Хөгжлийн бодлого, төлөвлөлтийг боловсронгуй болгох төсөл боловсруулав
УИХ-ын гишүүн С.Бямбацогт
2013.06.19

Хөгжлийн бодлого, төлөвлөлтийг боловсронгуй болгох төсөл боловсруулав

Хөгжлийн бодлого төлөвлөлтийг боловсронгуй болгох тухай тогтоолын төслийг УИХ-ын гишүүн С.Бямбацогт санаачилжээ. Тэрбээр төсөлдөө санал авахаар Засгийн газарт хүргүүлсэн байна.

Үндэсний хэмжээнд болон бүс, орон нутаг, салбарын чиглэлээр удаан хугацаанд мөрдөхөөр баталсан хөтөлбөрийн баримт бичгүүд нь Засгийн газрын мөрийн хөтөлбөр, улсын төсөв, эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх Үндсэн чиглэл болон салбарын бодлоготой уялдаж байгааг тэрбээр хянахыг хүсчээ.

Шинэ Засгийн газар өмнөх баталсан бодлогоо үргэлжлүүлдэггүйгээс хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тогтвортой байдал, залгамж холбоо алдагдсан.

Мөн нийгмийн хөгжлийн хүрсэн түвшин, ажиллах хүчний болон байгалийн нөөц, гадаад, дотоод хүчин зүйлийг тооцсоны үндсэн дээр стратегийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд чиглэсэн дунд хугацааны бодлогын баримт бичиг, зорилтот хөтөлбөр, төслүүдийн жагсаалт, УИХ-ын бусад шийдвэрийн төслийг боловсруулан УИХ-ын 2013 оны намрын ээлжит чуулганы хугацаанд багтаан танилцуулах талаар тогтоолын төсөлд тусгасан аж.

Сонгууль бүрийн дараа байгуулагдсан Засгийн газар өмнө нь баталсан бодлогоо үргэлжлүүлэх учиртай. Гэвч тэгдэггүйгээс болоод хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тогтвортой байдал, залгамж холбоо алдагдсан гэж төсөл санаачлагч үзэж байна.

Хэрэв дээрх тогтоолын төслийг баталбал эдийн засгийн хөгжлийг түргэтгэх, тогтвортой хөгжлийг хангах салбар, бүс нутаг, байгалийн баялгийн болон ажиллах хүчний нөөц, орон нутгийн хөгжлийн бодлоготой уялдсан хөгжлийн нэгдсэн бодлоготой байх эрх зүйн орчинтой болох нөхцөл бүрдэх гэнэ.