Шадар сайд Словак, Нидерландын төлөөлөгчидтэй уулзлаа
Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн Сайд нарын долдугаар бага хурлын үеэр Ерөнхий сайд, Улсын Их Хурлын дарга болон бусад сайдууд тусгай уулзалт хийж, салбар салбарын төлөөлөгчидтэй тодорхой асуудал хэлэлцэж байгаа билээ.
Тухайлбал Монгол Улсын Шадар сайд Д.Тэрбишдагва хэд хэдэн уулзалтыг хийгээд байна.
Долдугаар бага хуралд оролцож буй Словак улсын Шадар сайд бөгөөд Гадаад харилцаа Европийн асуудал эрхэлсэн сайд Мирослав Лайчиктай Шадар сайд Д.Тэрбишдагва уулзсан юм. Уулзалтын үеэр хоёр улс нь олон жилийн уламжлалт найрсаг харилцаатай Словак улсын Ази дахь итгэлт анд, найдвартай түнш бөгөөд өөрийн гурав дахь хөршөө гэж үздэгээ Шадар сайд онцолсон.
Тэрээр монголын олон оюутан Чехословакт суралцаж төгссөн учраас эдгээр төгсөгчид нь хоёр талын хамтын ажиллагааны гүүр болоод зогсохгүй цаашид боловсролын салбарт хамтран ажиллах сонирхолтой байгаагаа уламжилсан.
Словак улсын Шадар сайд М.Лайчик уулзах боломж олгосонд Д.Тэрбишдагва сайдад талархалаа илэрхийлээд, манай хоёр улс нь ардчилал зах зээлд шилжихэд хоёулаа амаргүй замыг туулж ирсэн. Бидэнд харилцан ярилцах, туршлага солилцох маш олон асуудлууд байгаа.
Ирэх 9 дүгээр сард Монгол Улсад бизнесийн форум зохион байгуулахаар төлөвлөж байгаагаа дуулгаад Шадар сайдаас энэхүү форумыг дэмжиж ажиллахыг хүсч байлаа. Мөн тэрээр уул уурхай, зам тээвэр, сэргээгдэх эрчим хүч, хөдөө аж ахуй салбарт хамтран ажиллах боломж буйг дуулгасан юм.
Манай хоёр улс нь эртний найз нөхдийн харилцаатай учраас бие биенээ таних цаг хугацаа шаардлагагүй шууд ажилдаа орох хэрэгтэй байна. Эдийн засгийн хамтын ажиллагааны тодорхой механизм бий болгох нь хоёр талын харилцааг идэвхжүүлэн хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой.
Тиймээс хөгжлийн хамтын ажиллагааны хэлэлцээр байгуулж, үр дүнтэй хамтран ажиллах сонирхолтой байгаагаа Д.Тэрбишдагва сайд уулзалтын төгсгөлд илэрхийллээ.
Монгол Улсын Шадар сайд Д.Тэрбишдагва Нидерландын Вант улсын Гадаад хэргийн яамны тусгай үүрэг гүйцэтгэгч, Элчин сайд Боб Хенри Хиенч
Мөн Монгол Улсын Шадар сайд Д.Тэрбишдагва Нидерландын Вант улсын Гадаад хэргийн яамны тусгай үүрэг гүйцэтгэгч, Элчин сайд Боб Хенри Хиенчтэй уулзалт хийсэн юм.
Уулзалтын эхэнд Д.Тэрбишдагва сайд Нидерланд улс нь манай улсын шилжилтийн хүнд үе болоод байгалийн гамшиг тохиолдож байсан үед хүмүүнлэгийн тусламж үзүүлж, идэвхтэй хөгжлийн хамтын ажиллагааг хөгжүүлж ирснийг онцлон хэлсэн. Тус улсын тусламжтайгаар байгаль орчин, усны аж ахуй, зэрлэг тахь нутагшуулах зэрэг олон чиглэлээр төсөл хөтөлбөр хэрэгжүүлж бодит үр дүнгээ өгсөнд баярлаж явдагаа дуулгаад, гуравдагч хөршийн бодлогын хүрээнд Европийн холбоо болон түүний гишүүн орнуудтай улс төр, нийгэм эдийн засгийн салбарт идэвхтэй хамтран ажиллах эрмэлзлэлтэй байгаагаа илэрхийлсэн.
Элчин сайд Боб Хенри Хиенч хэлэхдээ “Голланд улс нь хүний эрхийг тэргүүлэх чиглэлээ болгодог. Женев дэх хүний эрхийн зөвлөлд гишүүнээр сонгогдохоор нэрээ дэвшүүлж байгааг Монгол улс дэмжиж байгаад талархаж байгаагаа илэрхийлсэн.
Хоёр улсын харилцаа хамтын ажиллагааны хүрээнд эдийн засгаа төрөлжүүлж, шинэ шинэ салбаруудад үйл ажиллагаагаа явуулахаар судалгаа хийж байгаагаа ч дуулгаж байлаа.
Өнгөрсөн онд хоёр тал дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ой болж, хоёр улсын харилцааны бэлэг тэмдэг болсон зэрлэг адуу тахийг нутагшуулах төслийн 20 жилийн ой ч мөн тохиосон аж.