Ажилтан ур чадвараа нэмэгдүүлж байх хэрэгтэй
Хөдөлмөрийн судалгааны институтын захирал М.Чимэддорж
2013.04.26

Ажилтан ур чадвараа нэмэгдүүлж байх хэрэгтэй

Хөдөлмөрийн салбарын бодлогын шинэчлэл сэдвээр Хөдөлмөрийн судалгааны институтын захирал М.Чимэддоржтай ярилцлаа.

-“Хөдөлмөрийн салбарын бодлого- Хамтын ажиллагаа” сэдэвт хүний нөөцийн удирдах ажилтны зөвлөгөөнийг хийж байгаа гол зорилго нь юу байна бэ? гэдэг асуултаар эхлэе.

Ямар ч бодлого боловсруулахын тулд иргэдийн, тухайн салбарын оролцоо хэрэгтэй байдаг. Мөн бодлогын үр нөлөө, бодлого боловсруулахад оролцох оролцооны түвшингөөр тодорхойлогддог. Тиймээс энэ удаагын зөвлөгөөнийг хөдөлмөрийн салбарт баримталж байгаа бодлогыг  танилцуулах, шүүмжлэлтэй талыг зөв олж тодорхойлоход гол зорилго оршиж байгаа.

Хөдөлмөр эрхэлж байгаа иргэдийн мэргэжил ур чадвар хэсэг хугацааны дараа өссөн байх зайлшгүй шаардлагтай.

Хөдөлмөрийн салбарт баримталж байгаа бодлогыг цаг хугацааны гурван шатлалд авч үздэг. Богино хугацаанд, дунд хугацааны буюу 2016 он хүртэл, урт хугацааны бодлого гэж. Ажилгүйдэлийг бууруулах, иргэдийн орлогыг нэмэгдүүлэх бол нэн тэргүүний зорилт. Харин дунд хугацааны бодлогын гол чиглэл нь Хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд нийцүүлэн ажиллах хүчийг хөгжүүлэх, бүтээмжийг дээшлүүлэх зорилготой 150 мянган ажлын байрыг бий болгоход чиглэж байгаа.

Урт хугацааны буюу 2020 он хүртэл бодлогын чиглэл нь ажиллагсдын ур чадвар, мэргэжлийг дээшлүүлэх замаар эдийн засгийн өсөлт, өрсөлдөх чадварыг дэмжихэд оршиж байгаа.

Өнөөдрийн хувьд хөдөлмөр эрхэлж байгаа иргэдийн мэргэжил ур чадвар хэсэг хугацааны дараа өссөн байх зайлшгүй шаардлагтай.  Үүнийг зах зээл, өрсөлдөөн шаардаж байдаг. Тиймээс мэргэжлийн боловсролын тогтолцоог насан туршийн тогтолцоо гэдэг ойлголт руу бусад улс орнууд чиглэж яваа.

Манай улс ч мөн зарчимыг баримталж ажиллана. тэгэхээр ажилтай юм чинь гээд суух биш өөрийгөө улам бүр чадавхижуулж, ур чадвараа нэмэгдүүлж байх шаардлагатай байна. Мэргэжлийн боловсролын тогтолцоог энэ чиглэлд чиглүүлж ажиллана.

Сүүлийн гурван сарын хугацаанд ажил идэвхитэй хайж байгаа хөдөлмөр зуучлалын төвд бүртгүүлсэн 30 гаруй мянган иргэн бий. Үүнээс бүгд ажлын байранд зуучлагдаж чадаагүй. Учир нь нээлттэй зарлагдаж байгаа ажлын байранд тавигдах ур чадварын шаардлагад ажил хайгчид маань тэнцэхгүй, гологдож байна.

Хөдөлмөрийн зах зээл дээрх мэргэжил ур чадварын зөрүүг арилгах зорилгоор богино хугацааны түргэвчилсэн сургалтуудыг ажил олгогчдын оролцоотойгоор зохион байгуулан, ажилд зуучлах ажлыг эрчимтэй өрнүүлж байна.

“Хөдөлмөрийн салбарын бодлого- Хамтын ажиллагаа” сэдэвт форум

2013 оны эхний хагас жилд багтаан нийт 4700 иргэнд мэргэжил эзэмшүүлэн ажилд зуучлах хөтөлбөр хэрэгцүүлсэн.

Сургасан иргэдээ ажлын байраар хангах тэр болмжийг бий болгохыг бид эрмэлзэж байна.

- Хөдөлмөр эрхэлж байгаа иргэдийн идэвхи хэр байгаа бол?

Өмнөх 10 жилтэй харьцуулах юм бол ажил хийх идэвхи буурч байгаа дүр зураг харагдаж байна. Үүний шалтгаан нь халамжийн бодлогийн нөлөө, нөгөө талаас капиталын орлого нэмэгдэж,  хөдөлмөрийн орлогоос гадна өөр орлого олдог болсонтой холбоотой. Тэгэхлээр хүмүүсийн ажил хийх сонирхолыг өдөөх бодлого нь яамны суурь бодлогын нэг. Капиталын орлоготой байсан ч гэсэн нийгмийн талаасаа хамт олонтой байх үүднээс хөдөлмөр эрхлэх нь чухал ач холбогдолтой. Мөн ажил хийх сонирхолгүй, орлого багатай хүмүүсийг халамжийн сэтгэлгээнээс салгах гол бодлого барьж ажилдаг.

2012 оны судалгаагаар хөдөлмөр эрхэлж байгаа 1.7 сая хөдөлмөрийн насны хүн ам бий. Үүнээс 1.1 мянган нь эдийн засгийн идэвхитэй хүн ам байгаа юм.

Ажилд амжилттай зуучлагдаж чадахгүй байгаа шалтгаан нь ажил олгогчдын зүгээс тавьж байгаа шаардлага, ажил хайж байгаа хүмүүсийн ур чадварын хооронд их зөрүү байгаатай холбоотой. Тиймээс хөдөлмөрийн зах зээл дээрх эрэлттэй богино хугацаанд нийцүүлсэн боловсон хүчин бэлтгэх бэ гэдэгт гол анхаарлаа хандуулах хэрэгтэй.

Одоогоор ажил олгогчидтай хамтран, тэдэнд шаардлагтай, ур чадвартай боловсон хүчин бэлтгэн зуучилах ажлыг нилээд хийсэн. Үүний нэг жишээ нь 7000 хүнийг сургаж ажлын байранд зуучилсан явдал. Хөдөлмөр зуучлалын төвүүдэд хандаж байгаа ажилчдын 60 гаруй хувь нь ажлын байранд зуучлагдаад байна.