"Бүтээн байгуулалтын цаг" уулзалт боллоо.
2013.08.20

Ц.Баярсайхан: Иргэд тэвчээртэй байвал орон сууцны үнэ буурна

Баянхонгорын замыг энэ сарын 24-нд хүлээлгэж өгнө

Засгийн газрын бүтээн байгуулалтын цаг" хуваарь ёсоор өчигдөр боллоо. Орон нутгийн зам засварын ажил төлөвлөснөөс хоцорч яваа нь өнгөрсөн долоо хоногт Зам тээврийн сайдын чихийг багагүй халууцуулсан. Тиймээс “Бүтээн байгуулалтын цаг” А.Гансүх сайдын мэдээллийг сонсож эхлэв.

Тэрээр “Тендерт шалгарч ажлаа хүлээж авсан ч, нэг метр ч замын далан босгоогүй" гэсэн шүүмжлэлд өртсөн “Чайна жөо инженеринг” компанийн ажилтай биечлэн танилцаад иржээ. Тус компани Улаанбаатар хотыг Дорнод аймгийн төв Чойбалсан хоттой холбосон автозамын нэгээхэн хэсэг дээр ажиллаж байгаа юм.

Гэвч саяхныг хүртэл ганц, хоёр экскаватор сойсноос өөр хийсэн ажилгүй сууж байгааг нь Дорнод аймагт ажиллаад ирсэн Сангийн сайд Ч.Улаан хэлсэн. Энэ мэдээллийн мөрөөр Зам тээврийн сайд өнгөрсөн долоо хоногт Дорнод аймагт ажиллаж “Чайна жео инженеринг”-ийн ажилтай танилцаад, амласан хугацаандаа ажлаа дуусгана гэсэн ам өчгийг нь аваад ирсэн гэв.

Түүнчлэн энэ чиглэлд ажиллаж байгаа “Насны зам” компани хариуцсан замаа товлосон хугацаанд нь өгнө гэж сайдад амлажээ. Үүнээс гадна тендерт шалгарч замын ажил авсан зарим компани хүчин чадлаа буруу тооцоолсноос болж, төлөвлөсөн ажлаа хугацаанд нь өгч чадахгүй болсон талаар өнгөрсөн долоо хоногийн “Бүтээн байгуулалтын цаг”-аар хөндсөн.

Энэ дагуу Зам тээврийн сайд арга хэмжээ авч, ажлаа дийлэхгүй байгаа компаниудаас ажлыг нь хэсэгчлэн буцааж авчээ. Тухайлбал, Хөвсгөлд замын ажил төлөвлөснөөсөө хоёр долоо хоногоор хоцорч байгаа. Тус аймгийг нийслэлтэй холбох автозамын 86 километрийг нь БНСУ-ын Бэксок” компани гүйцэтгэж байгаа юм. Гэвч тус компанийн хүчин чадал дааж авсан замын ажлаа гүйцэтгэж хүчрэхгүй болжээ.

Тиймээс Бэксок" компаниас 40 километр замын ажлыг буцааж авч өөр компанид өгөхөөр болсон байна. Мөн Өмнөговийн чиглэлд 83 километр автозам барьж буй “Ялгуусан” компаниас 40 километр замын ажлыг салгаж авч, өөр хоёр компанид хувааж өгөхөөр болжээ.

Дундговийн хувьд замын ажил баталсан графикийн дагуу явж байгаа бол Баянхонгорыг Улаанбаатар хоттой холбоход 800 метр л үлдээд байгаа гэнэ. Хуваарь ёсоор уг замыг энэ сарын 24-нд ашиглалтад өгнө. Ийнхүү салбар хариуцсан сайд нь автозамын ажилтай биечлэн танилцаж, цэгцэлснээр энэ онд багтааж зургаан аймгийн төвийг нийслэлтэй холбох ажил төлөвлөсөн хугацаандаа дуусах боломж бүрдэж байгаа гэнэ.

Төмөр замын хувьд энэ онд төмөр замынхаа шороон даланг босгох ёстой. Нийт 225 километр далан босгохоос одоогийн байдлаар 83 километрийг нь бариад байна.

