Монголын үйлдвэрчний эвлэлийн ерөнхийлөгч Х.Амгаланбаатар
2013.06.24

Нийгмийн даатгалын мөнгийг зарцуулах хатуу хяналт хэрэгтэй

Найман хувийн хүүтэй зээлийг нийгмийн даатгалын сангаас гаргах талаар яригдаж байгаа гэтэл энэ нь иргэн цалингаасаа төлж хуримтлуулсан мөнгө. Энэ нь тухайн иргэнд зарцуулагдах ёстой гэтэл үүнийг орон сууцны зээлд зарцуулах гэж байгаа нь зөв эсэх дээр олон асуудал хөндөгдөж байна.

Монголын үйлдвэрчний эвлэлийн ерөнхийлөгч Х.Амгаланбаатар:

Нийгмийн даатгалын сангийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулж магадгүй учир гурван зүйлд анхаарах ёстой. Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлөөр нухацтай хэлэлцэх ёстой.

Энэ байгууллага бол даатгуулагчийн эрх ашгийг хамгаалсан УИХ-аас байгуулагдсан бие даасан бүтэц. Тиймээс даатгалын сангийн хөрөнгийг юунд зарцуулах, үр дүнтэй, эрсдэлгүй гэдэгт нийгмийн даатгалын үндэсний зөвлөл даатгуулагчийн өмнө хүлээдэг учир хэлэлцэх ёстой.

Даатгуулагч иргэд болон ажил олгогчдын хяналтын тогтолцоог санхүүжилтийн  үйл ажиллагаанд нилээн тодорхой болгож өгөх ёстой. Нийгмийн даатгалын хөрөнгө нь эрсдэлгүй банкаар дамжин орон сууцны зээлд зарцуулагдаж чадаж байна уу, буцаад өсч чадаж байна уу гэдэгт хатуу хяналт хэрэгтэй.

Хяналтгүй мөнгө эргээд монгол улсад эрсдэл дагуулахаас зайлсхийх хэрэгтэй үүнийг тооцоолох шаардлага их байгаа.