Д.Тэрбишдагва: Н.Удвал сайдыг нэр дэвшүүлсэн нь миний хувьд алдаагүй гэж бодож байна
Монгол Улсын Шадар сайд, МАХН-ын дэд дарга Д.Тэрбишдагва
2013.05.29

Д.Тэрбишдагва: Н.Удвал сайдыг нэр дэвшүүлсэн нь миний хувьд алдаагүй гэж бодож байна

Монгол Улсын Шадар сайд, МАХН-ын дэд дарга Д.Тэрбишдагватай ярилцлаа.

-МАХН  Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Н.Удвалыг нэр дэвшүүллээ. Уг нь таныг Ерөнхийлөгчийн сонгуульд  нэр дэвших байсан гэсэн мэдээлэл гарчээ. Та энэ тал дээр байр сууриа илэрхийлэхгүй юү?

 МАХН-ын дэд даргын хувьд энэ шийдвэрийг би өөрөө гаргаж, нэрээ татсан. Улстөрч хүн улс гүрний язгуур эрх ашиг, намын эрх ашиг, дэмжигчдийнхээ эрх ашгийг  хамгийн түрүүнд бодох хэрэгтэй. Өнөөдөр МАХН-ын дарга Н.Энхбаяр шоронд байхад дэд дарга нь Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшээд явах нь боломжгүй зүйл.

  Ард түмнийхээ дуу хоолойг байнга сонсч тэдний хүсэл зорилгыг УИХ-д хүргэж чадвал сонгогч түмнийхээ талд байна гэсэн үг.

Намын дэд дарга нь нэр дэвшээд явахаар энэ намыг хэн удирдаж үлдэх вэ гэсэн асуудал гарна. Энэ агуулга, бодит нөхцөлийг намын дарга бид хоёр ярилцсан. Тиймээс намын даргын хүсэл сонирхол, шийдвэрийн дагуу  Н.Удвалыг  төрийн тэргүүний хариуцлагатай сонгуульд нэр дэвшүүллээ.

Нөхцөл байдал ийм байгаа болохоор” Би өөрийгөө мундаг байна, рейнтинг өндөр” гэж ярих нь хэтэрхий зохимжгүй асуудал юм. Угаасаа би гэдэг шийдвэр ерөөсөө байж болохгүй. Энэ бол амбицтай улстөрчийн яриа гэж ойлгож байна.

-Та нэр дэвшигчээ хэрхэн үнэлж байна вэ. Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт авчирна гэдэгт итгэж байна уу?

 Сүүлийн үед Монгол Улсын түүхэнд эмэгтэй хүн Ерөнхийлөгчид нэр дэвшиж байсан удаагүй. Манай Н.Удвалын хувьд их өөр л дөө. Олон жилийн турш хамтдаа улс төрийн тогоонд явсан хүний хувьд хэлэхэд Н.Удвал эмэгтэй хүн, эмч хүнийхээ хувьд уян зөөлөн,цагаан нөмрөгтэй мянга, мянган эмч нарыг төлөөлж байгаа болохоор хүндэтгэлтэй хандаж байна.

Нөгөө талаар эрчүүдэд байхгүй эрэмгий зоригтой, тууштай,  ухаалаг, тэвчээртэй, дайчин чанартай хүн юм. Энэ зан чанаруудыг нь бодохоор нөгөө хоёр нэр дэвшигчээсээ яах аргагүй ялгадаг.

Мөн МАХН-ыг шинэчлэн өөрчлөхөд их хувь нэмэр оруулсан гэдгийг заавал хэлэх хэрэгтэй. Монголын улс төрийн амьдралд амжилттай байж, хар буруу үйл хэргийг таслан зогсооход шударга үнэний талд зогсч яваа  эмэгтэй билээ.

Н.Удвал шударга бус зүйлийн төлөө албан тушаал, эрх мэдлээсээ татгалзаж чадах юм байна гэдгийг журмын нөхөд бид олон зүйлээс харж байв. Тиймээс  Н.Удвалыг нэр дэвшүүлсэн миний хувьд алдаагүй гэж бодож байна. Монголын эмэгтэйчүүд, бүсгүйчүүд энэ сонгуульд хариуцлагатай хандаж нэр дэвшигч Н.Удвалыг дэмжинэ гэдэгт итгэж байна.