Нисэх, яармаг төвөөсхамааралгүй дэд бүтэцтэй болно

“Бүтээн байгуулалтын цаг" Барилга, хот байгуулалтын сайдын мэдээллээр үргэлжлэв. Ерөнхий сайд Н.Алтанхуяг Ц.Баярсайхан сайдаас Яармагийн төрөх эмнэлэг болон Архивын газрын барилга, Цэвэрлэх байгууламж барих ажил юу болж байгаа талаар асуув.

Шугам сүлжээний ажил эрчимтэй хийж байгааг Барилга хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан хэллээ.

Учир нь, түрүүчийн Засгийн газар Яармагт 300 эхийн төрөх эмнэлэг барих төсөв баталж өгсөн ч, дэд бүтцийнх нь асуудлыг шийдэж өгөлгүй орхисон юм. Тухайн үед төсөвлөж өгсөн мөнгө нь ч эмнэлгийн барилгыг барьж гүйцээгүй байхад дууссан.

Тиймээс төрөх эмнэлгийн барилгыг дуусгах мөнгө нэмж өгөх хэрэгтэй болоод байгаа юм. Бас цэвэр, бохир усных нь дэд бүтцийн асуудлыг шийдэж өгөхөөс нааш эмнэлгийг улсын комисс хүлээж авахгүйд хүрсэн. Ирээдүйд Нисэх, Яармаг өргөжиж, суурьшлын цогц бүс болох төлөвлөгөөтэй байгаа.

Тийм учраас энэ чиглэл рүү хийж буй дэд бүтцийн ажлыг Ерөнхий сайд илүү сонирхож байв. Засгийн газрын захиалгын дагуу дотоодын барилгын компаниуд Буянт-Ухаа хорооллыг барьж байгаа. Энэ жил л гэхэд 700 айлын орон сууцыг ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй байгаа юм. Тиймээс шугам сүлжээний ажил эрчимтэй хийж байгааг БХБ-ын сайд хэллээ.

Мөн иргэдийн цэвэр усны хангамжийн асуудлыг шийдэхээр “КОЙКА’’-тай хамтарч ажиллаж эхэлжээ. Тэд Яармагт хоёр усан сан, 20 гүний худаг гаргахаар ажиллаж байгаа аж. Энэ ажил 32 хувьтай үргэлжилж байна. Нисэхийн иргэдийн цэвэр усны хангамжийг нь Биокомбинат цаана Туул голын ойролцоо 20 худаг гаргаж шийдэхээр болжээ.

Нисэхийн иргэдийн цэвэр усны хангамжийг нь Биокомбинат цаана Туул голын ойролцоо 20 худаг гаргаж шийдэхээр болжээ.

Үүнээс гадна цэвэрлэх байгууламж шинээр барих ёстой. Гэвч хоёр жилийн дараа л Нисэх, Яармагийнхан шинэ цэвэрлэх байгууламжтай болно гэнэ. Тэр хүртэл Нисэхийн цэвэрлэх байгууламжийн хүчин чадлыг нэмэгдүүлэх аргаар өдөр ирэх бүр өсөн нэмэгдэж байгаа хэрэгцээг хангахаар төлөвлөжээ.

Цаашдаа Нисэх, яармагийнхан тусдаа цэвэр усны хангамжтай, өөрийн гэсэн цэвэрлэх байгууламжтай болох аж. Өөрөөр хэлбэл, төвөөс хамааралгүй дэд бүтэцтэй болно гэсэн үг.

2013-2014 оны улиралд 33.000 айлын орон сууц ашиглалтад орно

Засгийн газрын найман хувийн хүүтэй орон сууцны зээл хэрэгжиж эхэлснээс хойш 14.894 зээлдэгч найман хувийн хүүтэй зээл рүү шилжжээ. Түүнчлэн өчигдрийн байдлаар 4543 иргэн шинээр зээл авсан байна.

