Нийгмийн даатгалын сангаас орон сууцны зээлийг гаргах боломж бий
2013.06.21

Нийгмийн даатгалын сангаас орон сууцны зээлийг гаргах боломжтой

Энэ онд нийгмийн даатгалын санд 875 тэрбум төгрөгийн орлого төвлөрнө гэж нийгмийн даатгалын ерөнхий газар тооцоолсон байна. Үүнээс 700 гаруй тэрбум төгрөгийг нь эргүүлэн таван чиглэлд зарцуулах юм.

Нийгмийн даатгалын сангаас орон сууцны зээлийг гаргах боломж бий. Гэхдээ хяналттай бас нийгмийн даатгалын үндэсний зөвлөлөөр энэ асуудлыг хэлэлцүүлэх ёстой гэсэн байр суурийг монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо илэрхийллээ.

Нийгмийн даатгалын сангийн хөрөнгө бол Засгийн газрын хөрөнгө биш.

Монголын үйлдвэрчний эвлэлийн ерөнхийлөгч Х.Амгаланбаатар: Энэ нийгмийн даатгалын сангийн хөрөнгө бол Засгийн газрын хөрөнгө биш. Даатгуулагч иргэдийн цалин орлогоосоо өгч буй хөрөнгө учраас даатгуулагчдын санал бодлыг авах ёстой. Даатгуулагчийн төлөөллийн байгууллага болсон үйлдвэрчний эвлэлийн байгууллага болоод ажил олгогчийн саналыг авах ёстой гэлээ.

Засгийн газар нь төрөөс нийгмийн даатгалын бүлгийн хариуцах ёстой мөнгө болох 230 орчим тэрбум төгрөгийг нийгмийн даатгалын санд өр болгон тавьсан байна. Харин 2015 он хүртэл энэ мөнгийг хуваарилан төлөхөөр нийгмийн даатгалын үндэсний зөвлөл, Засгийн газартай зөвшилцөж гэрээ байгуулжээ. Өр барагдуулалт хэвийн явагдаж байгаа гэж албаныхан мэдэгдлээ.