УИХ дахь МАН-ын бүлэг хуралдлаа.
2013.07.02

Суурь хоёр хуулийг шинэчлэх шаардлагатай гэж үзэв

УИХ дахь МАН-ын бүлгийн өчигдрийн хуралдаанаар энэ долоо хоногт Байнгын хороодоор хэлэлцэх хуулийн төслүүдийн талаар ярилцсан байна. Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон гэж үзэж, бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрөх тухай хуулийн төсөл дээр МАН-ын бүлгийн дэд дарга С.Бямбацогт ажиллаж байгаа аж.

Шүүх, хууль хяналтын байгууллагын шинэчлэлтэй холбоотой багц хуулийн төслийг байнгын хороогоор хэлэлцэж буй. Гэхдээ эдгээр хуулийн төслийг батлахдаа Эрүүгийн хууль болон Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийг мөн адил өөрчлөх шаардлагатайг МАН-ын бүлгийн дарга Н.Энхболд онцлов.

Хэрэв энэхүү суурь хоёр хуулийг өөрчлөхгүйгээр бусад хуульд гар хүрвэл одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа зарим хуультай зөрчилдөнө гэсэн дүгнэлтийг хуульчид хийжээ. Тиймээс Засгийн газар уг хоёр хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах саналаа өргөн мэдүүлэх ёстой гэж МАН-ын бүлэг үзсэн байна.

Хилийн боомтын тухай хуулийн төслийг зарчмын хувьд тус намын бүлэг дэмжиж байгаа ч хилийн боомтын удирдлагын асуудлыг ЗГХЭГ-ын дарга бус Шадар сайд хариуцах ёстой гэсэн байр суурьтай байна. УИХ-ын хаврын чуулган завсарлахаас өмнө хөрөнгө оруулалтыг зохицуулахтай холбоотой хэд хэдэн хуулийг шинэчлэх саналыг Засгийн газраас тавьжээ.

УИХ завсарлахаас өмнө хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг шийдчихвэл чуулганы завсарлагааны хугацаанд төслөө улам чамбайруулж болно.

Энэ дагуу Хөрөнгө оруулалтын тухай, Тендерийн тухай, Концессийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, 2016 оныг дуустал хийх хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн жагсаалтыг чуулган завсарлахаас өмнө УИХ-д өргөн мэдүүлэх талаар УИХ-ын даргын зөвлөл дээр ярьсан байна.

МАН-ын бүлгийн дарга Н.Энхболд “Хэдийгээр УИХ-ын даргын зөвлөлөөр энэ асуудлыг ярьсан ч өнөөг хүртэл өргөн мэдүүлээгүй байна. Ер нь гуравхан хоногийн дотор хуулийн төсөл хэлэлцэж, батална гэвэл учир дутагдалтай. Бидний хувьд хууль батлахыг дэмжиж байгаа.

Засгийн газар хэр зэрэг шуурхай ажиллахаас шалтгаална. УИХ завсарлахаас өмнө хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг шийдчихвэл чуулганы завсарлагааны хугацаанд төслөө улам чамбайруулж болно” гэв.