж. Өнгөрсөн хавар Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийг 23 мянган хүүхэд төгссөнөөс 80 орчим хувь нь ажилтай болсон.
Их, дээд сургууль төгссөн залуусаас 30 гаруй хувь нь мэргэжлээрээ ажилд ордог бол үлдсэн нь хаана юу хийх вэ гээд ажил хайж явна. Бас зарим нь мэргэжлээ буруу сонгож гээд мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, коллежид дахин суралцаж байна. Харин та бүхэн их зөв сонголт хийжээ.
МСҮТ-д суралцаж, үйлдвэрлэлд гарч сурсан мэдсэнээрээ нэг сая төгрөгийн цалин аваад, баялаг бүтээх боломж бий.
Эцэг, эхдээ хамгийн түрүүнд тус болох хүн нь та нар. Өнөөдөр мэргэжилтэй ажилтны үнэлэмж дээшилж байна. Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд суралцаж, үйлдвэрлэлд гарч сурсан мэдсэнээрээ нэг сая төгрөгийн цалин аваад, баялаг бүтээх боломж та нарт бий.
Шинэчлэлийн Засгийн газар их бүтээн байгуулалтын ажлаа эхэлж зам тээвэр, барилга, үйлдвэрлэл үйлчилгээ, хөдөө аж ахуйн чиглэлээр онцгой анхаарч байна.
Тухайлбал, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж Монгол Улсыг тэжээж байсан малчид малынхаа арьс шир, ноос, ноолуурыг ченжүүдэд хямд өгчихдөг байсан бол одоо үндэсний үйлдвэртээ тушааж, түүгээр нь монгол хүн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна.
Дунд сургуулийн сурагчдын дүрэмт хувцасны даавууг энэ жил БНСУ-д үйлдвэрлэсэн ч ирэх жил монголчууд өөрсдөө хийнэ. Хэдийгээр даавуу нь Солонгост үйлдвэрлэсэн ч сурагчдын дүрэмт хувцаснаас монгол чанар, монгол малчны ухаан, монгол хүний сэтгэл үнэртэж байгаа. Ирээдүйд энэ бүх ажлыг гардаж хийх үндэсний мэргэжилтэй ажилтнууд та бүхэн шүү.
Шинэчлэлийн Засгийн газар үндэсний мэргэжилтэй ажилтандаа 2014 оноос 70 мянган төгрөгийн тэтгэлэг олгохыг зорьж байна. Их, дээд сургуульд суралцаж байгаа оюутнуудад төрөөс 70 мянган төгрөг олгож байгаа бол үнэ цэнэтэй мэргэжил эзэмших оюутнууддаа мөн 70 мянган төгрөг хүргэхийг зорьж байна" гэсэн юм.
Шинэчлэлийн Засгийн газар үндэсний мэргэжилтэй ажилтандаа 2014 оноос 70 мянган төгрөгийн тэтгэлэг олгохыг зорьж байна.
Хөдөлмөрийн яамнаас зохион байгуулж байгаа "Үндэсний мэргэжилтэй ажилтан бэлтгэх хөтөлбөр"-ийн хүрээнд Зуунмодын Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийг өнгөрсөн долдугаар сард 65 суралцагч төгссөн бол энэ сард хоёр дахь ээлжийн 20 суралцагч төгсөх аж.
Мэргэжлийн боловсролын нэг онцлог нь дадлагад тулгуурладаг. Тиймдээ ч дадлагын байр суралцагчдын багаж хэрэгсэл стандартад нийцсэн байх шаардлагын дагуу тус МСҮТ нь гадаадын төсөл хөтөлбөрөөс нэг тэрбум гаруй төгрөгийн хөрөнгө оруулалт татаж, өдөрт нэг танхимд хоёр ээлжээр 40 хүүхэд зэрэг дадлагажих хүчин чадал бүхий дадлагын шинэ байртай болжээ.
Мөн өнгөрсөн хичээлийн жилд багш нарынхаа боловсролд чамгүй анхаарчээ. Тухайлбал, тус МСҮТ нь гадаадын төсөл хөтөлбөрүүдтэй зөвхөн хөрөнгө оруулалтын чиглэлээр хамтрахаас гадна багшлах боловсон хүчнээ чадавхижуулах талаар хамтарч зургаан багшийг Герман, Австрали улсад суралцуулсан байна. Зуун мод МСҮТ-д зөвхөн Төв аймгийн залуус бус Улаанбаатар, Дундговь, Архангай аймгийнхан ирж суралцдаг байна.