С.Бямбацогт: Асуудалд нухацтай хандмаар байна
УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2014 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ.
УИХ-ын гишүүн С.Бямбацогт: Бид ирэх жилийнхээ төлөвлөгөөг ярьж байгаа. Төлөвлөгөгөөг хэр бодитой үнэн зөв төлөвлөж чадна тэр хэмжээгээр хэрэгжилт үр дүн гарна. Ийм байдлаар өчигдөр дөнгөж хэлэлцэх эсэхийг нь шийдчихээд байнгын хороо хуралдаад өнөөдөр хэлэлцээд батлах гэж байгаа нь харамсалтай байна.
Бидний бодлого уялдахгүй, урт, дунд, богино хугацаандаа нийцэхгүй байна. Монгол Улс хөгжихгүй байна удаан байна гэж яриад байгаа. УИХ өөрсдөө асуудлаа ийм байдлаар шийдээд байхаар цаашаа яаж явах юм бэ гэдэг асуудлыг УИХ-ын даргад тавимаар байна гэлээ.
Мөн 2014 оны төлөвлөгөө, төсвийн хүрээний мэдэгдлийг ярьж байна. Ядаж дунд, богино хугацааны бичигт баримт хоорондоо уялдмаар байна. Урт хугацааны бодлогын бичиг баримтаа эргэж хармаар байна. Ирэх он Монгол Улс улстөржихгүй, улсаа хөгжүүлэхэд анхаарах хариуцлагатай он гэж бодож байгаа.
2016 он хүртэл хэрэгжих Засгийн газрын мөрийн хөтөлбөр байгаа. Үүний хэдэн хувь нь ямар ямар зорилтууд нь яаж биелэх вэ. 2021 он хүртэл хэрэгжих урт хугацааны Мянганы хөгжилд суурилсан үндэсний хөгжлийн цогц бодлого гэж бий. Үүнээс яг ямар ямар зорилтуулд нь яаж биелэх вэ. Төсвийн хүрээний мэдэгдэлтэйгээ хэрхэн уялдаж байгаа вэ? гэсэн асуулт тавилаа.
Ирэх он бол Монгол Улс улстөржихгүй, улсаа хөгжүүлэхэд анхаарах хариуцлагатай он.
Түүнчлэн өнгөрсөн дөрвөн жилийн хамтарсан Засгийн газрын үйл ажиллагааны зорилтууд биелээгүй. Асуудлаа нухацтай хэлэлцэж, болохгүй байгаа зүйлээ засаж залруулъя. Болохгүй зүйлүүд олон байгаа.
Үндсэн хуулинд өөрчлөлт оруулдаг, улстөрждөг, талцдаг, ард иргэдээ хооронд нь маргалдуулж, мэтгэлцүүлдгээ болимоор байна. ЗГ-ыг бодлого уялдаатай залгамж чанартай, аль ч Засгийн газар, аль ч нам ялсан төрийн бодлого уялдаатай явдаг.
Урт хугацааны хөгжлийн бодлоготой, төлөвлөлттэй, төсөвлөлттэй болмоор байна. Монгол улсыг урт хугацаанд хөгжүүлэх эдийн засгийн хөгжлийн загвартай болох хэрэгтэй байгаа. Ийм зүйлүүдээ үндсэн чиглэл дотроо суулгаж өгье гэлээ.