-Нэр дэвшигчдийн сурталчилгаа эхлээд багагүй хугацаа өнгөрлөө. Гурван нэр дэвшигчийн сурталчилгаа хуулийн хүрээнд явж чадаж байна уу. Та олон сонгуульд оролцож явсан хүний хувьд юу гэж үзэж байна вэ?

Улс төрд мөнгөөр ялалт байгуулна гэж олон хүн андуурдаг байдаг юм. Жишээ нь, миний хувьд Сонгинохайрхан дүүргээс гурван удаа сонгогдсон. Манай дүүргийн хувьд амьдралын баталгаажих төвшингөөс доогуур айл,  өрх олон бий. Гэсэн ч тэд мөнгөөр худалдагдаагүйд би баярлаж явдаг юм.

МАХН-наас Ерөнхийлөгчид нэр дэвшигч Н.Удвал

МАХН-ын хувьд нэг хүндрэл бий. Бид байнга  санхүүгийн асуудалд ордог. Гэхдээ  гачигдаагүй зүйл ч олонтой. Тухайлбал, хүнлэг сайхан сэтгэл, хүн чанар, сонгогч ард иргэд, тэдэнтэйгээ байнга холбоотой байдаг гинжин хэлхээ бол бидний хувьд үнэт зүйлсийн нэг.

  Ард түмнийхээ дуу хоолойг байнга сонсч тэдний хүсэл зорилгыг УИХ-д хүргэж чадвал сонгогч түмнийхээ талд байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл, тухайн сонгогч танд итгэсэн учраас тэдний итгэлийг алдаж болохгүй гэсэн давхар хариуцлагыг үүрүүлж байна. Тиймээс энэ бүх ачааг дааж чадах нь Нацагийн Удвал гэж үзсэн.

-Ерөнхийлөгчийн сонгуульд оролцож байгаа танай намын хувьд санхүүжилт ямар байна вэ. МАХН-ын дарга Н.Энхбаяр сонгуульд зориулж  төрийн тэргүүн байхдаа хэрэглэж байсан үзгээ дуудлага худалдаанд оруулсан гэж сонссон?

Мэдээж ард иргэдийнхээ бүх хүслийг биелүүлж, хэрэгжүүлнэ гэвэл үнэнээс хол зөрнө. Хэдийгээр бид өнөөдөр нэг талаараа мөнгө санхүү хүнд, сул харагдаж байгаа ч давуу тал их байна. Монголын ард түмэн өнөөдөр байгалийн баялгаасаа хувь хишиг хүртэх эрхтэй. Ард иргэдээ ажилтай, орлоготой байлгах хүсэл сонирхол байна.

Сонгуулийн сурталчилгааны үйл явцыг ажиглаж байхад АН, МАН-ын нэр дэвшигчдийн сурталчилгаа их мөнгөөр бүтэж байгаа нь анзаарагдсан. Хаа сайгүй л том том зурагт хуудас, орой бүр телевизийн төлбөртэй нэвтрүүлэг гарч байна. Нэр дэвшигч Н.Удвалын хандивын ажиллагаа өчигдөр орой болсон.

Тэнд олон хүн цугларсан бөгөөд ихэнх нь тэтгэврийн хөгшид байв. Тэд тэтгэврийн мөнгөө хандивлаж байна. Харин Ц.Элбэгдоржийн хандивын арга хэмжээнд Монголын топ 600 аж ахуйн нэгж ирнэ гэж байна. Тэд “топ” компаниуд болохоор “ топ” хандив л өгөх байх.

МАХН-ын дарга Н.Энхбаяр төрийн тэргүүнээр ажиллаж байхдаа хэрэглэж байсан үзгээ дуудлага худалдаанд оруулахыг зөвшөөрсөн. Үүнийг нь бид өчигдөр дуудлагаар худалдаанд оруулсан бөгөөд даргын үзгийг хувиараа хөдөлмөр эрхлэгч Н.Амгалан худалдаж авсан.