З.Баянсэлэнгэ: Өршөөлийн хуулийг батлуулахаар бүх намын төлөөлөл гарыг үсэг зурсан
УИХ-ын гишүүн, НББСШУ-ны байнгын хорооны дарга З.Баянсэлэнгэ
2013.05.24

З.Баянсэлэнгэ: Өршөөлийн хуулийг батлуулахаар бүх намын төлөөлөл гарыг үсэг зурсан

УИХ-ын хэсэг гишүүн Өршөөлийн тухай хуулийн төслийг өргөн барих гэж байна. Харин энэ хуулийг Монгол Улсын гуравдахь Ерөнхийлөгч Н.Энхбаярт зориулсан гэх мэдээлэл олон нийтийн дунд тархаад байгаа.

Тиймээс бид УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга З.Баянсэлэнгэтэй шинээр өргөн барьж байгаа Өршөөлийн тухай хуулийн талаар ярилцлаа.

-Өршөөлийн тухай хуулийг өргөн барихаар УИХ-ын гишүүдийн гарын үсгийг цуглуулж байгаа юм байна. Та уг хуулийн төслийг боловсруулах ажлын хэсэгт байгаа юу?

-Ажлын хэсэгт байхгүй. Харин би уг хуулийг дэмжиж гарын үсэг зурсан. Энэ хуулийг гарах ёстой гэж бодож байна. Яагаад гэвэл манайх хоёр сая 700 мянган хүн амтай хэрнээ  8000 шахам хоригдолтой шоронжсон улс болчихсон.

Цаашдаа энэ шоронжсон тогтолцоог халах хэрэгтэй. Хүүхэд, эмэгтэйчүүдийг хорьдог энэ байдал нь Монгол Улсын тусгаар тогтнол, гэр бүлийн тогтвортой байдалд нөлөөлөх аюултай үзэгдэл. Өнөөдөр манай эмэгтэйчүүдийн ихэнх нь амьдралын хамаг л хүнд хүчрийг үүрч яваа.

Манайх ч гэсэн ийм хууль эрх зүйн орчинг нь бүрдүүлэх шаардлагатай. Өнөөдөр 8000 хоригдлын 500 нь эмэгтэйчүүд байдаг гэсэн тоо бий.

Ингэж амьдралд нухлагдаж яваад хазгай гишгэнгүүт нь үр хүүхэд, хань ижлээс нь салгаад хорьчихоор түүний үр хүүхдүүд ямар хүмүүжилтэй болох вэ. Магадгүй тэр хүүхдүүд ирээдүйн гэмт хэрэгтнүүд болохгүй гэх баталгаа байхгүй.

Өнөөдөр заавал хорих шаардлага байгаа юм уу. Олон улсын практикаас харахад гэмт хэрэгт холбогдсон эмэгтэйчүүдийн тодорхой эрхүүдийг нь хязгаарлаж, гэрийн хорионд байлгах гэх мэт үр хүүхэд, хань ижилдээ цаг зарцуулах боломжийг нь нээж өгдөг. Манайх ч гэсэн ийм хууль эрх зүйн орчинг нь бүрдүүлэх шаардлагатай. Өнөөдөр 8000 хоригдлын 500 нь эмэгтэйчүүд байдаг гэсэн тоо бий.

Ял эдэлж байгаа эмэгтэйчүүдийн бараг 70-80 хувь гэр бүлийн хүчирхийллээс болоод хүний амь насыг санаатайгаар бүрэлгэсэн  байдаг юм билээ. Гэр бүлийн хүчирхийлэл үнэхээр ноцтой түвшинд хүрсэн. Энэ төрлийн хэргийг ахуйн хэрэг гээд хаяад орхиж байсан бол одоо үндсэний хэмжээнд ярих зүйлийн нэг болсон. Тийм учраас  энэ хуулийн төслийг дэмжиж байгаа.

-Өршөөлийн хуульд хамрагдах боломжгүй хүмүүс байгаа юу?

-Авлигын хэргээр хоригдсон хүмүүст өршөөл байхгүй. Мөн хохирлоо бүрэн төлж, барагдуулаагүй тохиолдолд өршөөлд хамрагдахгүй гэх мэт зүйлүүд оруулсан. Энэ нь нэг талдаа хохирлоо бүрэн төлсөн тохиолдолд төрөөс уучлал үзүүлэх зүйлийг оруулж өгсөн юм байна.

Мөн авлигын хэрэгтэн өршөөлд хамрагдахгүй гэдэг нь цаашид энэ төрлийн гэмт хэрэг хийсэн хүмүүс өршөөлгүй юм байна гэдгийг харуулах хуулийн төсөл болсон байна билээ.

-Зарим хүн шинээр өргөн барьж байгаа Өршөөлийн хуулийг МАХН-ын дарга Н.Энхбаярыг суллуулах гэж санаачилсан хэмээн хардаж байгаа?

