Ан Сан Сү Чи: Харилцан бие биенээ хүндэтгэх зарчим бол ардчилал мөн
Мьянмарын сөрөг хүчний удирдагч, Нобелийн энх тайвны шагналт Ан Сан Сү Чи
2013.04.30

Ан Сан Сү Чи: Харилцан бие биенээ хүндэтгэх зарчим бол ардчилал мөн

Төрийн ордны их танхимд Мьянмарын сөрөг хүчний удирдагч, Нобелийн энх тайвны шагналт Ан Сан Сү Чи лекц уншлаа.

Тэрбээр лекцдээ “Монголын ардчилал та нарт одоо ч шинэ зүйл хэвээрээ байгаа байх. Социалист нийгэмтэй улс оронд хүний эрх, эрх чөлөөг дээдэлдэггүй нийгэм ямар байдаг тухай ярих шаардлагагүй болов уу. Учир нь та бүхэн тийм нийгмийг мэднэ.

Харин ардчиллын тухай бид юу бодож байгаа билээ. Маш олон тодорхойлолт хэлж болох юм. Ардчилал гэдэг бол зөрчил, зөрүүтэй асуудлыг аль болох эв зүйгээр зохицуулж, засаж залруулдаг байх ёстой.

Ардчилал хүний нэр хүндийг хамгаалахад чиглэдэг.

Харилцан бие биенээ хүндэтгэх зарчим бол ардчилал мөн. Ардчилал гэдэг зүйлийг хэлэхэд амархан боловч ойлгож хэрэгжүүлэхэд асар ээдрээтэй. Яагаад гэвэл ардчилал хүний нэр хүндийг хамгаалахад чиглэдэг.

Тиймээс бид ардчилал болон хүний эрх, эрх чөлөөний тэмцэл нь өөр хоорондоо шүтэлцээтэй зүйл гэдгийг ойлгодог. Энэ хоёрыг салгаж авч үзэх боломжгүй. Тийм учраас бид ардчиллын төлөө зөвхөн тэмцээд зогсохгүй, тэмцэл дотроо амьдрах хэрэгтэй.

Ингэж амьдрах мэдээж амаргүй. Ялангуяа шилжилтийн үед  бүр ярвигтай. Тиймээс шилжилтийн үед хэн бүхэн, улс бүхэн тэмцлийн тактикаа өөрчлөх шаардлагатай болдог.

Өөр нэг чухал асуудал бол хүлээн зөвшөөрөгдөх тухай асуудал. Хэрвээ эрүүл хандлага, бодлоготой сөрөг хүчин байх юм бол тэр улс эрүүлээр хөгжиж, дэвшихэд дөхөм болно. Учир нь зөв сөрөг хүчин ард түмний дунд нэр хүндтэй байж чаддаг.

Мьянмарын сөрөг хүчний удирдагч, Нобелийн энх тайвны шагналт Ан Сан Сү Чи лекцийн үеэр

Тэр хэрээрээ дэмжлэг авдаг. Үүнийг манай намын тэмцэл энэ олон жилд амьдрал дээр харуулсан юм. Олон зуун суудалтай парламентэд 40 гаруй хүний суудал авна гэдэг сөрөг хүчний хувьд хэдий хэр чадвар вэ. Цөөн гэж бодох хэрэггүй. Энэ олон гишүүд дунд жижиг үндэстэн болоод намуудын төлөөлөл байдаг. Тэд зөв сөрөг хүчний бодлого үйл ажиллагааг дэмжинэ” хэмээн ярилаа.

Үргэлжлүүлэн тэрбээр, “Бид улс орондоо ардчилсан институцийг тогтоож чадлаа гэж хэзээ ч сэтгэл ханаж болохгүй. Яагаад  гэвэл ардчилсан институци бол маш их хүчтэй, байнга бэхжиж байх ёстой зүйл. Манай залуус суралцаж байх ёстой.

Улс үндэстнийхээ ирээдүйн төлөө суралцаж, ардчиллаар юунд хүрч болох тухай эрмэлзлэлийг өөрөөс эрэлхийлэх ёстой” хэмээн хэлсэн нь танхимд ирсэн олон тэр дундаа залуусын хүндэтгэлийг хүлээж байв.

Ан Сан Сү Чи лекцээ дуусгасны дараа Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж лекц уншив. Тэрбээр Монголын улс төр хийгээд сонгогчийн харилцаа, улс төрийн амлалт ба ажил хэргийн тухай ярьсан юм.