Н.Удвал нэр дэвшигчийн үнэмлэхээ гардан авлаа.
2013.05.23

Сонгууль эхэллээ

Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхэллээ. АН, МАН, МАХН-аас сонгуульд нэр дэвшсэн Ц.Элбэгдорж, Б.Бат-Эрдэнэ, Н.Удвал нар өчигдөр нэр дэвшигчийнхээ үнэмлэхийг Сонгуулийн ерөнхий хорооноос гардаж авсан юм.

Нэр дэвшигчийн үнэмлэхээ гардан авснаар тэд төрийн хамгаалалтад орж байна. Нэр дэвшигчид үнэмлэх, батламжаа гардаж аваад сурталчилгаагаа эхлүүлсэн. Н.Удвал намын гишүүд, дэмжигчидтэйгээ Чингис хааны хөшөө, Д.Сухбаатарын хөшөөнд цэцэг өргөсний дараа намын дарга Н.Энхбаярыг эргэв. Харин Б.Бат-Эрдэнэ Соёлын төв өргөөнд сурталчилгааны нээлтээ хийсэн бол Ц.Элбэгдорж Дорнод аймгийг зорилоо.

Н.Удвал: Улс орондоо нүүрлэсэн таван аюулыг арилгана

Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Н.Удвал намын даргаа эргэхээр явлаа.

-Эх орныхоо тусгаар тогтнол, газар шороо, үндэсний аюулгүй байдлыг бэхжүүлэх, үндэсний эв нэгдлийг хангах, нийгэмд шударга ёсыг тогтоох даалгавартай нэрдэвшиж байна. Тиймээс миний мөрийн хөтөлбөр “Таван бодлого- таван зорилт” гэсэн нэртэй. Яагаад “Таван бодлого-таван зорилт” гэж нэрлэв гэвэл Монгол Улсад сүүлийн үед нүүрлээд байгаа таван гол аюулыг олж харсан. Энэ бол үндэсний аюулгүй байдал, үндэсний эв нэгдэл, үндэсний тусгаар тогтнол, монгол хүний аюулгүй байдал, шударга ёс аюулд орсон байна. Тиймээс Монгол Улсын Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаанд хийвэл зохих,хэрэгжүүлж шийдвэл зохих энэ асуудлуудыг тусгасан “Таван бодлого- таван зорилт” мөрийн хөтөлбөрийг дэвшүүлсэн.

Нэр дэвшигчийн үнэмлэхээ гардаж авсан энэ завшааныг ашиглан надад итгэл хүлээлгэсэн МАХН-ын дарга Намбарын Энхбаяр, МАХН-ын Бага чуулганы гишүүд, намын гишүүд дэмжигчид, Монголын нийт ард түмэндээ баярлаж талархаж байгаагаа илэрхийлье. Надад хүлээлгэсэн энэ итгэл, хариуцлагыг би нэр төртэй биелүүлж, хууль журмын дагуу шударга өрсөлдөнө. Улс төрийн хувьд ч, хүнийхээ хувьд ч аварга болсон хоёр эр хүнтэй өрсөлдөж байна. Аваргыг давж аварга болно гэдэг. Би өөрийгөө шударга өрсөлдөгч, сайн өрсөлдөгч байна гэдэгт итгэлтэй байна” гэлээ.