2013.05.30

Таны санаачилсан далан мянга, аав ээжийн минь ачааг хөнгөлсөн шүү

Түүний багийн бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэл, УИХ-ын гишүүн Б.Наранхүү, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл, аймгийн Засаг дарга С.Сүхбаатар, аймгийн АН-ын дарга С.Од-Эрдэнэ нар явсан юм.

Уулзалтын танхимд иргэд багталцахгүй байлаа. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Дундговь аймгийн төв Мандалговь хотыг хамгийн сайн байршил гэж онцоллоо. Яг Сүхбаатарын талбай шиг байрлал гэж. Монголын эдийн засгийн том хөдөлгүүр болсон Оюу толгой, Таван толгой, Өмнөговь руу энэ аймгаар дамжиж гол урсгал явагдана. Үүнийг дундговьчууд сайн ашиглах ёстойг тэр хэлсэн.

Мөн аялал жуулчлалын том бүс нутаг болгохын төлөө Монгол улсын төрийн тэргүүний зүгээс байнга дэмжиж ирснийг ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэл энэ үеэр хэлсэн юм. Монгол улс эзэнтэй, эзэн нь юмаа мэддэг юм байна гэдгийг харуулсан хамгийн сүүлийн том жишээ бол Монголын говиос хулгайлагдсан палентлогийн үнэт олдворууд болох үлэг гүрвэл, хорин дагуултайгаа Америкаас ачигдаж ирснээс харагдаж байгааг сайд Оюунгэрэл онцолж байлаа. Ерөнхийлөгч л үүнд анхаараагүй бол тэгээд өнгөрөх байсныг өнөөдөр говьчууд мэддэг болжээ.

Дундговь аймгийн төв Мандалговь хотод

Дундговийг аялал жуулчлалын бүс болгох наад захын том хөшүүрэг нь газар нутагт нь байгаа энэ мэт түүхэн олдворууд гэдгийг хэлсэн. Ерөнхийлөгчийн зүгээс хэд хэдэн асуудлыг энэ аймагт анхаарч ажилласнаа хэлсний нэг нь Улаанбаатараас Дундговийг засмал замаар холбох ажил аж. Зам энэ жилдээ багтаж орохыг хэллээ. Тэрбээр тус аймагт тулгамдаж байгаа асуудлыг нэгд нэгэнгүй мэдэж, асуудлыг шийдэх ямар гарцууд байгааг дундговьчуудтай ярилцлаа. Цөлжилт, бэлчээрийн асуудал дээр нухацтай анхаарч нутагтаа тохирсон ургамал сортыг нутагшуулах ажлаа улам эрчимжүүлэхийг зөвлөлөө.

Мөн тус аймгийн Говь-Угтаал суманд байгаа төмрийн хүдрийн уурхай ашиглалтад орж байгаатай холбоотойгоор хүдрээ зөөх дээрээ замын асуудал, байгаль орчинд сөргөөр нөлөөлж болох асуудлыг онцгой анхаарч ажиллахыг хэлж, өөрийн зүгээс харж, хянах болохоо мэдэгдсэн юм.

Говийн усны асуудлыг том түвшиндээ ярьж шийдэх ёстойг тэр бас ярилаа. Тухайлбал ийм асуудалтай улс орны удирдлагууд, тухайлбал Ерөнхийлөгч өөрөө НҮБ-ийн Ерөнхий нарийн бичгийн даргатай усны байгууллага НҮБ-ын дэргэд байгуулах саналтай байгаагаа ярилцах ажээ. Ингэж том хэмжээнд энэ асуудлыг ярьж шийдэхгүй бол хүнд болсон аж. Тус аймгийн газар нутгийн 36 хувь лицензээр олгогдсон байсныг Ерөнхийлөгчийн 2010 оны дөрөв дүгээрын 20-ны 17.00 цагт гаргасан ашигт малтмалын лиценз дахин олгохгүй байх шийдвэрийн хүчээр одоо энэ аймагт 14 хувь болтлоо буурчээ.

