УИХ-ын дарга, Ерөнхий сайд, Ерөнхийлөгч тулгын гурван чулуу шиг ажиллах болно
Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвшигч Ц.Элбэгдорж СХД-ийн иргэд сонгогчид, Хархорин захын худалдаа эрхлэгчидтэй уулзлаа.
2013.06.03

УИХ-ын дарга, Ерөнхий сайд, Ерөнхийлөгч тулгын гурван чулуу шиг ажиллах болно

Монгол Улсын Ерөнхийлөгчид АН-аас нэр дэвшигч Цахиагийн Элбэгдорж сонгуулийнхаа сурталчилгааны хүрээнд нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 1, 13, 24, 27 дугаар хорооны иргэд сонгогчид, Хархорин захын худалдаа эрхлэгчидтэй өчигдөр уулзлаа.

Уулзалтын үеэр өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд хийсэн ажлаа тайлагнан, энэ удаад дэвшүүлж буй мөрийн хөтөлбөр танилцуулж, иргэдийн саналыг сонсон, сонирхсон асуултад нь хариуллаа.

Сонгонихайрхан дүүрэгт болсон уулзалтуудад УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд Х.Тэмүүжин, УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг, нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл, Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга М.Чинболд, СХД-ийн Ардчилсан намын дарга Ө.Пүрэвбаатар нарын хүмүүс хамт оролцсон юм.

Тэрбээр уулзалтын үеэр Сонгинохайрхан дүүрэгт 1988 онд хадмынхаа хажууд амьдарч байснаа дурсаж, “Та бид хөршүүд байсан шүү. Тэр үеийн байр хоорондын зай талбайгаа авлигачдад алдаагүйд баярлаж байна. Би Ерөнхий сайд байхдаа аливаа барилга байгууламжийг барихын тулд эхлээд оршин суугчдаас нь асууж бай гэдэг шаардлага тавьж байсан. Авлигачид харин зөрчдөг байсан.

Одоо Бат-Үүл дарга ягштал мөрдөж байгаа. Хэрвээ ямар нэг асуудал байвал шүүхээр шийдүүлээрэй. Харин шударга бус, үнэнээс хол байгаа бол хууль таны талд үйлчлэхгүй шүү. Монгол орны газар бүрт, тэр дотроо Сонгинохайрхан дүүрэгт сургууль, цэцэрлэгийн хүрэлцээ хүнд байгаа.

Ялангуяа бага сургуулийг хүүхдэд нь ойртуулах, гэр цэцэрлэг ажиллуулах, цэцэрлэг олдохгүйгээс хүүхдээ хараад сууж буй ээжүүдийг ажилтай, орлоготой болгох, ахмадууд, залуучуудаа байртай амар тайван амьдрах, хөдөлмөр эрхлэх боломж олгох хэрэгтэй байна. Эдгээр асуудлыг шийдэхээр би мөрийн хөтөлбөртөө тусгасан.

Авлигатай тэмцсэний төлөө намайг хоёр удаа огцруулахад ард түмэн маань түшиж авсан.

Авлигачидтай цаашид ч тууштай тэмцэх болно. Та бүхэн телевизээр харж байгаа байх. МИАТ, Татварынхан гэх мэт том авлигачид гэхэд 40 цэцэрлэг, 12 сургууль, 8 эмнэлэг барих мөнгө иджээ. Авлигачдаас завшсан мөнгийг нь эргүүлэн авах болно. Та бүхэн бас санаж байгаа байх.

Намайг Ерөнхий сайд байхад Гаалийн Баатар тэргүүтэй авлигачдыг илрүүлэн төсөв анх удаа ашигтай гарч байсан. Тэгээд ч зогсохгүй тэтгэвэр, цалин нэмсэн. Энэ удаад би сонгуулийн кампани болгон ярьж байгаа юм биш. Би ярьсан л бол хийдэг, хийхийн төлөө тэмцдэг.

Дөрвөн жилийн өмнө би залуучуудаа шоронд явуулдаг биш сургуульд явуулдаг Ерөнхийлөгч байна гэж хэлж байсан. Оюутнууддаа би тэтгэлэг олгодог болгож чадсан. Намайг дахин сонговол би шууд ажилдаа орно. Судлах, сурч мэдэх шаардлага байхгүй. Энэ бол миний бас нэг давуу тал. Ард түмэн маань ардчилсан хувьсгалын эхнээс л надтай хамт даарч, хамт жагсаж байсан. Тиймээс би та бүхнийхээ төлөө ажиллах болно.

УИХ-ын дарга, Ерөнхий сайд, Ерөнхийлөгч тулгын гурван чулуу шиг ажиллах болно. Тэр тулган дээр чанасан цайны дээж ард түмэнд эхэлж очно. Сургууль барих мөнгийг төсөвт суулгана. Байр барих эх үүсвэр болгон Чингис бондоос 800 тэрбум төгрөгийг гаргахаар шийдэж байгаа. Залуучууд байртай болно.

Ахмадууддаа доороо сувилалтай цогцолбор барих болно. Эдгээр ажлыг нийслэлийн Засаг дарга хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Гэр цэцэрлэг ажиллуулснаар 20 гаруй мянган ээж ажлын байртай, бас 100 мянган ээж аав ажил хөдөлмөр эрхлэх боломж бүрдэнэ. Иргэдээсээ асуудаг, тэднийгээ сонсдог болж байна.

Сонгинохайрхан бол Монголын хүн амын 10 хувь нь амьдардаг хамгийн том дүүрэг. 2013 онд орон нутаг хөгжүүлэх сангаас 4.3 тэрбум төгрөг танайд хуваариласан байна. Гэтэл хүн ам багатай нэг аймагт 10 тэрбум төгрөг хуваарилсан байна билээ. Үүнтэй харьцуулбал танай дүүрэгт бага мөнгө иржээ.

Гэр цэцэрлэг ажиллуулснаар 20 гаруй мянган ээж ажлын байртай,100 мянган ээж аав ажил хөдөлмөр эрхлэх боломж бүрдэнэ.

Тиймээс би хүн амд ногдох байдлыг нь харж хуваарилдаг болгож хуульд өөрчлөлт оруулна. Тэгвэл Сонгинохайрхан дүүрэгт 50 гаруй тэрбум төгрөг ирэх ёстой. Сонгинохайрхан дүүрэгт цэцэрлэг хүрэлцэхгүйгээс 13 мянган ээж хүүхдээ хараад гэртээ сууж байна.

Авлигатай тэмцсэний төлөө намайг хоёр удаа огцруулахад ард түмэн маань түшиж авсан. Авлигачдын тоо цөөн, ард түмэн олон. Би та бүхнийхээ төлөө ажиллах болно. Иргэдийнхээ ачааг нэмгэлж явах болно” гэж ярьж байлаа.

 Уулзалтад оролцсон ахмадууд, залуучууд, өрх толгойлсон эхчүүд, оюутнууд гээд олон хүн мөрийн хөтөлбөрөөс нь асуун лавлаж, хүссэн хариултаа авч, Ерөнхийлөгчийгөө дахин дэмжихээ илэрхийлж байлаа. Сонгогч иргэд хэлснээ хэрэгжүүлдэг, авлигатай хатуу тэмцдэг, шударга ёс, ардчиллын төлөө тууштай яваа ардчилсан Ерөнхийлөгчөө дэмжихийг нийт хүмүүст хандан уриалж байсан юм.