Үүнийг мөнгөн дүнгээр илэрхийлбэл 245 тэрбум төгрөгийн зээлийг иргэдэд өгчээ. Зээл олголт хэвийн үргэлжилж байгаа ч эрэлт ихэссэнээс үүдсэн орон сууцны үнийн өсөлт иргэдийн санааг зовоож байна. Энэ тал дээр Засгийн газар ямар хариу арга хэмжээ авч байгааг хамтдаа сонирхъё.

2013-2014 оны улиралд нийтдээ 33 мянган айлын орон сууц ашиглалтад орно.

Ц.Баярсайхан сайдын хэлж байгаагаар бол нийслэлд 60 мянган айлын орон сууц баригдаж байгаагаас 2013-2014 оны улиралд нийтдээ 33 мянган айлын орон сууц ашиглалтад орно гэнэ. Баянголын аманд гэхэд л энэ намар таван давхар арван орон сууц ашиглалтад орох юм байна.

XIV хорооллын 920 айлын орон сууц ч энэ жилдээ багтан ашиглалтад орно гэнэ. Мөн “Найман хувийн хүүтэй зээл"-ийг Засгийн газар маш сайн судалж байж зах зээлд нийлүүлсэн учраас “Зургаан хувийн хүүтэй зээл” шиг богинохон наслахгүй гэж амлаж байна.

Тэгэхээр иргэд тайван хүлээцтэй байвал орон сууцны үнэ ирэх жилээс буурна гэлээ. Учир нь, удахгүй “найман хувийн хүүтэй зээл” хэрэгжихээ болино гэсэн цуу ярианаас болж, иргэд орон сууцны зээлд хамрагдахаар яарч байгаа нь орон сууцны үнийг хөөрөгдөж байгаа аж.

Дээр нь, иргэд Улаанбаатар хотод баригдаж буй орон сууцны талаар мэдээлэл муу байгаагаас болж, ашиглалтад орсон барилга дээр олноороо очиж үнийг нь өсгөж байгаа юм байна. Тиймээс энэ долоо хоногт ОССК-тай хамтран нийслэлд баригдаж буй орон сууцны тооллогыг хийж, мэдээллийн сан бүрдүүлэхээр болжээ.

Засгийн газар орон сууцны үнийг бууруулах, эрэлт нийлүүлэлтийн харьцааг тэнцвэржүүлэх зорилгоор Угсармал барилгын үйлдвэр оруулж ирэхээр болсон. Үйлдвэрийг ирэх онд оруулж ирж, үйл ажиллагааг нь эхлүүлэхээр

"Амгалан дулааны станц”-ын газрын 70 хувийг чөлөөлөв

Тус станцын барилгын ажил төлөвлөсөн хугацаанаасаа хожимдож эхлэх нь тодорхой болсон. Нийслэлээс зургаан тэрбум төгрөг гаргаж, газарт орсон айлуудад нөхөн олговор өгсөн. Гэвч мөнгөө авсан айлууд нүүхийг тэгтлээ их яарахгүй байгаа нь “Амгалан дулааны станц"-ын барилгын ажил хожимдож эхлэх шалтаг болжээ.

Станцын газрын 70 хувийг чөлөөлж, барилгын ажлаа эхлүүлэхэд бэлэн болжээ.

Өнгөрсөн долоо хоногт Эрчим хүчний сайд М.Сономпил цагдаагийн байгууллагаас тусламж хүсч, иргэдийг албадан нүүлгэх арга хэмжээ авахаа илэрхийлсэн. Түүний энэхүү “сүрдүүлэг” үүргээ гүйцэтгэсэн бололтой. Иргэд хүч хэрэглүүлэлгүйгээр идэвхтэй нүүж эхэлснийг өчигдөр баяртайгаар дуулгав.

Одоогийн байдлаар станцын газрын 70 хувийг чөлөөлж, барилгын ажлаа эхлүүлэхэд бэлэн болоод байгаа гэнэ. Үлдэж байгаа 30 хувьд нь дөрвөн аж ахуйн нэгжийн өмч хөрөнгө байгаа учраас нүүхэд багахан хугацаа өгөхийг хүсчээ. Ямартай ч “Амгалан дулааны станц"-ын барилгын ажлыг ирэх долоо хоногт тууз хайчилж эхлүүлнэ гэж М.Сономпил сайд амлалаа.

