2013.04.22

“Эрдэнэт кашемир” ноолуурын үйлдвэр нээлтээ хийлээ

УИХ-ын гишүүн ҮХАА-н сайд Х.Баттулга ням гаригт Орхон аймаг дахь “Эрдэнэт хивс” үйлдвэрийн ажилтай танилцаж ноолуурын шинэ үйлдвэрийг нь нээж, суурь машинуудыг ажиллуулах товчлуурыг дарсан байна.

Үйлдвэрийн бүх заалаар явж, шат дамжлага бүртэй биечлэн танилцахад 6 км орчим алхдаг юм байна.

“Эрдэнэт хивс”-ийнхэн монгол ноолуурыг түүхийгээр нь экспортолдог явдлыг зогсоож, дотооддоо эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилго тавин 2008 оноос хойш өргөтгөл хийж, нэхмэлийн, ээрмэлийн, оёдлын гэсэн гурван дамжлагат томоохон үйлдвэрийг ийнхүү нээж байгаагаа салбарын сайдад танилцуулж, цаашид ч олон хүнийг ажлын байртай орлоготой болгож, өргөтгөл шинэчлэл хийхээр төлөвлөж байгаагаа тайлбарласан юм.

“Монгол Улсын Засгийн газар, Үйлдвэр хөдөө аж ахуйн яамнаас малын гаралтай түүхий эдийг боловсруулалгүй хямд үнээр экспортолдог өнөөгийн байдлыг өөрчилж, дотооддоо нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг болох зорилт тавин “Үйлдвэржилтийн шинэ эрин үе”-ийг эхлүүлж байгааг өнгөрсөн онд зарласан.

Сайд Х.Баттулга “Эрдэнэт хивс” үйлдвэрт ажиллав

Мөн улсын маань эдийн засаг ашигт малтмал, зэс, нүүрс гэх мэт байгалийн баялгаас хараат бус олон талт эдийн засагтай болж байж хөгжинө. Үүний тулд бид малын гаралтай түүхий эдээ дотооддоо боловсруулах нь нэг чухал алхам юм.” хэмээн үйлдвэрийн нээлтийн үеэр Х.Баттулга сайд онцлон дурдлаа.

“Эрдэнэт хивс” ХХК анх 1981 онд байгуулагдсан, эдүгээ манай улсын хивс үйлдвэрлэлийн 96 хувийг дангаараа үйлдвэрлэж, бүтээгдэхүүнийхээ 20 орчим хувийг 19 улсад экспортолж байна.

Дөнгөж нээлтээ хийсэн ноолуурын үйлдвэр нь хүчин чадлаараа Монгол Улсад хоёрдугаарт орох ноолууран утас, даавуу, сүлжмэл оёмол бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжтой юм байна.  Уг үйлдвэр бүрэн хүчин чадлаараа ажиллаж чадвал монгол ноолуурыг урд хөрш рүү түүхийгээр экспортолж, утас болгон буцааж авч манай жижиг дунд үйлдвэр эрхлэгчид сүлжмэл бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг өнөөгийн байдал өөрчлөгдөж, дотооддоо боловсруулсан утас хэрэглэдэг болно.

Ингэснээр энэ салбарын жижиг дунд үйлдвэр хөгжихөд ч тодорхой ахиж гарна гэж тус салбарынхан онцолж байна. “Эрдэнэт кашемир” үйлдвэрийн нээлтэд салбарын сайдаас гадна ҮХААЯ-ны Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Баярмаа, энэ чиглэлд үйл ажиллагаа явуулдаг бусад үйлдвэрийн төлөөлөгчид, ЭЗХЯ-ны төлөөлөл мөн оролцож баяр хүргэлээ.