Хуралдаанд оролцсон 61 гишүүний 49 нь буюу 80.3 хувь дэмжсэнээр тогтоолын төслийг хэлэлцэхээр боллоо
2013.05.02

Хууль тогтоомжийг боловсронгуй болгох үндсэн чиглэлийг хэлэлцэхээр болов

Чуулганы үдээс хойшхи нэгдсэн хуралдаанаар “Монгол Улсын хууль тогтоомжийг 2016 он хүртэл боловсронгуй болгох Үндсэн чиглэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж, хууль санаачлагч УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд Х.Тэмүүжингийн илтгэл, энэ асуудлын талаар гаргасан Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг сонслоо.

Төсөл санаачлагчийн илтгэл, байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт асуусан гишүүн С.Бямбацогт Үндсэн хуульд өөрчлөлт оруулах тухай асуудлыг үндсэн чиглэлд тусгах боломж бий эсэхийг тодрууллаа.

Мөн гишүүн Л.Энх-Амгалан хөгжлийн сангийн хуулийг баялгийн сангийн хууль болгож өөрчлөх, хөрөнгө оруулалтын хууль гаргах чиглэлээр хэрхэн ажиллаж буйг тодруулахад Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр баялгийн сангийн хуулийн төсөл боловсруулах ажил хийгдэж байгаа, үүнийг хэлэлцүүлгийн явцад нэмж оруулах боломжтой.

Хөрөнгө оруулалтын асуудлыг гадаад дотоод гэж ялгахгүйгээр адил тэгш таатай нөхцөлөөр хангагдах чиглэлээр хөрөнгө оруулалтын хууль гаргахаар төлөвлөж байгаа. Татварын бодлогын хувьд манайх тогтвортой тогтолцоотой улс. Цаашдаа ч татварыг нэмэгдүүлэх бодлого байхгүй гэдгээ хэллээ.

   Ингээд тогтоолын төслийг хэлэлцэх эсэх талаар санал хураалгахад хуралдаанд оролцсон 61 гишүүний 49 нь буюу 80.3 хувь дэмжсэнээр тогтоолын төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ.