Монголын даатгагчдын холбоо ерөнхийлөгчөө сонголоо
Монголын Даатгагчдын Холбооны тэргүүн Ж.Бат-Орших
2013.07.18

Монголын даатгагчдын холбоо ерөнхийлөгчөө сонголоо

Монголын даатгагчдын холбоо бүх гишүүдийн ээлжилт хурлаараа удирдлагуудаа сонгосон байна. Энэхүү хурлаараа холбооны Төлөөлөн Удирдах Зөвлөлийн долоон гишүүн, Хяналтын зөвлөлийн гурван гишүүнийг томилсон аж.

Ингээд Монголын даатгагчдын холбооны Ерөнхийлөгчөөр “Миг Даатгал” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ж.Бат-Орших, Дэд ерөнхийлөгчөөр “Монре Даатгал” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Р.Ганзориг нарыг сонгосон байна.

Монголын даатгагчдын холбоо нь 2004 онд Хууль зүй, дотоод хэргийн сайдын шийдвэрээр байгуулагджээ. Энэхүү холбоонд Санхүүгийн зохицуулах хорооноос тусгай зөвшөөрөл авсан, даатгалын мэргэжсэн үйл ажиллагаа явуулдаг 17 компани жинхэнэ гишүүнээр, мөн даатгалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хоёр компани дэмжигч гишүүнээр элсэж, нэгдэн ажилладаг аж.

Холбооны гол санхүүжилт нь гишүүдийн татвар, хандив, сургалт зохион байгуулж олсон орлого болон бусад хуулиар хориглоогүй үйл ажиллагаа явуулж бүрддэг.

Тус холбоо нь 2009 оны гуравдугаар сард Бүх гишүүдийн хурлыг хуралдуулж дүрэм, холбооны удирдлага, зохион байгуулалтын бүтцийг шинэчлэн батлаж үйл ажиллагаагаа явуулж эхлээд байна.

Энэ хугацаанд "Даатгалын тухай хууль", "Жолоочийн хариуцлагын заавал даатгах даатгалын тухай хууль", "Ердийн даатгалын компанийн төлбөрийн чадварын журам", "Даатгалын нөөцийн сан бүрдүүлэх, хуваарилах, түүнд хяналт тавих журам", "Даатгалын зах зээлийн мэдээллийн нэгдсэн сангийн журам" зэрэг хууль, журмын төслүүдэд санал өгөх, Даатгалын дунд шатны менежерүүдэд зориулж сургалт зохион байгуулах, Даатгалын мэргэжлийн кодекс буюу даатгалын мэргэжилтнүүдийн баримтлах мэргэжлийн ёс зүйн баримт бичгийг боловсруулж мөрдүүлэх зэрэг ажлуудыг гүйцэтгэсэн аж.