-Энэ хуулийг ганцхан МАХН-ын гишүүд өргөн бариагүй шүү дээ. Гарын үсэг зурсан, дэмжиж байгаа гишүүдийг харахад бүх л намын төлөөллийн гишүүн орсон байна билээ. Улстөрчдийн яриад байдаг “Ц.Нямдоржийн хар хууль”-аас болж олон аавын хүүхдүүд ял авсан.

Тэгвэл үүнийг өөрчлөх боломж гарч ирж байгаа юм. Дээр хэлсэнчлэн авлигын хэрэгт холбогдсон мөн хохирлоо барагдуулаагүй этгээдэд энэ хууль үйлчлэхгүй.

-Энэ хуульд “Анх удаа гэмт хэрэг хийсэн...” гэх мэт хэд хэдэн заалт орсон нь Н.Энхбаярыг суллах боломжтой болохыг харуулж байна гэж байгаа шүү дээ?

-Н.Энхбаяр гэдэг хүн чинь Монгол Улсын иргэн. Хүн бүр хууль шүүхийн өмнө тэгш эрхтэй байх ёстой. Н.Энхбаяр дарга энэ хуульд хамрагдаж байвал сайн л байна. Н.Энхбаяр гэдэг хүн өнөөдөр авлигын хэрэгт орооцолдоогүй. Тэр хүнийг нэр нөлөөгөө ашигласан гэдэг зүйлээр ялласан.

Өршөөлийн хууль

Гэсэн ч энэ нь учир дутагдалтай л байна. Хаа хамаагүй хүний хийсэн, холбогдсон хэрэгт тухайн үед өндөр албан тушаал хашиж байсан гэдгээр нь харж ялласан. Ингэж болохгүй. Зарим улстөрч “Миний насанд хүрсэн хамаатны хүүхэд хэнтэй зугаалж, ямар юм хийх нь надад хамаагүй” гэж ярьж байсныг монголчууд бүгд сонссон. 

-Өршөөлийн хуульд хамрагдаад гарч байгаа  хүмүүс эргээд гэмт хэрэгт холбогдох тохиолдол гардаг. Тэгэхээр хуульд хамрагдаад гарч ирж байгаа хүмүүсийг нийгэмшүүлэх тал дээр анхаарах хэрэгтэй хэмээдэг. Таны хувьд энэ талаар ямар ажлууд хийх хэрэгтэй гэж  үзэж байна вэ?

-Эрх зүйн үр дагаврыг тооцоолж хуулийн төслийг боловсруулсан байх. Өнөөдөр өршөөлөөр гарсан хүн бүр хэрэг хийнэ гэж харах юм бол хүмүүнлэг, ардчилсан, иргэний нийгэм гэх зарчмаа алдаж шоронжсон нийгэм рүү л явна гэсэн үг. “Чи буруутай юу.

Тэгвэл ялаа эдэл” гээд л шоронд оруулаад байх юм бол өнөөдөр Монгол Улсад дээрээсээ доошоо хүртэл бараг бүгд шоронд орчихно. Тэгэхээр өнөөдөр ЕБС-уудад хууль сурталчлах талын зүйлүүдийг хийж өгөхгүй бол нийгмийн ээдрээтэй энэ үед хүүхэд хохирох явдал их гарч байна. Бид өнөөдөр хүнийг шоронд хорьснооосоо тэр хүнд ухамсар суулгаад байгаа юм биш.

Харин ч мэргэшсэн гэмт хэрэгтэнг бэлтгэх зам руу оруулж байгаа юм. Хорих байгууллагаар явж байхад анзаарагдаж байсан зүйл нь ял эдэлж байгаа хүүхдүүд хэлэхдээ “Бидэнд хууль тайлбарлаж өгдөггүй. Тэгсэн мөртлөө алдангуут ял оноож байгаа нь хатуу байна.

Эрх чөлөөтэй байгаа хүүхдүүдэд хуулийг тайлбарлаж ойлгуулж өгөөч” гэж байсан л даа. Үнэхээр хүүхдүүдэд чи энэ хуулийн, энэ заалтыг зөрчвөл ийм хариуцлага хүлээнэ гэдгийг ойлгуулж байх хэрэгтэй юм болов уу гэж боддог.

-Н.Энхбаяр даргын биеийн байдал муудсаар байгаа талаар эх сурвалж мэдээллэсэн. Та хамгийн сүүлд намын даргатайгаа хэзээ уулзсан бэ?

-Бага чуулганаас өмнө уулзсан. Удаа дараагийн эмч нарын дүгнэлтүүд гарсан шүү дээ. Хамгийн гол нь манай улсад эмчлэх боломжгүй. Манайд эдгэрсэн, өөрчлөгдсөн практик туршлага байхгүй. Шалтгаан нөхцлийг нь судлаагүй байж шинж тэмдгийн эмчилгээ хийгээд байх юм бол эдгэрэхгүй. Нарийн оношлогоо хийх хэрэгтэй байгаа учраас анхаарах хэрэгтэй байх.