ДЦС-5-ын хувьд Эрчим хүчний яамныхан шалгарсан хоёр консерциумтайгаа хэлцэл явуулж эхэлсэн байна. тэд энэ сардаа багтааж хэлцлийн ажлаа дуусгах төлөвлөгөөтэй байгаа бол ДЦС-III-ын хүчин чадлыг 50 мВт-аар өргөтгөх ажил хэдэн хувьтай байгааг сонирхуулъя.

Өчигдрийн байдлаар угсралтын ажилчид үндсэн тоног төхөөрөмжүүдээ 100 хувь суулгаж дууссан байна. Нэмэлт тоног төхөөрөмжүүд суулгах ажил 40 хувьтай үргэлжилж байгаа аж. Энэ ажил дуусахаар 50 мВт-ын Уурын турбинаа суурилуулах юм байна.

Бороо “Гудамж төсөл”-ийг саатуулав

Өнгөрсөн долоо хоногт бороошсон нь “Гудамж төсөл”-ийн ажлыг саатуулжээ. Энэ жил нийт 33 уулзвар ашиглалтад өгөхөөс одоогийн байдлаар долоог нь өгөөд байгаа юм. Энэ долоо хоногт нэмж “Дархан минж”, “X хороолол”, “Тасганы овоо”, “Бөхийн өргөө" “Гурвалжингийн уулзвар"-уудыг ашиглалтад өгөхөөр төлөвлөжээ.

Энэ төсөл хэрэгжсэнээр уулзваруудын нэвтрүүлэх чадвар сайжирсан сайн талтай ч бусад замын нэвтрүүлэх чадвар муу байгаагаас болж, замын түгжрэл саарахгүй байгааг Ерөнхий сайдад дуулгав. Тиймээс хотын замуудыг нийтэд нь өргөтгөх шаардлагатай байна гэлээ. Хотынхон үүнтэй холбоотойгоор зарын чанартай мэдээлэл хийв.

33 уулзвар ашиглалтад өгөхөөс одоогийн байдлаар долоог нь өгөөд байна.

Хотод зам засварын ажил ид өрнөж байгаатай холбоотойгоор төрийн яам, хэрэгжүүлэгч агентлагийн гаднах автомашины зогсоолд төрийн албан хаагчдын автомашиныг зогсоохгүй байх, ажилчдаа тусгай автобус гаргаж тээвэрлэхийг хотын захиргааныхан хүсч байна. Энэ ажлыг хэрэгжүүлэхэд Ерөнхий сайдын тусламжийг хүслээ.

Мөн энэ сарын 24-31 -ний өдрүүдэд автомашины дугаарын хязгаарлалт хийхээр болжээ. Өөрөөр хэлбэл, энэ өдрүүдэд нэг өдөр тэгш тоогоор төгссөн дугаартай автомашин, дараагийн өдөр нь сондгой тоогоор төгссөн дугаартай автомашинууд хөдөлгөөнд оролцох юм байна. Энэ талаар удахгүй нийслэлээс мэдэгдэл гаргах юм байна.

Засгийн газар “Чингис бонд”-ын мөнгөнөөсөө 85 тэрбум төгрөгийг гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажилд зориулж өгсөн. Гэвч энэ мөнгө зохих эздэдээ хүрээгүй байгаа юм. Энэ нь өмнөх хурал дээр нэлээд шүүмжлэл дагуулсан. Энэ долоо хоногт дахин төлөвлөлтөд оролцох эрхээ авсан компаниудын таван төсөл санхүүжилтээ Хөгжлийн банкнаас хүссэн байна.

Хөгжлийн банк төсөлтэй танилцаад лхагва гаригт асуудлыг шийдэж, компаниудын хүссэн 57 тэрбум төгрөгийг өгөх эсэхээ шийднэ гэнэ. Дашрамд дурдахад, ирэх даваа гаригийн “Бүтээн байгуулалтын цаг"-аар Хөдөлмөрийн сайд болон ҮХАА-н сайд нарын мэдээллийг Ерөнхий сайд сонсоно.