Мөн Ерөнхийлөгч Дундговьд нэгэн гоё ажил жил бүр өрнөдгийг хэлсэн нь бүх сумд нь оролцдог “Дундговийн түншлэл” арга хэмжээ гэнэ. Тэрбээр энэ арга хэмжээнд урьд нь хоёр удаа оролцсоноо ярьж энэ ажлаа улам өргөжүүлж, үр дүнг нь тооцож бай гэв. Дундговьчуудыг байгалийн гүнд байгаа баялагаа газар дээр ямар баялаг болгохоо сайтар тооц, орон сууцжуулах, орчин үеийн эмнэлэгтэй болох, сургууль цэцэрлэгийн асуудал, ахмадуудын асуудалд анхаарч ажиллахыг хэллээ.

Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Ц.Элбэгдорж Дундговь аймагт

Эдгээр асуудлыг мөрийн хөтөлбөртөө хэрхэн тусгаснаа ч ярьсан. Түүний өмнөх амлалтуудынхаа биелэлтийг товчхон хэлсэн нь дундговьчуудын сэтгэлд нийцэв. Ц.Элбэгдорж дөрвөн жилийн өмнө Дундговьчуудтай уулзахдаа “Авлигачдын нурууг бөхийлгөж ард түмнийхээ нурууг тэнийлгэнэ” гэж хэлжээ. Өнөөдөр түүний санаачилсан “Шууд ардчилал”-ын хүчээр орон нутгийн иргэд өөрсдөө мэдэж орон нутгийн хөгжлийн санд ирж байгаа хөрөнгийг зарж үрэх эрх мэдэлтэй болж байгаа аж. Жишээ нь тус аймагт энэ жил 9 тэрбум гаруй төгрөг ирэх аж. Үүнийг яаж зарцуулахыг дарга нар биш дундговьчууд мэднэ гэдгийг хэллээ. Шүүхийн шинэчлэлийн хүрээнд эвлэрүүлэн зуучлах хуулийг батлуулжээ.

Ингэснээр заргалдсан хоёр талын нэг нь шорон руу, нөгөө нь сэтгэцийн эмнэлэг рүү явдаг, эсвэл бүр хоёулаа шоронд явдгыг больж эвлэрээд гэр гэр рүүгээ буцах боломж хуулиар олгогджээ. Мөн Шүүгч нөлөөллийн мэдүүлэг бичих болсон нь Шүүгчид хэн нэгэн том дарга нөлөөлдөг асуудалд цэг тавьжээ. Авлигачдын нурууг ингэж бөхийлгөж эхэлснээ тэр хэлсэн нь иргэдийн сэтгэлд нийцэж байлаа. Үүнээс өөр олон ажил хийгдсэнийг энэхүү уулзалтын богино хугацаанд багтаах боломжгүйг иргэд ойлгосон.

“Дэлхийн топ 100 сургуульд элсэн суралцах монгол залуусын зардлыг улсаас даана”

Бас нэг амлалтаа сануулсан нь “Би залуусаа шоронд явуулдаг биш сургуульд явуулдаг Ерөнхийлөгч байна” гэсэн амлалт байлаа. Энэ амлалтынхаа хүрээнд цалинтай оюутныг бий болгож, хариуцлагжуулж байгаагийн үр шимийн талаар сая Боловсролын их сургууль төгсөөд сумандаа багшилж байгаа Ц.Нарантуяа гэж охин ярьсан юм. “Таны санаачлан, хэрэгжүүлсэн оюутан бүрт олгодог 70 мянган төгрөг миний сурч боловсроход үнэхээр хэрэг болсон.

Миний аав ээжийн ачаанаас их хөнгөлсөн, таны энэхүү сайн үйлсэд над шиг монголын мянга мянган оюутан залуус талархаж явдаг шүү” гэсэн юм. Монголын оюутнуудыг цалинтай болгохын өлөө Ерөнхийлөгчийн цалингын нэмэгдлээсээ татгалзаж, эрчимтэй ажилласны хүчинд Засгийн газраар ийм шийдвэрийг гаргуулж чаджээ. Хэдхэн хоногийн өмнө тэрбээр нэгэн зарлигт гарын үсэг зурсан нь “Дэлхийн топ 100 сургуульд элсэн суралцах монгол залуусын зардлыг улсаас даана” гэсэн зарлиг байлаа. Амлалт нь ийнхүү ажил болсоор байгааг дундговьчууд талархан дэмжиж байв.